Хүйтэн өдөр ч тэр чулуу бүлээхэн байдаг

Улаанбаатар хотын оршин тогтносон "Алтан тэвш"-ийн хөндийд түүхийн дурсгалт газар дэндүү олон.

Нийслэлчүүдийн зундаа зусдаг газруудын нэршлийн утга учир бас их сонин. Бидний хамгийн сайн мэдэх Шарга морьтын амын тухай олон хувилбартай домог яриа байдаг.

Шарга морьтын зуслан, шарга морьтын рашаан хэмээн нэрлэгдсэн энэ газар бол Богд Жавзандамба хутагт, их дагина Дондогдулам хоёрыг хөдөөлүүлсэн газар ажээ. Энэ газрыг эрт дээр үеэс Шамбалын орон хэмээн үзэж ирсэн учир Шарга морьтын хөтөл хэмээн нэрийдэж, дээдсийг нутаглуулж ирсэн гэдэг.

Эх дагина Дондогдуламыг таалал төгсөхөд найман шарга морь хөллөсөн гашуудлын цуваа, их хатныг амьд ахуй цагтаа умдаалж байсан рашаант уулын аманд шар тосонд хайлуулан чандарлаад, найман шарга морийг нь онголж тавьсанаас "Шарга морьт" хэмээн нэрлэсэн байна. Богдын ордны дуу, хөгжим, цам, майдарын бүжиг наадам, гар урлал, уран хатгамал, зээгт наамал, мужаан, дарханы үйлийг хөгжүүлэхэд их дагинад тусласан, уригдсан хүн бол Дэндэвдулам хатан гэж хүрээнийхэн ярьдаг байж.

Тэрээр Дондогдулам хатныг өөд болоход:
Нарт ертөнцөөс халилаа даа эгч минь
Найман шаргыг хөллөөд одлоо доо
Шарга морьтын аман дахь
Шамбалын аманд очлоо доо
Зуны дунд сардаа хө
Жуузан дундаа холбирвоо хө
Залагдаж ирсэн Дондогдулам эгчдээ
Даншиг мандал өргөе дөө гэсэн үгтэй дуу зохиосон байдаг.

Бас нэгэн хувилбарыг сонирхуулъя.

Энэ амны дээд хэсэгт сүрьеэтэй хүүхдийн асрамжийн газар байсан хэдэн цагаан байшингийн зүүн хойно, уулын өвөрт ганц шарга морьтой өвгөн настай хүн байжээ. Хавь ойрынхон Шаргаморьтынх гэнэ.

Тэр ядуу хүн, нэг муу овоохой хар гэртэй, шарга мориороо бүх зүйлийг амжуулдаг нэгэн байсан юм билээ. Мориндоо тэрэг хөллөөд түлээ модоо түүж, самар жимс хурааж, хүрээ рүү илүүчлэн зарж наймаалдаг байв. Нэг зудтай өвөл шарга морь нь туйлдаж ядраад хавар оройхон ганц морь нь үхсэн юм гэдэг. Харамсаж гунихарсан эзэн нь мориныхоо толгойгоор хойд тахилгатай уулаа тахиж, тэргэнийхээ дугуйг уулын оройд аваачиж хүндэтгэлтэй залсан гэдэг. Шаргаморьтын тахилгатай уулын оройд яг морины толгой шиг жижигхэн хад, түүнээс зүүн тийш тэрэгний дугуй шиг дугуй хад байдгийн утга учир ийм юмсанжээ.

Шарга морио үхсний дараа нөгөөх эзэн нь гадагшаа гарахаа больж овоохой гэртээ суусаар байгаад таалал төгссөн гэнэ. Түүнийг хэн ч оршуулаагүй бөгөөд уул усандаа мөнхөрч үлдсэн ажээ. Шаргаморьтын аманд дунд нь хэвтээ хүн шиг чулуутай, яг л гэрийн буурийн хэртэй дугуй газар ямар ч гантай жил ногооноороо байдаг. Сүрьеэтэй хүүхдийн асрамжийн газрын хүүхдүүд тэнд очиж тоглох дуртай байж. Тэнгэр муухайрч хүйтэн боллоо ч гэсэн тэр чулуу бүлээхэн байдаг гэж тэнд өсч өндийсөн хүмүүс ярьдаг байна. Харин одоо битүү айл буусан тул тэрхүү буурь, чулуу хоёр хаана байгаа нь мэдэгдэхээ больсон.

Бидний Шарга морьт хэмээн нэрлэсэн зуслангийн газрын түүх ийм ажээ. Өнөөдөр үзэсгэлэнт сайхан Шарга морьт дахь рашаан нь хүмүүний зохисгүй үйлдлээр ширгэсэн нь даан ч харамсалтай. Монголчууд эртнээсээ дээдсийг нутаглуулсан газар юугаа эрхэмлэж ирсэн учиртай улс билээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ