200 сая юанийг /33 сая ам.доллар/ гэртээ нуусан байжээ

Хятадын Үндэсний эрчим хүчний газрын Нүүрсний асуудал хариуцсан товчооны дэд дарга Вэ Пэнгуан 33 сая ам. доллартай тэнцэх хээл хахуулиа нуусан тухай мэдээлэл ABCNEWS цахим хуудаснаа нийтлэгджээ. Энэ их хэмжээний мөнгийг тэрээр гэртээ нуусан байсан бөгөөд 200 гаруй сая юанийг мөрдөн байцаагчид бэлнээр олсон байна.

Үндэсний эрчим хүчний газар нь зарим чиг үүргийн хувьд тус улсын бодлого төлөвлөх байгууллага буюу Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороонд харьяалагддаг юм. Прокурор Сюй Жиньхуэйгийн мэдэгдэж байгаагаар авлигын хэргээр мөн Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос 11 ажилтныг мөрдөн шалгаж байгаа бөгөөд тэдний зургаа нь олон сая юанийн хээл хахууль авсан байх магадлалтай гэнэ. Түүнчлэн тэд макро эдийн засгийн бодлогын төсөл боловсруулаад зогсохгүй төслүүдийг батлах эрх мэдэлтэй ба олон компанийн сонирхлыг шууд хянадаг аж.

Авлигын хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа албан тушаалтнуудын гэрээс Хятадын мөрдөн байцаагчид бэлэн мөнгө хураах явдал цөөнгүй байдаг ч, энэ удаад илрүүлсэн мөнгөн дүн маш их тул уг мөнгийг тоолохоор авч ирсэн 16 ширхэг мөнгө тоолох машины дөрөв нь эвдэрсэн гэж Санхүүгийн мэдээллийн “Caixin” агентлаг мэдээлсэн байна.

Хэрэв эдгээр бүх мөнгө хятадын 100 юанийн дэвсгэртээр байсан бол 200 метрийн өндөр шонтой адил, мөн алдарт Эйфелийн цамхагийн 2/3-той тэнцэхүйц өндөр, жин нь гурван тонн гаруй байх ажээ.

Г.Уянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ