Зарын улс

Өнөөдөр бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслээр зар мэдээ, сурталчилгаа маш их цацагддаг. Машин, байшин байр, утас, пүүз, гутал хувцасгэх мэт хүний хэрэглээний бүхий л төрлийн зүйлсийг авна, зарна, хүн ажиллуулна, амруулна гэх мэтээр хөвөрнө. Эгээтэй л хүн авна, зарна гэх нь холгүй болж.
Зар сонирхов. Ямар ч их, дээд сургуулийн диплом гаргана гэх юм. Монгол улсын хууль, дүрэм тэр зар дээр замхран алга болсон мэт. Энэ зар нэгдүгээрт хууль бусаар буюу хуурамчаар их, дээд сургуулийн дипломыг гаргаж байгаа, эс бөгөөс өндөр албан тушаалтантай холбоотой хэрэг болж таарах юм.
Нэгдүгээрт мэдээллийн хэрэгслээр ялангуяа цахим ертөнцөөр явж байгаа зар, сурталчилгаанд цензури, хууль тогтоомжийг дээдэлсэн зүйл алга. Энэ нь Монгол улсын зар сурталчилгааны тухай хуулийн 6.5.5.Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчих үйлдэл, үйл ажиллагаанд хүргэж болох зар сурталчилгааг хориглоно гэсэн заалтыг зөрчиж байгаа юм.
Хоёрдугаарт, иргэдийг төөрөгдүүлсэн зар маш их. Тухайлбал, нэг зарын сайтад 5000 гаруй ажлын байр байгаагаас борлуулагч, менежер гэсэн зар ихэнх хувийг эзэлж байна “Чадал чинь хүрвэл залгаарай”, “Өөртөө итгэлтэй бол залга”, “25-аас дээш настай л бол болно” гэсэн содон гарчигтай зарууд байна. Тэгээд эдгээр зар уруу залгаж үзэхэд бүгд сүлжээний борлуулагчийн ажил байгаа юм. Хайран ч нэгж, очсон автобусны мөнгө санагдана. Үүнээс харахад хүмүүсийн арга нарийссан гэж хэлж болно.
Ажлын байрны зарын хувьд нэг иймэрхүү. Өөрөөр хэлбэл, ажилгүй иргэд жил ирэх тусам нэмэгдэж байна. Гэтэл зараар дүүрэн ажлын байрны зар байна. Манай иргэд залхуу байна. Залуу үеийнхэн ажил хайж, орох сонирхолгүй. Аль болох ар талаараа орохыг эрмэлздэг болж гэх мэтээр зарим нэг томоохон албан тушаалтан, эдийн засгийн мэргэжилтнүүд ярих нь телевизээр гарч харагдана. Үнэндээ тэр их зарын дагуу очоод сүлжээний байгууллагад орох сонирхолтой хүн хэд билээ дээ. Манай тэтгэврийн насны эмээ хүртэл хийх ажил шүү дээ. Харин арай гайгүй, мэргэжлийнх ньажил таарахад дагалдан гэж 2,3 сараар нь цалингүй ажиллуулчихаад манайд тэнцэхгүй гээд хөөдөг байгууллагууд ч байна. Зарын цаана иймэрхүү л зүйл нуугдана.
Харин худалдах болон худалдан авах зарыг харахад манай иргэд яасан ч баян юм гэмээр.
1-5 өрөө байр, хашаа байшин, машин, пүүз, утас, компьютер зарна, тэр орноос тийм юм авахуулмаар байна, энэ оронд бүтээгдсэн ийм юм авмаар байна гэсэн зар хаа сайгүй. Үнэ нь ч шаггүй юм. Үүнээс харахад хүмүүс баян мэт харагдах атал үнэндээ эдийн засаг ньавдаг цалингаар нь л тоологдож байна шүү дээ.
Заримынх нь амьдрал хямраад өөрийн хөдлөх хөрөнгөөс эхлээд үл хөдлөх хөрөнгөө хүртэл борлуулж байна. Харин зарим нь яг эсрэгээрээ.
Тухайлбал, би нийтлэлийнхээ хүрээнд байрны зараас 3-ыг нь сонгоод дугаар луу залгаж үзлээ. Тэд бүгд мөнгөний хэрэг гарсан гэж байна. Лавшруулаад ярихаар “Эгч нь 2 байртай юм аа. Манай хүү маань гадаад гарах гээд бэлэн мөнгөгүй болчлоо” гэсэн юм.Нийслэлд тэр тусмаа хотын “А” зэрэглэлд хоёр байртай хүн бол хөрөнгөтэйд тооцогдмоор. Гэтэл байр байтугай айлын хашаанд сарын түрээс төлөөд гэрээ бариад амьдарч байгаа зөндөө өрх байна.
Манай нийгмийн ерөнхий төрх зөвхөн зараас л харахад илт. Хоёр талаас нь хазсан алим шиг нийгэм. Дээд хэсэг нь баячууд, дунд хэсэг нь хоёр идэхгүй, хоосон хонохгүй дунд давхаргынхан,доод хэсэг нь ядуу буюу эмзэг давхаргынхан юм.
Баячууд болон ядуучууд нийгмийн ихэнх хэсгийг бүрдүүлж байна. Гэтэл өндөр хөгжилтэй болонхөгжиж буй орнуудын хувьд дунд давхаргынхан ихэнх хэсгийг эзэлж гэмээ нь цаашид хөгжих боломжтой гэж үздэг.
Телевиз, радио, сонин, сэтгүүл, интернет, гудамж талбай, орц хонгил, хаалга, хашаа гээд л хаа тааралдсан газар зар байна. Замын түгжрэлд орсон ч урд машины цонхон дээр ч зар явна. Ингээд харахаар манай улс зарын улс болсон мэт. Арга үгүй ч юм. Дээд боловсролыг хүртэл зар харж байгаад эзэмшчихэж байна шүү дээ. Монгол улс зарын улс болждээ. Ямартай ч зарах юм байна зарахгүй юм байна. Газар нутгаа л битгий энэ их урсгалд урсагачихаасай гэж хүснэ.
Э.Үжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ