Бензинтэй, газтай ус уух нь дутаж дээ

Нийслэл Улаанбаатар хотын хүн ам өсөн нэмэгдэж, хот өргөжин тэлэхийн хэрээр тухайн үеийн ерөнхий төлөвлөгөөний дагуу, 1960-аад оноос хойш хотын гадна барьж байгуулсан шатахууны агуулахууд хотын суурьшлын бүсэд орсон. Мөн хот төлөвлөлтийн норм, дүрмийг зөрчин хот дотор шинээр газар олгож бариулснаас газрын тосны бүтээгдэхүүн хадгалах, түгээх зориулалттай агуулахууд хотын суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулж, хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байна.

Ийнхүү томоохон хэмжээний аваар, осол гарах нөхцлийг бүрдүүлж байгаа нь “Монгол Улсын Үндсэн хууль”-ийн 16 дугаар зүйлийн 16.2–т заасан “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэсэн заалт буюу Монгол улсын иргэний үндсэн эрх зөрчигдөхөд хүрч байна.

Орон нутгийн удирдлагууд байнгын ашиглалтад хүлээж авсан газрын тосны байгууламжуудын аюулгүйн зай хэмжээг зөрчиж, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд газар эзэмшүүлэх эрхийг олгосоор байгаа. Тухайлбал, Цайз захын дэргэдэх Шунхлай ШТС нь одоогоос зургаан жилийн өмнө ашиглалтад орсон боловчзөвшөөрөлгүй газарт баригдсан гэдгийг баттай эх сурвалж ярьсан юм. Түүнчлэн өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа нь хэн хүний хардлагыг төрүүлсээр байна. Угтаа бол модны захын дэргэд шатах хий түгээх байгууламж байж боломгүй санагдана. Энийг энгийн хүн хараад ч ойлгоно.

Мөн ерөнхий боловсролын 14-р сургуулийн дэргэд Шунхлайгийн колонк ажиллаж байгаа. Анх нэлээд шуугиан дэгдээж байсан хэдий ч манайхан аливаа юманд амархан дөжирдөг зангаараа таг чиг болчихсон.

ШТС-ыг барьж байгуулахад маш олон төрлийн хуулийн заалтыг мөрдөх шаардлагатай. Хийн буцаах системтэй болон системгүйгээр нь ангилж ШТС нь хажуугийн барилгаас хэдэн метрийн зайтай байх талаар, мөн бусад холбогдох шаардлагуудыг 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөсмөрдөж эхэлсэн норм дүрмийг үндэс болгон мөрдөх ёстой. Гэтэл үүнийг нийслэл хотын хэмжээнд байгаа нийт ШТС-ын хэдэн хувь нь биелүүлдэг нь сонин.

Бас нэг анхаарал татсан асуудлыг авч үзье. Улаанбаатар хотын ундны усны ганц эх үүсвэр бол хатан Туул гол минь билээ. Түүнийг хамгаалах олон янзын арга хэмжээ авч байгаа хэдий ч бас чамлалттай байсаар байна.

Тухайлбал,та бидний мэддэгээр Улиастайн гүүр өнгөрөөд хойш эргэх тойргоос эхлэн төмөр хашлагаар хааж хамгаалалтын бүс гэсэн самбар босгосноор Туул голыг чиглэсэн замбараагүй олон машины замууд хаагдсан юм. Гэтэл төв зам дагуу тухайн хашлагыг түрж орсон “Сод монгол”-ын ШТС баригдаад хэдэн жил болоод байгаа.

Одоо бүр хаяа дэрлэн “Дашваанжил” авто газ түгээх станц байгуулагдаад сая ашиглалтад орсон байна. “Ундны усны хамгаалалтын бүс” гэсэн том самбараас холгүйхэн орших энэ хоёр станцыг эсэргүүцсэн оршин суугчид “Бид бензинтэй, газтай ус уух нь дутаж дээ. Манайхан дандаа өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх гэж байх юм. Ямар нэг эрсдэл учрахаас нь өмнө арга хэмжээ авмаар юм” хэмээн шүүмжлэлтэй хандаж байв.

Тус бүс газарт цэвэр усны хэд хэдэн худаг байрлах бөгөөд тэдгээр худгууд нь яг энэ замаас бол багагүй зайтай оршино. Тийм болоод ч тэр үү зарим иргэд “ШТС энд байлаа гээд буруудах зүйл байхгүй. Яагаад гэвэл, энд ил, задгай асгарч байгаа биш. Маш зузаан, найдвартай саванд хадгалдаг нь мэдээж. Тэгээд ч хийн буцаах систем гэдэг юмтай бол асуудалгүй биз дээ. Бас эд чинь галын аюулгүй байдлыг хангах олон арга, хэрэгсэлтэй байлгүй. Юм болгоныг буруу гэж туйлшрах хэрэггүй шүү дээ” гэж хэлэх хүн ч байсан юм.

Сүүлийн үед ундны усны эх үүсвэр, шугам сүлжээний хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүйгээр барилга байгууламж барих нь ихсэж байгаа талаар хэвлэл мэдээллээр мэр сэр дурдагдаж байгаа.

МХЕГ-аас 2013 онд Нийслэл болон сум суурин газрын хүн амын ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн нөхцөл, усны чанар аюулгүй байдал холбогдох хууль тогтоомж болон ундны усны стандартын шаардлага хангаж буй эсэхэд үнэлгээ дүгнэлт өгч, илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтад хамрагдсан 888 худгийн 33.8 хувь буюу 300 нь эрүүл ахуйн хамгаалалтын бүсэд бохирдуулагч эх үүсвэртэй гэж тогтоогджээ. Түүнчлэн худгийн бохирдуулагч эх үүсвэрийн дийлэнх нь оршин суугчидтай хамааралтай буюу гэр хороолол, малын хашаа хороо, жорлон, муу ус, хогийн цэг, ШТС, ногооны талбайбайна гэсэн дүгнэлт гарсан байдаг.

Эндээс харахад, тоолгүй орхих асуудал биш байгаа юм. Тэгэхээр энэ тал дээр холбогдох байгууллага нь зохих хариултыг ард түмэндээ өгч, олон нийтийн тайван, аюулгүй амьдрах нөхцөл боломжийг хангах шаардлагатай байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ