АНУ-д бензиний үнэ сүүнийхээс хямд болж өдөрт 250 сая доллар хэмнэж байна

2010 оны арванхоёрдугаар сараас хойш АНУ-д бензиний жижиглэнгийн дундаж үнэ буурсаар нэг галлон нь гурван доллараас доош буужээ. (нэг литр нь 79 орчим цент). Тийнхүү америкийн бензин одоо сүүнээс хямд болсон байна. Харин нэг галлон сүү 3,73 доллар байгаа ажээ.

Машинтай хүмүүсийн ийш тийш явах нь цөөрдөг учир, намар АНУ-д машины түлш уламжлал ёсоор бага зэрэг хямдардаг, гэхдээ дэлхийн биржүүдэд нефтийн үнэ эрс буурч байгаагаас болоод энэ жил бензиний үнэ онцгой хурдан хямдарч байгаа ажээ.

Нефть экспортлогч орнуудын байгууллагын зарим гишүүн орон, тухайлбал Саудын Арави зах зээлд өөрийн эзлэх хувийг хадгалахын тулд үнийг доод хэмжээнд барьж байхад бэлэн байгаа нь энэ нааштай мэдээнд бүр түлхэц болж байна гэж Америкийн автомашины холбоо мэдээлсэн байна.

Түлш хямдарснаар АНУ-ын хэрэглэгчид бензиний дундаж үнэ галлон нь 3,68 доллар байсан зунтай харьцуулвал өдөр бүр 250 сая орчим доллар хэмнэх болж байна. Бензиний үнэ хямд байгаа нь АНУ-ын эдийн засагт эерэгээр нөлөөлөх ёстойг эдийн засагчид тэмдэглэж байна.

“Машины түлш хямдарч, бусад бараа, үйлчилгээний үнэ өөрчлөгдөхгүй байхад, хэрэглээний идэвхижил ихэсдэг. Олон хүн зул сарын болон шинэ жилийн бэлэг худалдан авдаг арваннэгдүгээр сард үнэ хямдарсан нь сайн хэрэг” гэж америкийн судалгааны IHS компанийн шинжээч Крис Кристофер дурджээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ