Есөн есөд сурагчдыг амраая

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын энэ хичээлийн жилийн нэгдүгээр ээлжийн амралт ирэх сарын эхний долоо хоногт эхлэх гэж байна. Манай боловсролын тогтолцоонд нэг содон зүйл бий. Энэ нь сургуулийн бага, дунд, ахлах ангиудыг өөр өөр хугацаагаар амраадаг явдал. Магадгүй энэ нь насны онцлогт нь тохируулсан тохиромжтой арга гэж сонгосон байж болох юм. Тухайлбал, гурваас дээш бага ангийнхан том ангийн ах, эгч нартайгаа адил 7 хоног амарна гэж байгаа.
Тэгвэл бусад улс оронд насны ангилалгүйгээр бүгд адил хугацаатай амардаг ажээ. Жишээ нь, урд хөршид өвлийн ид хүйтний саруудад сурагчдыг төдийгүй оюутнуудаа бүгдийг нь амраадаг байна. Өөрөөр хэлбэл, 12 дугаар сарын 20-ноос 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл бага, дунд, ахлах сургууль, коллеж, их, дээд сургуулиуд нь бүгд амардаг юм. Харин 07 дугаар сарын 01-нд зуны амралт эхэлдэг. Гэтэл хятадын өвлийн улирал манай орныхтой харьцуулбал тийм ч хүйтэн биш.
Харин манай хүүхдүүд идэр есөн есөд хүртэл хацар, гар нь минчийж улайтлаа хайрагдчихсан гүйж явдаг шүү дээ. Дээр нь манай тэсгим хүйтэн жавартай өвөл зам харгуй нь мөсөн гулгуурын талбай шиг болдог. Явган явахад ямар хэцүү байдгийг захын хүн хэлнэ. Ийм байхад хүүхдүүд болон тэднийг сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгч байгаа хэн ч осолд өртөхгүй гэх баталгаа байхгүй. Эцсийн дүнд нь гэмтэл, бэртлийн тоо энэ өвөл төчнөөн хувиар өссөн гэсэн үзүүлэлт гарсныг хэвлэл мэдээллээр зарлан тунхагладаг.
Үүнтэй холбоотойгоор “ид есийн хүйтэнд тодорхой хугацаагаар карентины арга хэмжээ авдаг шүү дээ” гэж өөрсдийгөө өмөөрөх хүн гарах биз. Энэ талаар багагүй яригдаж байсныг ч нэгэн багш хүн хэлж байсан. Мөн хүүхдүүд зуны улиралд нозоороод хичээл хийхгүй шүү дээ гэсэн тайлбарыг хэлэх хүн ч бас байлаа. Тэгвэл “хүн бээрч үхэхээс, бээж үхдэггүй” гэдэг үг энд яг цав тохирно гэж бодлоо. Нэгэнт боловсролын байгууллагатай холбоотой шүүмжийг эхлүүлснийх бас нэг зүйлийг дурдалгүй өнгөрч болохгүй нь.
Сүүлийн үед сурагчдын ном, хувцас гээд сургуульд сурахад маш их зардал гарах болсон. Соц нийгмийн үед шахааны юмгүй амар байж. Дүрэмт хувцсыг жил бүр өөрчилж, шинэчилдэггүй болохоор үе дамжуулан өмсөж эдлээд болдог л байлаа. Элэгдтэлээ олон жилийн нүүр үзнэ дээ. Үзэмж, чанарын хувьд ч одоогийнхтой харьцуулалтгүй. Гэтэл яагаад тэр сайхан хувцсыг халж хаясан нь сонирхолтой, бас харамсалтай. Хуучны юм ул болох нь үнэн ч, өнөөгийн нийгэм, ард түмнийхээ амьжиргаанд нийцсэн дорвитой, бодитой шинэчлэлт хийж хараахан чадахгүй байгаа нь ч бас үнэн.
Дээр нь сурах бичиг гэж маш том асуудал бий. Бага ангийн хүүхдүүдийн сургуульд элсэн орох нас нь багасахтай зэрэгцээд ном нь томроод, ажилчин шоргоолж шиг том цүнхээ арай ядан даахжижигхэн улсыг харахад хэчнээн өрөвдөлтэй билээ.
Бас болоогүй, шаардлагатай сурах бичиг дээр нь шахааны номуудаа нэмээд үүрнэ гэхээр тэд хэчнээн хэрийн жин тээж явна вэ. Гадаадын зарим орны жишгийгавч үзвэл цүнхний жин биеийнх нь жингийн 10 хувиас хэтрэхгүй байх ёстой. Тэгвэлмонгол хүүхдийн цүнхний жин 2 кг-аас доош байх ёстой гэсэн үг. Үүний дагуу манай хуулинд сурагчдын цүнхний жин 2-5 кг байна гэж заажээ. Харин бодит амьдрал дээр хүүхдүүд үүнээс дор хаяж хоёр дахин хүнд ачаа үүрч яваа. Энэ нь тэдний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлэх нь тодорхой.
Тэгвэл энд бас л ойроос буюу урд хөршөөс жишээ татъя. Тэд хичээлд орохдоо ямар ном авсан түүнийгээ л тухайн жилдээ үзэж дуусгадаг байна. Энэ нь аль ч шатны боловсролын түвшинд хүчин төгөлдөр үйлдчилдэг аж. Манайхан шиг тэр багш энэ хичээлийн тийм ном гаргасан учраас эндээс үзнэ, заавал аваарай гэсэн ойлголт үгүй.
Энэ бүгдээс харахаар боловсролын бүх төрөл шахааны бизнесийн том зах зээл болсон нь тодоос тод харагдаж байна.
Эдгээр асуудлыг хэлж, ярих хүн олон ч эрх мэдэл хүрэхгүйдээ хий бухимдахаас хэтрэхгүй байгаа нь үнэн. Магад ард түмнээсээ тэнэг нь толгой дээр гараагүй гэдэгт итгэж байна. Бид аливаа улс, үндэстнээс сайныг нь авч, саарыг нь зайлуулах ухамсартай ард түмэн.

Нэн түрүүнд Монголынхоо ирээдүйн төлөө есөн есөд сурагчдаа амраадаг болбол ямар вэ гэсэн ээж, аавуудынхаа санаа, бодлыг энэ индэрээс уламжлав. Угтаа өдрийн богинод, утаан дундуур, халтиргаатай замаар, бээрэн бүдчих үрсээ яг л энэ үеэр нь амраадаг болчихвол буруудахгүйсанагдана. Авах, гээхийн ухаанаар оюун билэгтээ тунгаана буй за.
Я.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ