БНАСАУ шинэ шумбагч хөлөг онгоц үйлдвэрлэжээ

Умард Солонгос баллистик пуужин бүхий шумбагч хөлөг онгоц үйлдвэрлэсэн байна. Пхеньяны эрх баригчид шинэ төрлийн шумбагч хөлөг онгоцны дизайныг оросын хуучин шумбагч хөлөг онгоцноос хуулбарлажээ.
БНАСАУ-ын шинэ шумбагч хөлөг онгоцны тухай мэдээлэл нотлогдвол, усан дороос харваж буй пуужинг амдан сөнөөх бодит боломж байхгүй учир, Өмнөд Солонгос, АНУ хоёр Умардын пуужингийн халдлагад хавьгүй их эмзэг болно.
БНАСАУ баллистик пуужин бүхий томхон шумбагч хөлөг онгоц үйлдвэрлэж байгаа тухай мэдээ түрүүнд нь нэг бус удаа гарч байсан юм. Тэр ч байтугай шумбагч хөлөг онгоцны сансраас авсан гэрэл зургийг үзүүлж байжээ.
Үүнээс гадна, шумбагч хөлөг онгоцноос харвах баллистик пуужинг турших тусгай туршилтын талбай, төхөөрөг бүтээж байгаа тухай мэдээг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд олж авсан байна. Гэвч Умард пуужин бүхий шинэ шумбагч хөлөг онгоц үйлдвэрлэж хараахан амжаагүй гэж саяхан болтол үзэж байсан юм.
“Умард Солонгос 1958 онд үйлдвэрлэж, 1990 онд данснаас хасагдсан Зөвлөлтийн Goft төслийн дизель хөдөлгүүрт шумбагч хөлөг онгоцыг импортлож чадсан байна. Умардынхан уг хөлөг онгоцыг задлан, схемийг нь судлаж, баллистик пуужин бүхий өөрийн шумбагч онгоцыг бүтээжээ” гэж мэдээллийн Ёнхап агентлаг Өмнөд Солонгосын засгийн газрын учрыг мэдэх хүний хэлснийг иш татан мэдээлжээ.
Энэ нь саяхан америкийн хиймэл дагуулаас зургийг нь авсан яг тэр шумбагч хөлөг онгоц байжээ. Тэгэхэд 38North порталд ингэж мэдээлээд, шумбагч хөлөг онгоцны дараах үзүүлэлтийг дурдсан байна.
Их биеийн урт нь 67 метр, өргөн нь 6,6 метр, усны түрц нь 2500-3000 тонн ажээ.Шумбагч хөлөг онгоцыг Өмнөд Хамген мужийн Синпхо хотын боомтод үйлдвэрлэснийг “Российская газета” сонинд дурдсан байна.
Өмнөдийн эрх баригчдын мэдээлснээр, Пхеньяны удирдлага шинэ шумбагч хөлөг онгоц үйлдвэрлэх ажлыг нэгэнт дуусгаж, харин өмнө нь түүнээс баллистик пуужин харваж байгааг харуулсан олон туршилт хийжээ.
Шумбагч хөлөг онгоцыг бодитойгоор ашиглалтад оруулж, байлдааны жижүүрлэлтэд шилжүүлэхэд Умард Солонгост хоёр жилээс илүүгүй хугацаа шаардагдана гэж үзэж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ