Стратегийн фракц ба дэлхийг эзлэх их бодлогууд

Их гүрнүүд стратегийн түншлэлээр өрсөлдөж, энэ чиглэлээр фракц байгуулах болсон талаар “Financial Times”-т нэгэн нийтлэл гарчээ. Цөмийн технологи, цахим ертөнц, түүхий эдийн хомсдол, дэлхийн дулаарал зэрэг глобал асуудлууд хүн төрөлхтний өмнө тулгарсан энэ үед армийн хүчээр бодлогоо зарлах явдал үгүй болж байна гэж бичсэн байна.

Тухайлбал, хамгийн сүүлд л гэхэд ОХУ болон Их Британийн эрх баригчид эрчим хүчний хамтын ажиллагааны томоохон хэлэлцээр хийж, гэрээ байгуулсан. Гэрээнд Владимир Путин, Дэвид Камерон нар гарын үсэг зурсан бөгөөд хоёр улсын эрх ашгийг төлөөлөх эрчим хүчний корпораци байгуулахаар болов.

Орос баавгай гэгддэг В.Путин энэ харилцааны талаар “Эрчим хүч бол хамтын ажиллагааны хамгийн найдвартай холбоос. Яагаад гэвэл, энэ салбарын хүчирхэг байдал улсын чадлыг тодорхойлдог” гэжээ. Хэлэлцээр Хар далайн эрэгт Сочид болсон байна. Энэ хоёр орны харилцаа хүйтэн дайны үеэс эхлэн таарамжгүй болсон ч сүүлийн цөөн жилд эрс сайжирсан нь хамтын ажиллагааны томоохон хөтөлбөрүүдээс харагдана. Өнгөрсөн онд Орос, Английн худалдаа 10 хувиар өссөн. Түүнчлэн будант албиончууд Орост 27 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байх юм.

Харин тэдний энэ харилцаа ОПЕК-т таатай санагдахгүй байгаа нь мэдээж. Учир нь шинэхэн гэрээний балгаар Персийн булангийн магнатууд Их Британи тэргүүтэй баруун Европын түншүүдээ алдах магадлалтай болсон. Шинжээчдийн үзэж буйгаар оросууд англичуудтай харилцахдаа Болгар, Украйн зэргийг дарамталдаг шигээ ааш гаргахгүй. Ерөөс энэ нь эрчим хүч, эсвэл газрын тос, хий нийлүүлэх асуудал биш бөгөөд стратегийн хувьд Оросын талд дуугарах хүчирхэг хамтрагч татах гэсэн арга юм байна.

Гэхдээ АНУ тэргүүтэй өрнөдийнхний анхаарлыг олон улсад өрнөж буй цөмийн хөтөлбөрүүд, үүнтэй холбоотой асуудлууд татах болсон гэнэ. Үүнд оросуудын нэр мөн л дуулдах бөгөөд ОХУ-ын тэнгисийн цэргийн хүчин байлдааны хөлөг онгоцуудаа бэлэн байдалд шилжүүлжээ. Хар тэнгис, Балтын тэнгис, Номхон далайн орчмын бүсд цөмийн хошуу ачсан шумбагч тээвэрлэх байлдааны хөлгүүд бэлтгэлд гарсан.

Үүнээс гадна Франц, Японы атомын цахилгаан станцын гэрээ, Ираны цөмийн асуудлаарх олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн яриа хэлэлцээр үргэлжилж байгаа энэ үед Тегераны зүгээс ямар тайлбар хийхийг олон улс үг дугүй ажиглаж байна. Учир нь бараг хагас жилийн өмнө Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг Ираны цөмийн хөтөлбөрийг энхийн зориулалттай эсвэл цөмийн зэвсэг үйлдвэрлэж буйн аль нь болохыг тодруулахыг шаардаж байгаа.

Хэдийгээр Ираны зүгээс долоон жилийн өмнөөс эхэлсэн цөмийн хөтөлбөрөө цэвэр энхийн зориулалттай хэмээн мэдэгдэж байгаа боловч олон улс, олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг үүнд эргэлзэж, Тегераны зүүн хэсэгт орших “Парчин” цэргийн комплексийг судалж, шинжилж эхэлсэн байна. АНУ болон Европын холбоо эртнээс Ираныг цөмийн зэвсэг үйлдвэрлэх гэж байна хэмээн сэжиглэн хардаж байгаа бөгөөд үүний эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээнүүд авсан. Үүний зэрэгцээ Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Иран улс олон улсын хориг арга хэмжээг үл харгалзан цөмийн бөмбөг хийхэд шаардлагатай бэлтгэл ажлыг хангаж, ажлын явц аль эрт зургаа, долоон сарын өмнөөс 90 хувьд хүргэсэн тухай анхааруулжээ.

Гэхдээ цөмийн хэлэлцээр, хамтын ажиллагаанууд ихээхэн эргэлзээ төрүүлдэг гэдгийг нийтлэлд дурдсан. Тухайлбал, 2005 оноос эхэлсэн АНУ болон Энэтхэгийн цөмийн хөтөлбөр өдгөө ямар түвшинд хүрснийг Олон улсын атомын энергийн агентлагт тайлагнаагүй. Ямартай ч хэлэлцээрийн хүрээнд Энэтхэг улс Америкаас цөмийн түлш авдаг. Хамгийн гол нь цөмийн технологийг зөвхөн энхийн зорилгоор ашиглана гэж байсан ч 2011 онд пуужин туршсан нь шуугиан тарьсан.

Тухайн үед цөмийн зэвсгийн ангилалд оруулахуйц хүчин чадалтай “Агни-2” баллистик пуужингаа амжилттай туршсан бөгөөд энэ пуужин Орисс мужийн Чандипур цэргийн туршилтын талбараас хөөрч онох ёстой байгаа устгасан байна. Түүнчлэн саяхан шумбагч онгоцноос болон газар дээрээс харвахад зориулсан “Шаурья” баллистик шинэхэн пуужин хөөргөсөн. Одоо барьж байгуулж байгаа Энэтхэгийн анхны атомын шумбагч онгоцыг “Шаурья” пуужингаар зэвсэглэх юм. Олон улсын зүгээс үүнийг шүүмжилж, АНУ цөмийн зэвсэглэлийг өөгшүүлж байна гэж үзжээ.

Энэ хэлэлцээрэээс гадна шуугиан дагуулсан цөмийн томоохон хэлэлцээрт Хятад, БНСУ-ын хамтын ажиллагаа ордог. 2012 онд Хятдын Ерөнхийлөгч асан Ху Жинтао цөмийн зэвсгээс өөрийгөө хамгаалах талаар томоохон асуудал дэвшүүлсэн. Үүнийг Өмнөд Солонгос дэмжсэн. Ингээд хоёр орны хамгаалалтын гэрээ бэлэн болсон юм. Ийнхүү дэлхийг эзлэх их гүрнүүдийн бодлого өөрчлөгдөж, хамтарсан шинжтэй болсныг дэлхийн улстөрч, эдийн засагчид жам ёсны үзэгдэл гэжээ.

Д.Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ