Испанид хотын захиргааны 50 ажилтныг баривчлав

Испанид авлигын эсрэг өргөн цараатай тусгай ажиллагаа явуулжээ. Мадрид, Мурси, Леон, Валенси хотын төрийн алба хашдаг тавь гаруй ажилтныг баривчилсан тухай тус орны прокурорын байгууллага мэдээлсэн байна. Цагдаа нар эдгээр хотын захиргаа болон төрийн бусад байгууллагад нэгжлэг хийжээ. Тэдний шалгалтаар албан тушаалтнуудын учруулсан хохирлын хэмжээ дөрвөн тэрбум евро болж байна.

Саатуулагдсан хамгийн дээд туршуулын нэг нь Мадридын “Ардын намын” нарийн бичгийн дарга байсан бөгөөд тус хотын бие даасан нийгэмлэгт хоёр дахь албан тушаалыг нэлээд хэдэн жил хашсан Франсиско Гранадос гэгч байгааг хэвлэлд мэдээлжээ. Энэ нийгэмлэгт багтдаг хоёр хотын дарга болон Леон хотын хууль тогтоох хурлын дарга бас баривчлагдсан байна.

Испанийн сенатын дарга Хесус Посада хэлэхдээ, “Би маш их харамсаж байна. Энэ бүхэн аймшигтай явдал, шүүх хяналтын байгууллага бүх учрыг нэн даруй, шударгаар олохыг би шаардаж байна. Эцсийн дүнд нууц бүхэн бүх нийтэд ашигтайгаар ил болно” гэж мэдэгджээ.

Хотын захиргааны хэрэгцээний үүднээсажил гүйцэтгэх гэрээ өгсний хариуд хууль бус хураамж авсан гэж төрийн албан хаагчдыг сэжиглэж байна.

Испанийн төрийн албан хаагчдыг мөнгө угаасан байж болох юм хэмээн Швейцарийн эрх баригчид сэжиглэж,тэдний хөрөнгийн гарал үүслийг мөрдөн шалгахыг шүүхэд даалгасны дараа ийнхүү шалгаж эхлэжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ