Гэрэлний дор унтдаг Тэмүүжин

Улаанбаатар хотын хүн их холхидог аль нэг гудамжинд өөрийн бэрхшээлээ бусдад үүрүүлсэн иргэдтэй та нэг биш удаа таарч байсан биз дээ. Ямар хүмүүсийг хэлээд байна вэ гэхээр “Эгчээ задгай мөнгө хайрлаач”, “Эмээдээ нэг аяга цайны мөнгө өгөөч”, “Алсад суугаа ээжий минь” гэж дуулан урдаа цаасан хайрцаг байрлуулан бусдын төлөө амьдарч байгаа мэт бусдаас гуйлга гуйн амьдарч байгаа хүмүүс.
Үнэхээр өнөөдрийн нийгэмд гудамжинд сэтгэл хангалуун, нүүр дүүрэн инээмсэглэх хүн тун ховор. Хүн бүрт өөрийн гэсэн бэрхшээл, зовлон байдаг. Гэтэл тийм үед ингэж гудамжинд суух хүмүүсийг хараад заримдаа өрөвдөх шиг, заримдаа нервтэх шиг болдог.
Заримдаа тэднийг харахаар сэтгэл, хичээл зүтгэл, сэтгэлийн хат гэдэг юм дутаад байна уу гэлтэй.40 дөнгөж гараад байгаа болов уу гэмээр хүн автобусны буудал дээр нэвширтлээ архи үнэртүүлчихсэн кардон цаасаар хөгжим хийгээд орилно. Эцэггүй үрээ тэврээд хар хүйтнээр дэлгүүрийн үүдэнд мөнгө нэхэх ээж, архичин ах, ааш муутай эгчийнхээсээ хөөгдсөн хэвлүүхэн яриатай хүү, энэ бүгд байх ёстой юм шиг хэнэггүй өнгөрөх хүмүүс.
Саяхан ажлаа тараад Чингисийн талбайгаар алхаж явлаа. Намрын сэрүүн орчихсон пальтотой оройд бараг жиндэхээр. Цамц давхарлаад өмсчихсөн, саравчтай малгай өмсөж, нүүр нь халтардчихсан 15 настайболов уу гэмээр нэг хүү ирэн “Уучлаарай эгчээ би танд амьдралаа ярьчих уу” гэлээ. Ингээд бидний яриа эхэлсэн юм.
- Уучлаарай эгчээ би танд амьдралаа ярьчих уу?
-Яах гэж тэр билээ. Би бараг яах гэж ярих гэж байгааг чинь гадарлачихлаа. Гэхдээ ярь л даа, сонсоё /Түүний гадна байдлаас харахад мөнгө гуйдаг хүүхэд байна гэдгийг гадарласан юм/
- Аниа дүүгийнх нь гэдэс яг өлбөрлөө. Та дүүдээ хэд ч хамаагүй мөнгө байвал өгөөч.
-Чи надад амьдралаа ярья гээгүй бил үү?
- Би ах эгчтэйгээ амьдардаг байсан юм. Тэгээд тэр хоёр архи ууж, намайг аймар зоддог байсан юм аа. Нэг өдөр ах миний хөл рүү хутга зоогоод тэгээд би гэрээсээ явчихсан юм. Дүү нь аймар хэцүү амьдралтай, гэртээ очдоггүй болохоор хоолны мөнгө хэрэгтэй байна.
- Тэгээд хөлөө яасан. Эмнэлэг, эмчид үзүүлсэн үү?
- Өөрөө хэдэн даавуугаар ороогоод явж байгаад хүүхдийн асрах газарт очиж, багш нараар нь цэвэрлүүлж боолгосон. Одоо гайгүй болчихсон л доо.
-Чи арай худлаа хэлээд надаас мөнгө авах гээд байгаа юм бич биз дээ.
-Үгүй ээ эгчээ. Би худал хэлж, хулгай хийх гэдэг зүйлийг огт мэдэхгүй. Би асрамжийн газарт байхдаа багшаасаа хулгай хийх гэж яахыг хэлдэг юм гээд их зодуулж байсан. Багш намайг “Чи заалгаж байгаад хулгай хийж сурах гээ юу” гээд маш их уурлаж, зодсон. Би тийм юм хэзээ ч хийхгүй ээ эгч ээ.
-Чиний нэрийг хэн гэдэг юм?
-Тэмүүжин.
-Одоо хаана амьдардаг юм?
-Та тэр харж байна уу, тэр гэрэлний доод талын хогийн савны ойролцоо унтдаг юм.
-Чи асрах газарт яагаад үлдээгүй юм. Бас зугтчихсан юм уу?
-Үгүй би одоо 18 нас хүрчихсэн. Тийм болохоор гарах цаг нь болчихсон юм. Тэгээд л энэ хавиар явдаг юм.
-Чи тэгээд юу хийдэг юм. Хүмүүсээс мөнгө нэхээд л өдөр өнгөрөөх үү?
-Ер нь бол тэгдэг л дээ. Гэхдээ энэ өвөл л тэсчихвэл МУИС-ийн хоёрдугаар байрны жижүүр ах намайг хажуудаа авч ажиллуулна гэсэн. Энэ өвөл л тэсчих хэрэгтэй байгаа юм.
-Ажил төрөлд оръё гэж боддоггүй юм уу.
-Ажилд оръё гэхээр иргэний үнэмлэх байхгүй. Гэртээ орхиод гараад ирчихсэн. Манай гэр нүүчихсэн. Хаана байгааг нь би мэдэхгүй байна.
-Одоо чи хаачих вэ. Овоо мөнгө цугларав уу энэ талбайгаар яваад? /мөнгө өгсөн юм/
-Баярлалаа аниа. Хоолны мөнгө цугларлаа. Би одоо Өргөө 2 орно. Ер нь өргөө 2, МИУС, Талбай хавиар л байдаг юм. Аниа та тэр дугуйнуудыг /түрээсийн дугуй руу заав/ харж байна уу. Би уг нь ийм юм ажиллуулбал их гоё гэж боддог юм. Ийм олныг авахгүй л дээ. Ганцхан байвал болчих байх гэж бодоод байгаа юм. Гэхдээ би мөнгөө цуглуулж байгаад эхлээд дартс шидүүлнэ. Энэ өвөл тэсэх л хэрэгтэй байна.
-Ямар дартс?
-Яагаав шаар онохоор тоглоом бэлэглээд байдаг.
-Нээрээ чиний үеийн хүүхдүүд тийм юм ажиллуулаад байдаг шүү. Чи машин тэрэг угааж үзсэн үү.
-Үзсээн. Гэхдээ би том том жийп мийп угааж байгаагүй ээ. Одоо хүйтэрчихээд, бас хүмүүс уурлаад мөнгөө өгдөггүй юм.
-Ингээд хүн хүн дээр очоод л амьдралаа яриад л, мөнгө гуйгаад яваад байхаар ичдэггүй юу?
-Ичдэг/ доошоо харан зогслоо/. Ичлээ гээд яахав дээ өлсөөд байгаа юм чинь энэ өвлийг тэсэхийн тулд гуйгаад л байна. Ирэх жил би өөр болчих байх аа.
-Хүмүүс тэгээд чамд хэр тусалж байна.
-Хүмүүс туслах нь туслаад л, зарим нь сонсоогүй юм шиг л яваад өгдөг юм. Өнгөрсөн долоо хоногт байх аа нэг ах надаа мөнгө өгсөн юм. Тэр ах надад “Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Хамгийн гол нь зөв хүн болох хэрэгтэй. Итгэлтэй байгаарай миний дүү” гэсэн. Энэ үгийг л би маш их дотроо бодож байгаа.
-За за. Эгч нь ч гэсэн ганц л зүйл гуйя. Энэ амьдралаас гараад өөрийнхөө хөдөлмөрлөж олсон мөнгөний амтыг мэдрээрэй. Худал хэлж хулгай хийж л болохгүй шүү.
-За. Би хэзээ ч тийм юм хийхгүй ээ.
Ийнхүү бидний яриа өндөрлөсөн юм. Зарим хүмүүс бид нийгмийн золиос болсон хүмүүс шүү дээ. Бидэнд арван жилд байхад кирилл бичиг орж байгаад босоо монгол бичиг ороод өгсөх алдад буцаад кириллээр бичих болсон гэж алдаатай бичдэгээ залруулдаг. Яг тэдэн шиг энэ нийгмийн золиос болсон хүүхдүүдийг хэн нэгэн анхааралдаа авч, залруулах хэрэгтэй мэт. Зурагтаар хямрал болоод байгаа юм уу гэж өөрийгөө баян тансгийг гайхуулах хүмүүс ийм хүүхдүүдтэй нэг удаа ч болов уулзаж эх орон нь хэр байгааг тэдний нүдээр нэг хардаг болоосой.
Э.Үжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ