Төр, түмэндээ тусладаг өвөө

Нийслэл хотын маань 375 насны ойтой зэрэгцээд олон сайхан үйл явдлууд өрнөж байна. Тухайлбал, өчигдөр дөрвөн удаагийн төрөлтөөр 8 ихэр хүүхэдтэй болсон Д.Энхтөр, Ц.Ундрах нарын гэр бүлд 3 өрөө байрны түлхүүр, гэрчилгээг гардуулах үйл ажиллагаа НЗДТГ-т болсон юм. Энэхүү өнөр өтгөн айлд байртай болоход нь хамгийн их хувь нэмэр оруулсан хүн бол СБД-ийн 7-р хорооны иргэн, ахмад дайчин Ундрахын Доржпалам гэдэг настан билээ. Тиймээс бид түүний сэтгэгдлийг хуваалцахаар зорилоо.
-Юуны өмнө та бидэнд өөрийгөө танилцуулна уу. Нас сүүдэр хэд хүрч байна вэ?
-Би 1921 онд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын нутагт малчин өрх аав Ундрах, ээж Бүтэд нарынхаа ууган хүү болон мэндэлсэн. Одоо 93 насыг зооглож байна. 18 нас хүртлээ мал дээр өссөн. Миний аав Монгол бичиг болон Тангад хэл бичигт нэвтэрсэн номтой хүн байлаа.
-Өчигдөр таны хүсэлт биеллээ олж 8 ихэр багачууд маань гурван өрөө шинэ байртай болсон. Анх яагаад та энэ хүмүүст туслахаар шийдсэн юм бэ?
-Төр засаг маань миний санал, хүсэлт, өргөдлийн дагуу олон асуудлыг шийдвэрлэж өгдөг юм. Би зурагт үзээд сууж байтал манай дүүргийн 11 дүгээр хороонд 4 төрөлтөөр тус бүр 2 ихэр төрүүлж 8 ихэртэй болсон залуу эцэг, эхийн тухай сонслоо л доо. Ингээд эрэн сурвалжлах ажилд орж байгаа юм. Өөрийнхөө хороогоор дамжуулж 11-р хорооны иргэн Д.Энхтөрийн утас, хаягийг олж авч холбоо тогтоосон. Би анх өргөдлөө 07 дугаар сарын 21-нд нийслэлийн удирдлагуудад өгсөн. Харин Д.Энхтөр миний дараахан өргөдөл бариад очиж. Тэгсэн 8 ихэр хүүхэдтэй өрхийн талаарх өргөдөл манайд ирчихсэн байгаа гэсэн аж. Ингээд л нийслэлийн захирагчийн албаныхан надад "Та одоо Д.Энхтөрөөр хөөцөлдүүл дээ. Заавал өөрөө нааш цааш яваад яах вэ" гэсэн юм. Би өргөдөлдөө гурван зүйл тусгаж өгсөн л дөө.
1/ Гурван өрөө байр нийслэлээс өгөх
2/ Хүүхдүүдийн боловсролд шаардагдах төлбөрийг нийслэлээс олгох
3/ СБД-т үйл ажиллагаа эрхэлдэг компаниудаар энэ өрхөд бүх талын бодит дэмжлэг, туслалцаа үзүүлэх. Энэ сайн үйлсийг хэвлэл мэдээллээр сурталчлах.
Тэд хүлээж аваад дээш нь уламжилж, бүтээхийг хичээе гэсэн юм. Д.Энхтөр уг нь 6 хүүхэдтэй байхдаа өргөдөл өгсөн боловч бүтээгүй юм байна лээ. Одоо харин энэ хүүхдүүд дулаан байранд тохь тухтай амьдрах болсонд би их баярлаж байна.
-Та сая “миний олон өргөдлийг хүлээн авч, шийдвэрлэж өгч байсан” гэж яриандаа дурдлаа. Энэ тухай тодруулбал?
-Хотод ирэнгүүтээ хойшоогоо гэр хороололд очлоо. ЧД-ийн 19-р хорооны Салхитын орчимд юм. Сэлбэ голын баруун тал нь үерийн далан байхгүй, тэр хавийн айлууд усанд автах эрсдэлтэй байсан. Тэгэхээр нь нийслэлийн удирдлагуудад өргөдөл бичиж, 3-4 жил хөөцөлдөж байж 2,5 км бетон хучилт хийлгүүлсэн. Мөн хотын хамаг рашаанууд ширгэж дуусч байгаа. Тиймээс Дамбын рашааныг хамгаалах, орчныг нь тохижуулах санаачлага хүргүүлээд, зураг төсөл нь хийгдэж байна.
Бас Төв аймгийн Ахмадын хороонд ажиллаж байхдаа анх сэтгэж, хотод ирсэн хойноо хэрэгжүүлсэн нэг ажил бол хөнгөлөлттэй үнээр олгодог эмийн асуудал. Анх 107 нэр төрлийн эмийг ахмадуудад 30-50 хувийн хөнгөлөлттэй олгодог байсан юм. Энэ нэр төрлийг олон болгож өгөхийг хүссэн өргөдлийг минь хүлээн авч одоо 362 нэр төрлийн эмийг 50-80 хувь хүртэл хөнгөлөлттэй үнээр худалддаг болоод байгаа. Хөнгөлөлттэй үйлчилдэг эмийн сан 10 гаруйхан байсан нь одоо хэд ч болов, ямартай ч нэлээд олширсонд их баяртай байгаа шүү.
Цааш нь дурдвал, Шударга өрсөлдөөний тухай хуулийг өөрчлөх санал гаргасны дагуу Өрсөлдөөний хууль шинэчлэн батлагдсан гээд нэлээд олон хэрэгжсэн ажил бий.
Хамгийн ойрын жишээ гэвэл МҮОНТ-ийн хөтөлбөрийн төгсгөлд Монгол Улсын Төрийн дуулал эгшиглүүлдэг болгох хүсэлтийг минь хүлээн авч хэрэгжүүлсэн. Одоо хамгийн гол нь өглөө 06:00 цагт хөтөлбөр эхлэхэд мөн Төрийн дуулал явуулдаг болгоё гэсэн өргөдлөө энэ сарын 22-нд хүргүүлээд байна.
Нийслэлийн минь хамгийн чухал хэсэг болох Чингисийн талбай их хуурай, ямар ч чийггүй. Ингээд талбайн урд талын ногоон байгууламжид усан оргилуур хийж, яг арынх нь цементэн хэсэгт усан толио хийлгэхээр санаачлан өргөдөл өгсний дагуу зураг төсөл нь гарсан байгаа.
Би чинь энэ бүх өргөдөл, түүнд ирүүлсэн хариунуудыг бүгдийг нь үдээд хадгалчихдаг юм. Гэхдээ одоо хэд болсныг хэлж мэдэхгүй, тоолоогүй./сурв. инээв/


-Та улсад хэчнээн жил ажиллав. Таны намтрыг сонсвол Монголын түүхийн нэгээхэн хэсэг ч гэсэн дүрслэгдэх болов уу. Ямар ажил, хөдөлмөр эрхэлж байсан бэ?
- Би улсад нийт 60 жил ажиллажээ. Би ааваараа бичиг, үсэг заалгасан хүн. Тийм болохоор ХАА-н техникумын мал эмнэлгийн ангид анх ороод гурван жил сурч байгаад цэргийн офицер бэлтгэх сургуульд орж офицер болсон юм. Ингээд 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явлаа. Үндсэндээ хил хамгаалах 12, 20-р отрядуудад нам, улс төрийн сонгуульт ажилд хүртэл томилогдон ажиллаж байсан. Хилийн цэрэг татан буугдахаар дотоодын цэрэгт шилжиж ирээд улс төрийн орлогчоор алба хашиж явсан. Ингээд нийт 17 жил армид ажилласан гэсэн үг.
Тухайн үед Марксизм-Ленинизмийн оройн дээд сургууль гэж байлаа л даа. Түүнийг сурч төгсөөд 1970-аад он дуустал суманд ажиллаж байв. Энэ үед ХАА-д нэгдэлжих хөдөлгөөн үүссэн юм. Ингээд намайг ХАА-н нэгдлийн удирдах ажил хийх үүрэг өглөө. Ганцхан намын системтэй тэр үед чинь өгсөн үүргийг ягштал биелүүлэх ёстой. Гэхдээ хаашаа томилогдохоо би шийдэх боломжтой байлаа. Буцаад нутагтаа очъё гэхээр хамт өссөн найз, нөхөд, хамаатан саднаа даргалж, үүрэгдэхийг хүсээгүй болохоор Төв аймгийн Эрдэнэсантад очсон. Энэ нь Өвөрхангайн Бүрд сумтай хил залгаа бөгөөд Батхаан уулаар зааглагддаг юм. Ээж, аав хоёр маань Бүрдэд байсан болохоор тэдэндээ дөхсөн санаатай.
Дараа нь Бүрэн суманд очоод 8 жил суурин ажилласан. Энэ нь бас миний төрсөн газартай хил залгаа нутаг. Сүүлд сум, нэгдэл нэг удирдлагатай болж, Сум-нэгдлийн даргаар 10 жил, Төв аймгийн хэлтсийн даргаар 20-иод жил ажилласан даа. Тэтгэвэрт гарсныхаа дараа Төв аймгийнхаа Ахмадын хороонд 2004 он хүртэл ахмадуудтайгаа ажиллаж байгаад Улаанбаатарт ирсэн.
Хотод орж ирээд 10 жил боллоо. Ирснээсээ хойш зүгээр сууж сураагүй зангаараа энд тэнд очиж хаана, хэнд юу хэрэгтэй байна, болохгүй юм юу байна гээд л явдаг. Тэр бүх асуудлаар хөөцөлдөж олон ч өргөдөл саналаа нийслэлийн удирдлагуудаас эхлээд УИХ-ын гишүүд, сайд, дарга нарт уламжилсаар өдийг хүрч байна.
-Манай үеийн залуус хийхээсээ илүү ярих л юм. Харин таны хувьд эсрэгээрээ юм байна. Цаашид хийхээр төлөвлөсөн ажил байгаа юу?
-Өвөө нь одоо дутуу байгаа асуудлаа шийдүүлэх гээд л хүлээгээд байгаа. Тэгээд нас ч дээр гарч байгаа болохоор ерөнхийдөө больдог юм уу санаатай байна.
-Дутуу ажлуудаасаа сонирхуулаач. Ямар үйл хэрэг байна вэ?
-За, би архигүй Улаанбаатарыг бий болгох гэж их хүсдэг. Монголчууд маань архийг маш ихээр хэрэглэж, янз бүрийн гэмт хэрэг, осол аваарт өртөж байгаад харамсаж суудаг юм. Тэгээд архины хуулинд иргэний оролцоог нэмэрлэх саналуудаа олон гишүүд, сайд нарт хүргүүлсэн боловч хэдэн бие рүүгээ шидлээд бүтдэггүй. Уг нь Хууль зүйн сайдад өргөн баригдаж, эцэст нь нийслэлийн захирагчийн албаар эцэслэн шийдвэрлэгдэж гарах юм гэсэн.
Мөн миний амьдарч байгаа 7-р хороо байгуулагдаад 50 жил болсон. Гэвч өнөөдөр байрны подвалд үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хороонд нүүж ирснээсээ хойш хорооны цогцолбор бариулах талаар хөөцөлдөж одоо л нааштайгаар шийдэгдэж байна даа. Ингээд яривал их зүйл байна. Та бүхний цагаас хороогоод яах вэ. Ер нь миний энэ хийж байгаа ажил хойч үеийнхээ сайн сайхны төлөө л хийж байгаа юм шүү дээ.
-Таны энэ их буянтай үйлс бүхэнд тань талархаж, урт удаан наслахыг хүсье.
-Баярлалаа.
Бидний халуун дотно яриа ийн өндөрлөх үед түүний ач охин, 102-р сургуулийн багш Ц.Оюун-Эрдэнэ Монголын багш нарыг индексжүүлэх шалгаруулалтад тэнцэж батламж авсан баярт мэдээгээ өвөөдөө дуулгахаар яаран ирэв. Өвөө нь түүнд сургааль, ерөөлөө өргөж, баярын нулимс дуслуулж билээ.
Насны нар нэлээд хэвийсэн энэхүү азай буурал маань үр хойчийнхоо төлөө хоёргүй сэтгэлээр тууштай зүтгэж чаддагийн ачаар өнөөдөр бидний ам амандаа ярьж, бувтнахаас хэтэрдэггүй олон ажлыг дээд түвшинд нь хүртэл нөлөөлж, үр дүнг нь үзэж суугааг нь харахад биширмээр. Бид өтгөс, буурлаасаа үлгэрлэлгүйгээр ирээдүйдээ хүрч үл чадна.
Я.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ