Үхсэн хойноо гэрлэж болно

Хятадын Шандун мужийн цагдаа нар булш ухаж, дотор нь буй эмэгтэй хүний шарилыг гаргаж ирэн худалддаг байсан 11 хүнийг саатуулжээ. Баривчлагдсан хүмүүс гурав хүртэлх жилийн хорих ялаар шийтгүүлж магадгүй юм. Хууль сахиулагчид энэ оны гуравдугаар сард булш ухагчдын мөрөөр оржээ. Тэд гурван сар болж байсан булшийг ухаад дотор нь хэвтэж байсан эмэгтэй хүний шарилыг гаргаж ирээд 3000 доллараар худалдсан аж. Улмаар шарилыг цааш нь өөд болсны дараахь гэрлэлтийн ёслолд зориулан ашиглахаар худалдах гэж байжээ.

Хятадад ийм ёс заншил байдаг бөгөөд түүнийг минхунь гэдэг билээ. Гэмт бүлэглэлийн толгойлогч Ван шарил шинэ байх тусам үнэ нь өндөр болдгийг хэлжээ. “Хуучин шарил үнэ хүрэхгүй. Харин дөнгөж сая өөд бологсдын шарил үнэтэй эд дээ” гэж тэрбээр өгүүлэв. Хятадын хуулинд шарил хулгайлах нь эрүүгийн гэмт хэрэгт тооцогддог бөгөөд гурван жил хүртэлх хугацаагаар хорих ял оноодог билээ.

Минхунь гэдэг энэ ёс заншил Хятадад нэлээн түгээмэл дэлгэрчээ. Хэрэв тухайн хүн гоонь байгаад өөд болвол гэр бүл нь нас барсных нь дараа хуримын ёслол хийж өгдөг байна. Ингэснээр хойд амьдралдаа шинэ эхнэртэйгээ нэгдэн амьдарна гэж үздэг. Энэ ёслолыг үйлдэхэд өөд болоочдын гэр бүл зөвшөөрлөө өгөх ёстой. Тэгвэл Хятадад энэ ёслолд зориулан шарил худалдах хар зах зээл байдаг юм. Тэр зах дээр хууль бусаар ухаж авсан эмэгтэй хүний шарилуудыг борлуулдаг аж. Тэднийг өөд болсон эрийн дэргэд оршуулдаг байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ