Амь бөх Вышинскийн удирдамж

Манжийн эрхшээлийн үед Монголын дундад үеийн хууль цаазын сэтгэлгээ хэм хэмжээ уламжлагдан хэрэглэж байсан бөгөөд 19 дүгээр зууны төгсгөл үед тэдгээрийг халах оролдлогууд хийж Монгол цаазын бичиг, зарлигаар тогтоосон гадаад Монголын төрийг засах явдлын яамны хууль зүйлийн бичиг зэрэг олон арван дэвтэр хуулийг тусгайлан гаргасан боловч тэр бүр мөрдөж байсан тухай мэдээ хомс байна. Манжийн эрхшээлийн үед монгол нутагт манжийн төрийн бодлого хууль цаазын хэрэгжилт түүнд хяналт тавих байгууллагыг анх удаа байгуулсан бөгөөд тэдгээрийг нь заргачийн газар хэмээн нэрлэдэг байжээ. Тэр үед манжийн эрүү шүүлт нь туйван, чавчирга, шаахайдах, хүллэг, сараалж, дүүжин, хөшүүр /хонгор азарга/, төөнүүр, хавчуур буюу савслага гэх мэт болно. Урьдийн засгаас ололттой тал нь хүүхэд эмэгтэйчүүдэд эрүү шүүлт хэрэглэх явдлыг таслан зогсоох оролдлого хийж байжээ. Эрүү шүүлт нь гэмт хэрэгтний буруугаа хүлээн мэдүүлэх, өчиг шийдвэрлэх гол нотлох баримт болдог. Үнэн байдлыг тогтоох эд мөрийн баримт болон гэрч олдохгүй, гэмт этгээд үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлэхгүй бол, харилцан хэрэг мэлзэж тэмцэлдсэн буюу заргалдсан этгээдүүдэд хөндлөнгийн гэрч тэмдэг, сэжиг сэдэвгүй бөгөөд хэрэг хагалах баримт мөхөс бол, албан үүргээ осолдон цалгардсан засаг захиргааны доорд тушаалтан нарыг шахаанд оруулдаг. Ардын Засгийн газар хууль тогтоох үйл ажиллагаандаа Зөвлөлт Орос Улсын хууль тогтоомжийн туршлагыг харгалзан үзэж байлаа. Зөвлөлт Орос Улсын 1919 оны эрүүгийн эрх зүйн удирдлагын үндэс, 1922 оны Эрүүгийн процессын хууль нь манай орны хувьд шууд хуулбарлан хэрэглэхийг зөвлөж, энэ ажиллагааг хэрэгжүүлэх “орос сургагч”-тайгаа ирүүлж, онцгой анхаарал халамж тавьсан. Энэ үед ангийн тэмцлийн үзэл санаа эрүүгийн хууль тогтоомжид гүн гүнзгий тусгалаа олж байлаа. Шүүхээр гэм буруутай нь нотлогдох хүртэл хэнийг ч гэм буруутай тооцож болохгүй гэдэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гол зарчмын өмнөөс сөргүүлэн тавьсан нэг зарчим бол сэжигтэн яллагдагч өөрийн гэм буруугаа хүлээсэн бол хамгийн гол нотлох баримт мөн гэсэн үзэл хэрхэн дэлгэрсэн тухай авч үзэх хэрэгтэй болдог. 1930-1950 аад сүүл үе хүртэл ЗСБНХУ-ынхууль хяналтын байгууллага, улмаар гадаад хэргийн яамыг толгойлж байсан Андрей Януарьевич Вышинский гэх эрхэм тухайн үед Орос орныг нөмөрсөн том хэлмэгдүүлэлтийн баримт бичгийг боловсруулан, гардан гүйцэтгэсэн гэж үздэг. Хэдийгээр зарим хүмүүс Выщинскийн боловсруулсан энэ удирдамжийг больщевик нам шууд баримталж Сталины үеийн Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны гол үзэл баримтлал болгон хэрэглэж байсан гэдэг ч яг гаргасан онол, сургууль гэж байхгүй юм. Харин тухайн үеийн Ерөнхий Прокурорын хувиар өгч байсан үүрэг, чиглэл, албан даалгаврууд нь хэрэгтэн гэм буруугаа хүлээсэн бол хурдан шийдвэрлэж, яллаж байхыг зөвлөсөн шинжтэй байжээ. Түүний оролцоотойгоор шийдвэрлэсэн хамгийн дуулиантай хэрэг бол 1936-1938 онд болсон “Москвагийн шүүх хурал” бөгөөд энэ хурал гурван үе шаттай үргэлжилж нийтдээ 50 орчим төрийн өндөр албан тушаалтыг цаазлах буюу буудан хороох шийдвэр гаргасан явдал юм. Тухайн үед Германы эрх зүйн нөлөө их байсан ч социалист эрх зүйг хөгжүүлнэ хэмээн татгалзаж мөрдөн шүүх хэв маягийн загвар энэ л үед хөгжсөн гэж үздэг. Дэлхийн хоёрдугаар дайны үеийн цэргийн гэмт хэрэгтнүүдийг шүүх “Нюрнбергийн шүүх хурал” болж байх үед Вышинскийн нөлөө ихэд хүчээ авч тэрбээр зөвлөх шүүгч хийж байсан оросын төлөөллийн прокурор, шүүгч нарыг далд гараар удирдаж, заавар зөвлөгөө өгч байсан гэлцдэг. Үүнтэй зэрэгцээ шахам Монгол Улсад 1939 онд болсон хэлмэгдүүлэлт дээрх зураглалаар явагдсаныг бид бэлхнээ мэдэж байгаа. Улстөрийн гэмт хэрэг үйлдэж, эх орноосоо урвасан нам төрийн эсрэг үйл ажиллагаа явуулсан гэх зохиомол хэрэг орос сургагч нарын шууд зааврын дор “Лхүмбийн хэрэг” гэгчээс хэлж “Порт Артурын хэрэг” хүртэл онцгой харгис аргаар үргэлжилж хэрэгтэн этгээд хэргээ хүлээсэн л бол буудан хороож шийтгэдэг явдал газар авсан байв. Энэ үед тухайн үйл явдлыг эсэргүүцсэн Монгол Улсын Прокурорыг мөн л буудан хороосон аймшигт баримт байдаг. Ийм маягаар удаан үргэлжилсэн дээрхи үзэл хожим Монголын эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйн тогтолцоонд ноцтой уршиг тарьж, амь бөхтэй зууралдсаар байсан. 1930-аад оны сүүлээс 1940 оны эхэн хүртэл явагдсан хэлмэгдүүлэлт хамгийн бүдүүлэг, хүнлэг бус байдлаар үргэлжилж 31 мянга 742 хүн хэлмэгдсэн юм. Үүнээс буудан алах ял шийтгүүлсэн 20262, хорих ял шийтгүүлсэн 11446 хүн байлаа. Хэлмэгдүүлэлтийн тухай НАХЯ-ны Намын хорооны дарга байсан хурандаа Ш.Агваан 1991 онд Чойбалсан ба дотоод явдлын яам судалгааны зохиолдоо бичихдээ “...тусгай бэлтгэсэн хэдхэн үжир асуултаар тулган байцаах бүдүүлэг арга барил дэлгэрч: Чи хэнд элсэгдсэн бэ?, Хэнийг элсүүлсэн бэ? гэдэгт заавал хариу авах шахалт хийж хууль бус мэдүүлэг гаргуулж байжээ. Албадсан ийм мэдүүлэг гаргуулахын тулд зодож, занчих, өлсгөж, цангаан, дааруулах, буудан ална хэмээн сүрдүүлэх, удаан хугацаагаар зогсоох, өндөр сандал дээр суулгах, мөстэй хүйтэн өрөөнд хорих, олон цаг хоногоор жижүүрлэн байцаах гэх балмад аргаар байцаахдаа “хар, шар фөодалуудад харгис засгийнх нь харгис аргаар байцаана” хэмээн есөнэрүү шүүлтийн зарим хэлбэрийг нэн түгээмэл хэрэглэдэг байсан тухай дурджээ. Эдгээр арга нь тухайн үөдээ хэрэглэгдэж байсан онцгой аргуудын нэг байж болох боловч 1942 оны 2 дугаар сарын 24-нд гаргасан МАХН-ын Төв хорооны Тэргүүлэгчдийн “онц-нууц” тогтоолд “.. дайсан этгээдийг эрхтэнд нь харш гэмтэлгүйгээр зодох ба занчиж болох эрх зөвшөөрлийг ДЯЯ-ны сайд нөхөр Шагдаржавын өөрийн хатуу хариуцлагад даалган өгсүгэй гээд энэхүү аргыг зөвхөн төвд хэрэглэхийг зөвшөөрсүгэй” гэсэн нь сонирхол татаж байгаа юм. Мөн “Зодож занчих арга нь мөрдөн байцаалтын хамгийн хатуу арга хэмжээ болох тул энэхүү арга хэмжээг онц хүнд хэрэгт хэрэглэх”-ийг даалгасан байна. Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, Сүрэнжав нарын гарын үсэгтэй энэ тогтоолд дотоод, гадаадын хувьсгалын эсэргүү гэж үзсэн бүх хүмүүст хэрэглэж байх жишиг тогтож, онцгой эрхэт “Тусгай комисс “ гэгч нь дураа аашлаж, прокурор, шүүхээс гадуур 1955 оны 3 сарын 18-ны өдрийг хүртэл хүнийг хилсээр шийтгэсээр байсан юм. 1963 оны Эрүүгийн байцаан шийтгэх хууль нь үндсэндээ 1996 он хүртэл үйлчилж байсан. Энэ хуульд сэжигтэн өөрийн эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзах, анхан шатныхаас бусад шүүх хуралд оролцох, өөрийн болон өмгөөлөгчийнхөө хүсэлтээр явуулж буй байцаан шийтгэх тодорхой ажиллагаанд оролцох, бусад этгээдээс шүүхийн шийдвэрт гаргасан гомдол, эсэргүүцэлтэй танилцах, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлоо төлүүлэх, урьдчилсан мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгчийн туслалцаа авах зэрэг эрхээр хангагдах боломжгүй байсан нь хүний эрхийн талаарх олон улсын баримт бичиг, ардчилсан төрт ёсны шаардлагыг хангах талаар ихээхэн учир дутагдалтай байсныг харуулдаг. 2000 оны дундуур Хүний эрхийн Үндэсний Комисс байгуулагдаж эрүүдэн шүүлтийнбайгаа эсэх талаар олон улсын шинжээч Манфред Новакийн хийсэн судалгаагаар эрүү шүүлтийн хэлбэрээс гадна гэм буруу нь нотлогдоогүй, хугацаагүй хоригдож байгаа олон хүн байгааг илрүүлж, гэмт хэрэг хүлээлгэх арга болсон тухай иш баримттай дурджээ. Тухайн үеийн хууль хяналтын байгууллагын зөвлөгөөн дээр энэ алдаа дутгадлын талаар хүчтэй шүүмжлэл явагдаж , урьдчилан хорих байр, хорих ангид тураалаар нас барсан хоригдлын тоо дунджаар жилдээ 120-д хүрч байсан нь бодит үнэн юм. Хуулийн байгууллагын шинэчлэлд ийм амь бөхтэй арга барил, газар авсан хандлага өөрчлөгдөхгүй явсаар ирсэн хожим дээрхи үр дагаварт хүргэсэн. Энэ үед нэгэндээ хэрэг худалдах, илрээгүй хэргүүдийг олон гэмт хэмт хэрэг үйлдэн шалгагдаж байгаасэжигтэнд тохох, хоорондоо хэрэг наймаалах буюу “судар солилцох” гэх мэт үзэгдэл гарч ирсэн.

Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн нэрээс аваад үзэхэд мөрдөн байцаагч, прокурор шүүгч нарт хүртэл ямархан “стериотип” үүсгэж, хандлага төрүүлж байгаа нь тодорхой байна. Эрүүдэж, байцааж шийтгэх тухай хууль гэсэн нэртэй. Уг нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хууль нэртэйгээр олон оронд хэрэглэгдэж байна. Хуулийн нэр, зүйл заалт, үзэл баримтлалаас гадна тогтсон уламжлалт хандлагаас хууль сахиулах байгууллагын алба хаагчид ангижраагүй байгаа учраас хэргээ хүлээсэн л болхэргийг шийдвэрлэчихэж болно гэж үздэг үзэл байгаа талаар ярьж хэлж бичиж байгаа нь ийм түүхэн уламжлалтай юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ