Чингис зочид буудлын суурин дээр Хятад цэргийн хуаран байжээ

Нутаггүйгээр овоглосон нийслэлчүүд бид төрж, өссөн энэ хотынхоо тухай хэр ихийг мэдэх билээ. Тиймээс энэ ойн өдрийг тохиолдуулан хотынхоо түүхийн нэгээхэн хэсгээс өгүүлье.
1920 оны зун Зөвлөлт Орос улстай холбоо тогтоохоор умар зүгт явсан эх орончдын зарим нь хүрээнд байгаа журмын нөхдөө удирдаж ажиллахаар Эрхүү хотоос энд ирэхэд Хятадын түрэмгийлэгчид гэр орноор нь цагдан тагнаж, мөрдлөг мөшгилт хүчтэй болчихсон, журмын нөхдийн зарим нь баривчлагдаж шорон гянданд хоригдсон, М.Дугаржав, Б.Намсрайжав нар Чингэлтэй ууланд нуугдсан байв. Гэвч эх орончид хоорондоо холбоо барьж зөвлөлдөн Нийслэл Хүрээ хавьд орогноход бэрхшээлтэй болсныг харгалзан үйл ажиллагаагаа орон нутагт үргэлжлүүлэхээр болж Д.Бодоо зүүн зүгт Сэцэн хан аймаг уруу, Д.Догсом, М.Дугаржав нар Хан уулаар дайрч өмнө зүгт Наранхөгцөт тийш, Б.Намсрайжав баруун зүгт Сайн ноён хан, Засагт хан аймаг руу мордоцгоосон байдаг.

Галдан бошигт хааны их цэргийг дарж, бүх Монголыг эзэлж авсныхаа дараа Манж Чин улс хөрөнгө мөнгө гаргаж, 1759 онд Бэлхийн голын хойд энгэрт Дамбадаржаа хийдийг байгуулжээ. Тус хийд нь хүрээгээр нүүж, хүрээлэн буудаг монголчуудын эртний нүүдлийн уламжлалд үндэслэн буй болсон монгол үндэсний хот суурин байгуулалтын үндсэн “тэг” зургийн дагуу байгуулагджээ. Энд цам харайдаггүй, зөвхөн Майдар эргэдэг хийд байв. Бандидын, Хүүхэн ноёны, Дугарын, Сангай, Сэцэн тойны, Андуу нарын, Жадарын, Өрлүүдийн зэрэг 12 аймагтай, Дуйнхар, Жүд, Чойр, Мамба хэмээх дөрвөн дацантай, хууль ёсоор зөвшөөрөгдсөн 40 ламын данстай, тэдгээрийг Их Хүрээний аймгуудаас томилон суулгадаг байсан аж.
Хожим өргөжсөөр 1848 оны үед урдаасаа хойш 355 хос алд, баруунаас зүүн тийш 370 хос алд буюу өөрөөр хэлбэл, 10 гаруй км хавтгай дөрвөлжин талбай газар нутагтай, 300 гаруй лам нартай болжээ. XIX зууны сүүл үед тус хийдийн лам нарын тоо 7000 хүрсэн гэж С.Идшинноров бичсэн байдаг. Дамбадаржаа хийдэд Жавзандамба хутагтын гурван дүрийн шарил хадгалагдаж байсан гэдэг.
Энэ хийдийн ойролцоо XX зууны эхэн үеэс хийдийн хаяа сахисан харчуудын хэсэг ч бүрэлдэж эхэлжээ. Жавзандамба хутагтын Их шавийн харьяат Дамбадаржаа хийд нь 1937-1938 оны үед шашин мөргөлийн үйл ажиллагаагаа зогсоон хаагдаж, тус барилга нь Эрүүлийг хамгаалах яамны мэдэлд шилжсэнээр Цогчин дуганыг нь буулгаж суурин дээр нь Сүрьеэ өвчнийг эмчлэх эмнэлгийн барилгыг барьсны дээр хийдийн их хэнгэрэг, их хонхны барилгууд болон II Богдын ордны цогцолборыг Сүрьеэгийн эмнэлгийн агуулах, тарианы өрөө болгон өөрчилсөн байдаг.
Дамбадаржаа хийдийн 12 аймгийн дугануудаас одоо ганцхан Сэцэн тойны аймгийн дуган үлдсэнийг нь сэргээн засварлаж сүм хурлын газар болгон хурал хурж байгаа юм байна. Харин Манжийн Тэнгэр тэтгэсэн хааны зарлигийн 2 хөшөө болон асар нь нэлээд эвдэрсэн боловч одоо ч хадгалагдсаар байдаг. Энэ хийд ид цэцэглэж байх үедээ одоогийн Төв аймгийн Борнуур сумын нутаг, Бороо голд тариалангийн газартай байжээ. Их хүрээ Улиастайд 6 жил болоод 1762 онд Сэлбэд хоёр дахь удаагаа нүүдэллэн ирэхдээ урьд аравнайлсан хуучин нутагтаа буюу өөрөөр хэлбэл, Дамбадаржаа хийдийн баруун өмнөд этгээдэд бууж 10 жил болсон юм. Дараа нь 1772 онд Хүй мандал руу нүүдэллэж 6 жил болсон бөгөөд 1778 онд Сэлбийн хүн Чулууны хонхорт гуравдахь удаагаа нүүж ирсэн.
Түүнээс хойш буюу 1789 онд Их хүрээний хуучин нутгийн чанх хойно, Дамбадаржаагаас хойш 3км, Сэлбэ голын зүүн гарт Дашчойнхорлин буюу Буян-Ерөөлт сүмийг байгуулжээ. Энэ сүмийн газар нь урдаасаа хойш 238 хос алд, баруунаас зүүн тийш 201 хос алд буюу өөрөөр хэлбэл, ойролцоогоор 5 км орчим хавтгай дөрвөлжин талбай бүхий газрыг эзэмшиж байсан гэдэг. Энэ хийд тэрүүхэндээ цамтай, Их Хүрээнээс хүмүүс очиж цамд нь голлон оролцдог, 100 гаруй лам нартай ба эхний үедээ Их хүрээнд холбогдолгүй байснаа сүүлд нь Эрдэнэшанзавын яамны захиргаанд шилжсэн хийд байлаа.
1937 оны өвөл хурал номын нь үйл ажиллагааг зогсоож, хөрөнгий нь хурааснаас хойш Дашчойнхорлин хийд бүрэн устсан байна. Дашчойнхорлин (Буян ерөөлт), Дамбадаржаа (Шашныг бадруулагч) хоёр хийдийн хоорондох баруун өмнө зүг рүү харсан энгэрт хувьсгалаас өмнө Дамбадаржаа хийдийн оршуулгын газар байсныг 1946, 1947 оны үеэс 1945 оны дайнд оролцож яваад Монгол, Зөвлөлтийн талд олзлогдсон Японы харьяат иргэдийн нэгэн хэсгийн оршуулгын газар болгожээ. Монгол улс Япон улстай 1972 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Япон улсын элчин сайдын яамнаас дээрх газрыг жил бүр эргэж, талийгаачиддаа гүн хүндэтгэл илэрхийлдэг болсон байв.
Дамбадаржаа рашааны тухайд:
Дамбадаржаа хийдээс урагш 2 км зайд Ганц Худагийн амны дээд талыг "Хурцын энгэр" гэдэг бөгөөд энд рашаан булгийн ундрагатай учир Нийслэлийнхэн дээр үеэс “Рашааны хөл” хэмээн нэрлэж ирсэн түүхтэй. Энэ рашаануудын дотроос алдартай нь Дамбадаржаагийн рашаан юм. Рашааны хөлийн лусын хааныг XVIII зууны үеэс тахиж Дарбадаржаагийн рашаан дээр “Лувсанжамбын сүм” буюу Лусын Жамба хааны тахилын сүмийг байгуулжээ. 1938 онд энэ сүмийг устгасны дараа оронд нь 1960-аад үед нэрт эрдэмтэн О.Намнандоржийн санаачлагаар байшин барьж, хамгаалалтад авсны дээр энэ үеэс Халдвартын болон сүрьеэгийн эмнэлгүүдэд элэг, уушиг эмчилэхэд Дамбадаржаагийн рашааныг өргөнөөр ашиглах болж, рашааны орчныг тохижуулах ажлууд одоо ч хийгдсээр байна.
Харин ойрын хэдэн жилд рашааны эх түрүүтэй газар гал түлэх, бууж, суурьшин морь харах газар муу усны нүхийг малтаж, лус савдаг хилэгнүүлснээс энд аваар осол их гарч хүний амь, амьдрал хохирох явдаг их боллоо гэлцдэг болжээ.
Зүүн харчууд
Дамбадаржаагийн рашаанаас урагш Сэлбэ голын зүүн дэнж дээгүүр урьд их хүрээний “Зүүн харчууд” хэмээх нэртэй нэгэн гэр хороолол байжээ. Энэ хорооллыг Жүгдэр зураач “Нийслэл Хүрээ” гэдэг бүтээлдээ тэмдэглэсэн байдаг. 1883 онд энэ хороолол анх үүсч байх үед VIII богд Жавзандамба хутагт 13 настай байсан бөгөөд нэгэн өдөр банзан хашааныхаа завсраар сэмхэн танилцсан нэгэн хөвүүнтэй тоглохоор шар ордноосоо оргож,энэ энгэрт гэртэй Нямдандондогийнд иржээ. Энд хүүхдүүдтэй Сэлбэ голын хөвөөнд тоглож байхад нь энэ хавийнхан түүнийг “Богд” хэмээн огт таниагүй юмсанж. Гэтэл оройхон нь Богдыгоо “алдсан” бараа бологчид нь тоглож буй хүүхдүүдийн дундаас түүнийг олж ордонд авчрав. Харин богд бараа бологчиддоо шинэ танил хөвүүнээ авчирч тоглуулахыг шаардсанаар санамсаргүй танилцсан танил нь Богдын шадар хүн болж, улмаар Нямдондогийнх ч хүүгийн буянаар ордныхны зиндаанд дэвшсэн гэдэг.
1930–аад оны сүүлч 1940-өөд оны эхэн үеэс Улаанбаатар хотын захиргаанаас Зүүн харчуудыг хотын төвд ойртуулан нүүлгэж одоогийн “зуун айл”-ын хавьд буулгаснаар зүүн хүрээний зүүн талаархарчуудын 10 гаруй гудамж гэр хороолол бүрдсэн аж. Ингээд 1950-иад оны дунд үеэр Зуун айлдорон сууц буй болсноор тэд Баруун наран уруу дахин нүүсэн гэнэ.
Зүүн дамнуургачин
Нийслэл хүрээний хэсэг буюу зүүн хүрээний зүүн тал, Сэлбэ голын зүүн дэнж дээгүүр хойноосоо урагш чиглэн үүссэн Хятад хорооллыг Монголчууд “Зүүн дамнуургачин” хэмээн нэрлэсэн байдаг. Учир нь мөн хүрээний баруун талд XIX зууны эхэн үед Маймаачинаас тасарч үүссэн Хятад хорооллынхноос ялгахын тулд ийн нэрийдсэн байна.
Зүүн дамнуургачин нь Манж чин улсын шинэ засгийн бодлого Ар монголд хэрэгжиж байсан 1900-аад оны эхэн үед үүссэн хороолол юм. Харин Баруун дамнуургачин нь Хятадын бараа таваараар голдуу худалдаа хийдэг, хот байгууллалтын хувьд дундад-эртний үеийн хятад хотын байгуулалттай, нарийн давчуухан гудамжтай, гудамжны ам бүхэнд хаалгатай, тэр нь шөнийн харуул манаатай байхад зүүн дамнуургачинд ганцхан задгай гудамжтай, гол төлөв Монгол газар цагаачилж ирээд Монголын хөрсөнд тариа ногоо тарьж хөлжсөн баян пүүсүүдийн хороолол байв. Эдгээр пүүсүүдийн дотроос томоохон нь хүрээнийхний нэрлэдгээр Бүдүүн Луусангийн пүүс байжээ. 1944 онд энэ пүүсийн хашаанд арьс ширний завод байгуулсан бол 1960-аад оноос эмэгтэйчүүдийн хорих анги, байрлаж байгаад Улаанбаатар хотын 12 дугаар хорооллыг барих үед энэ анги нүүсэн юм.


Үүнээс гадна энд Дарсны пүүс, Хар хорхой зэрэг тариа, ногоо, гурил будааны пүүсүүд байв. Эдний дунд Гандан хийдийн дуганч лам Санжаа гэгч нэгэн ядуу лам Хятадтай хоршиж байгуулсан Санжаа дуганчийн пүүс буюу “Санжинлангийн пүүс” гэгч байв. Хожим үүнийг бас арьс ширний завод болгон орон байрыг нь ашиглаж байжээ. Ер нь иймэрхүү байдлаар зүүн дамнуургачны Хятад, Монгол пүүсүүдийн барилгыг Гэгээрүүлэх Яамны аж ахуй, Монгол улсын их сургуулийн аж ахуй гэх мэтээр ашиглаж иржээ.
Зүүн дамнуургачны баруун өмнүүр, Сэлбэ голын зүүн эрэгт Хятад цэргийн хуаран байв. 1905 онд их хүрээнд байгуулсан цагдан сэргийлэх газрын Сюань Хуагийн /Шинхуа цэргийн/ сэргийлэх хороо хэмээн нэрлэдэг байлаа. Энэ бол Манж чин улсын үед ард түмний зэвсэгт бослогоос айж байгуулсан хуаран аж. 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын үр дүнд Монголоос Манж амбантайгаа хамт хөөгдөн гарсан билээ. Харин одоо энэ орчимд “Чингис” зочид буудлын барилга, түүний хойгуур өнгөрсөн залуучуудын өргөн чөлөөнд Сэлбэ голын гүүрийн баруун талд Монгол улсын баатар нэрт жанжин Ж.Лхагвасүрэнгийн дурсгалын хөшөө байдаг.
Их шавийн харчууд
Нийслэл хүрээний зүүн дамнуургачны хорооллын зүүн залгаанд, дэнж дээр хэдэн хашаа, нэг багахан сүм хийд байсан нь Жавзандамба хутагтын их шавийн харьяат нараас бүрэлдсэн “Шавийн харчууд” –ын хороолол байв. Энд тэдний хурлын багахан дуган, бас Эрдэнэ шанзавын Яаманд мөрдүүлж байсан ялтан хэрэгтнүүдийг хорьж залхаадаг тусгай шорон байлаа. Одоо бол энэ газар нутагт Нийслэлийн орон сууцны 12 дугаар хороолол, “Сансар” үйлчилгээний төв буй.


Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ