АНУ-д суугаа Оросын элчин сайд: Америкийн хэвлэлийн худал мэдээлэл цацдаг

Америкийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд Украины эргэн тойрны байдлын тухай мэдээллийг ихээхэн гуйвуулж байна гэж АНУ-д суугаа Оросын элчин сайд Сергей Кисляк үзэж байна. Тэр “Орос хэлээр ярьдаг эрдэмтдийн олон улсын холбоо” - RASA-гийн бага хурал дээр ингэж мэдэгджээ.

“Америкчууд зургийг үнэхээр танигдахын аргагүй болтол өөрчилж байна” гэж түүний хэлснийг РИА Новости агентлаг иш татжээ.

Саяхан америкийн хэвлэлийн гол гол мэдээллийн хэрэгслийн эрхлэгч нартай зангиагүй уулзалт зохион байгуулсан тухайгаа тэр ярьсан байна. “Яагаад ийм явдал болоод байгааг би ойлгохыг хүссэн юм. “Тал бүрээс л” мэдээлэл өгдөг гэж тэд ярьж байлаа. Харин Украины хувьд гэвэл, үнэн зүйлийг тайрч, хасдаг учир, эцэстээ худал мэдээлэл болдог” гэж тэр хэлжээ.

“Харин бидний тухайд гэвэл, бид өөрийн үнэлэлт дүгнэлтийг хүргэхийг мэрийдэг ч,тэр бүр хүрдэггүй” гэж Кисляк хэлсэн байна.

АНУ-ын санаачлагаар 2016 онд хийх цөмийн асуудлын тухай дээд хэмжээний уулзалтад оролцохгүй гэж Орос улс шийдвэрлэснийг тэр бас тайлбарлажээ. “Бид энэ дээд хэмжээний уулзалтад оролцохгүй гэсэн зарчмын шийдвэр гаргасан, гэхдээ энэ нь бид цөмийн зэвсэг болон цөмийн аюултай материал дэлгэрүүлэхгүй байх үйл ажиллагаа явуулахаас татгалзаж байна гэсэн үг биш юм” тэр хэлжээ.

Ийм арга хэмжээ нь тодорхой үр дүнд хүрэх ёстойг тэр дурдаад, “энэ дээд хэмжээний уулзалтаас бид үүнийг одоогоор олж харахгүй байна” гэжээ.

АНУ-д 2016 онд хийх цөмийн аюулгүй байдлын тухай дээд хэмжээний уулзалтад ОХУ-ын төлөөлөгчид оролцохгүй гэж Оросын ГХЯ арваннэгдүгээр сарын 5-нд мэдэгдсэн юм.“Дээд хэмжээний уулзалтад бэлтгэхийг санал болгосон систем нь бүх асуудалд зохион байгуулагчдын тулгаж буй чиг шугамыг зөвшөөрөхөд бэлэн биш байгаа улсуудын санаа бодлыг анхааралдаа авах боломж олгохгүй байна” гэж Оросын гадаад бодлогын байгууллага тэмдэглэжээ.

Америкийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд энэ тухай мэдээ гарсны дараа ингэж мэдэгдсэн юм. Арваннэгдүгээр сарын 4-нд Ассошиэйтед пресс агентлаг дипломатын учрыг мэдэх хүний хэлснийг иш татахдаа, Оросын тал цөмийн асуудлын тухай дээд хэмжээний уулзалтад оролцох бодолгүй байна АНУ-д мэдэгдсэн мэтээр мэдээлсэн юм. Ийм арга хэмжээг ганцхан тал биш, харин олон улсын байгууллага болох МАГАТЭ явуулах ёстой гэж үзэж байгаагаа Оросын тал илэрхийлсан байна.

Ингэж мушгин гуйвуулсан мэдээ тараасныг ОХУ-ын ГХЯ Орост дарамт шахалт үзүүлэх гэсэн бүтэлгүй оролдлого гэж тодорхойлжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ