Севол хөлгийн ахмад 36 жилийн ял сонслоо

Севол хөлөг онгоцны ахмадад Өмнөд Солонгосын шүүхээс хариуцлага алдсан, хөлгөө орхиж явсан хэргээр 36 жилийн ял оноожээ. 68 настай ахмад И Жун-сук "Би ноцтой гэмт хэрэг үйлдсэн. Намайг өршөөгөөрэй. Өмгөөлөгч бас бурхан надад хичнээн их тусалсан ч шоронгоос зугтаж чадахгүй гэдгээ ойлгож байна. Гэхдээ би миний хүүхдүүд, ач, зээ нарыг маань алуурчны гэрийнхэн гэж дуудахыг тэвчиж чадахгүй. Би хэзээ ч хүнийг алах санаатай зүйл хийгээгүй" гэж мэдэгдэж байсан.
Дээрх хэрэгтэй холбоотойгоор хөлгийн ахлах инженерт 30 жил, хөлгийн багийн бусад 13 гишүүнд 20 хүртэлх жилийн ял тус тус оноосон байна.
Хэргийг эргэн сануулахад өнгөрөгч дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Өмнөд Солонгосын Чежү арлыг чиглэн хөвж явсан "Севол" гатлага огцом эргэлт дээр тэнцвэрээ алдан хөмөрч, осолдсон юм. Хөлөг онгоцон дээр 475 зорчигч байснаас ердөө 170 гаруй хүнийг аварч чадсан юм. Харин онгоцтой хамт живсэн 304 зорчигчийн 159-ийнх нь цогцсыг далайгаас гаргаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.
Үлдсэн 100 гаруй хүний цогцсыг олж чадаагүй тул ор сураггүй болсонд тооцсон юм. Хөлөг онгоцны ослоос эсэнд мэнд аврагдсан хөлгийн ахмад И Жун-сук болон багийн бусад 15 гишүүн зорчигчдыг бүхээгнээсээ гарахгүй байхыг анхааруулсан хэрнээ өөрсдөө хөлгөө орхижээ. "Севол" хөлөгт Ансан хотын Данвон ахлах сургуулийн 350 гаруй сурагч, багш нар зорчиж явсан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ