Дайсныхаа зүрхийг идэж буй бичлэг цацагдав

Сирийн босогчдын Омар аль Фарук бригадын цэргүүд засгийн газрын цэргүүдийн зүрхийг сугалан идэж буй дүрс бичлэг интернэтэд цацагдан шуугиан дэгдээлээ. CNN, BBC зэрэг мэдээллийн агентлагууд энэ талаар шуурхай мэдээлж Сирийн иргэний дайн зэрлэг бурангуй, сөргөлдөгч талууд нэгэндээ хүн бус араатан мэт харьцаж байгаа талаар өгүүлж байна.

Бичлэг дээр Сирийн ерөнхийлөгч Башар Ассадын амь үрэгдсэн цэргийн цогцсоос босогчид зүрхийг нь сугалан авч "Башар чиний цэргүүд, чиний хөлсний нохдыг бүгдийнх нь зүрхийг сугалж идэх болно, Аллах агуу" хэмээн хашгиралдан идэх аж.

Сирийн босогчдын дунд 20 мянга орчим цэрэгтэйгээр томоохонд тооцогддог Омар аль Фарук бригад нь 2011 оны зургадугаар сард Хомс хотын тулааны үеэр байгуулагдсан бөгөөд толгойлогчийг нь Абу Саккар гэдэг.

Хүний эрхийн олон улсын байгууллагууд сөргөлдөгч талуудын харгис байдлыг ихэд шүүмжилж байгаа бөгөөд иргэний дайн эхэлснээс хойш 70-80 мянган хүн амиа алдаад байна.

Мөн сүүлийн үеийн мэдээллээр Израйлийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху ОХУ-д айлчилж байгаа бөгөөд Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотноо Сирийн асуудлаар яриа хэлэлцээ хийж байгаа. Оросын тал өнгөрсөн долоо хоногт израйлийн агаарын хүчин Сирийн нутагт цохилт хийснийг эрс шүүмжилж байгаа бол еврейн улсын тэргүүн Дамаск руу оросын хөлөг онгоцууд зэвсэг зөөсөөр байна хэмээн буруутгажээ.

Н.Умард

СЭТГЭГДЭЛ БИЧИХ