Сэлэнгэ гэдэг нь Төмөртэй гэсэн утгатай үг

Нэгэн цагт бидний амьдран буй энэхүү газар нутагт монголчууд биднээс өөр угсааны Сяньби, Жужан, Түрэг (М.Э. 540-745 он), Уйгар, Кидан зэрэг төрт улсууд нутаглаж байсан үе бий. Эдгээр улсууд нутаглаж байсны ул мөр нь элдэв булш бунхан, хүн чулуу, бичиг үсгийн гэх мэт биетээр олдож буй дурсгалаас авахуулаад газар усны нэрэнд хүртэл үлджээ.

Ер нь газар усны нэрийг ажиглахад тэнд нутаглаж байсан ард түмэн л уул, усандаа голчлон нэр өгдөг ажээ. Тухайлбал, одоо учир утгыг нь төдийлөн сайн мэдэхгүй гэж хэлж болох Сэлэнгэ гэдэг нь Төмөртэй гэсэн утгатай хамниган нэр, Байгал нуур нь Байкөл буюу эртний түрэг хэлээр Баян нуур, Хөвсгөл нуур бол Көк сү көл буюу эртний түрэг хэлээр Хөх уст нуур /Ринчен, 1966, 27, 78/ зэрэг үгс нь тухайн үндэстэн энд нутаглаж байсны баталгаа болж байна.

Аливаа газар усны нэрийг гол шинжээр нь ангилбал, хэлбэр дүрс заасан “Ширээ”, “Дөш уул”, эрдэс баялгаар нэрлэсэн “Эрдэнэт”, “Оюу толгой”, амьтнаар нэрлэсэн “Хандгайт”, “Ёлын ам”, тоо хэмжээгээр нэрлэсэн “Таван Богд”, “Гурван сайхан” гэх мэт жишээ татан яривал тун олон бий.

Тэгвэл эдгээрээс онцлон Булган аймгийн Бүрэгхангай сумын нэрийн тухай сонирхон авч үзье.

“Бүрэг” хэмээх үгийг тайлбар толиос үзвэл хоёр утгатай байна. Нэг нь бүрэг дорой буюу, хүний зан араншинг тодорхойлсоннэр, нөгөө нь тод биш бүрэг бараг харагдах гэсэн утгатай үг юм байна. Уулын нэр бүрэг дорой зан ааштай холбоотой байна гэж мэдээж байхгүй, далайн төвшнөөс дээш 1850 гаруй өндөр хараа бараатай уулыг бүрэг бараг харагдахаар нь нэрлэнэ гэж байж таарахгүй. Эл үгийн утгын талаар судлаачид ч саналаа хэлж байжээ. Тухайлбал, “...Хятан гүрнийг үндэслэгчийг сурвалж бичигт Абаоцзи хэмээсэн байдаг бөгөөд энэхүү Абаоцзийг оршуулсан газрыг “Му-е-шань” гэдэг. Шань нь уул, нуруу гэсэн утгатай, “м” ба “б” авиа олон хэлнээ харилцан сэлгэдэг, тохирдог авианууд тул “Му-е” нь “бүрэг”(хангай) байж болох юм...” гэж Кидан улсын үетэй (X-XIIзуун) холбон эрдэмтэн Б.Сумъяабаатар зохиолдоо дурьджээ.

Мөн эрдэмтэн О.Сүхбаатар энэхүү нэрийн утгыг төвдөөр ‘brug буюу луу гэсэн утгатай, өөрөөр хэлбэл төвд нэр хэмээн тайлбарласан байдаг. Ер нь хожуу шашин, соёлын холбооноос шалтгаалсан төвд нэртэй Говьсүмбэр аймгийн Чойр уул (Чойр-номын дацан), Жанчивлангийн рашаан (Жанчивлан-бодь тив, хийд), Хэнтий аймгийн Норовлин (Норовлин- эрдэнийн хийд) нэрт уул зэрэг жишээ зөндөө байдаг.

Монгол нутагт Жужаны дараа бусад нүүдэлчний дундаас товойн гарч, тэднийг зонхилох болсон аймаг нь Түрэгүүд байв. Эртний түрэг үгийн толиос үзвэл tarqan-дархан хэмээх үгийг цол хэргэмийн нэр “титул” хэмээн тайлбарлажээ. Эл дархан гэдэг цолын тухайд ном сударт өгүүлсэн нь: “...Түрэгийн төрийн дээд эрхийг хаан эзэрхэх бөгөөд хааны зөвлөх сайдууд эзлэгдсэн орныг захиран суух “ябгу” буюу “шад” хэмээх цолт дээд түшмэл, мөн дагаж орсон аймгуудын хаад, аймгуудын зонхилогч “түдүг”, алба татвар хураагч “дархан” хэмээх түшмэл, “буюрук” гэдэг шүүгч зэрэг албаны хүмүүс төрийн төв аппарат болдог байжээ.

Бүрэгийн нурууны баруун талд байх Огол хэмээх уулын нэр ч эртний түрэг хэлний үг бололтой. Толиос үзвэл энэхүү уулын нэртэй төсөө бүхий Ogla, Oglan гэх зэрэг үгс байх бөгөөд эдгээр үгсийг хүү, хүүхэд, хөвгүүн гэх зэргээр орчуулсан байдаг. Огол бол эртний түрэг үг мөн. Буюрук, дархан, огла гэсэн энэ гурван үг эртний түрэгийн рун бичгийн дурсгалуудад ч бас тааралдана. Ийнхүү Бүрэг, Дархан, Огол гэх энэ гурван нэрийн утгыг энэ мэтээр мөшгөн үзвэл Бүрэг, Дархан хоёр нь цол хэргэмийн нэр, Огол нь нөгөө хоёр нэрээсээ арай багын утгыг илэрхийлсэн ураг удмын хамааны нэр ажээ.

Бүрэг, Дархан, Оголын ойр орчмын уул усны нэрсийг харвал энэ гурав шиг хоорондоо холбоотой гэмээр содон нэр байхгүй гэж хэлж болох юм. Тухайлбал, Шувуут, Асгат толгой, Баян хангай, Эрдэнэ уул, Бага дулаан, Тахилт, Номт толгой гэсэн дан монгол нэртэй уул нурууд байна. Энэ бүхнээс дүгнэхэд, “Бүрэг” хэмээх нэрийн эртний хэлбэр бол “буюрук” мөн юм. Буюрук нь буюруг-бүрүг-бүрэг гэх мэт, Тархан нь дархан, Огла(н) нь огла-огло-огол гэх зэргээр эдгээр үгэнд авианы хувирал, хувьсал явагдсаар өнөөдөр бидний хэлж заншсан нэршил болсон юмсанжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ