Халдвар авсан 13 эмэгтэй нас баржээ

Энэтхэгийн Засгийн газар төлөвлөөгүй жирэмслэлтийг зогсоохын тулд эмэгтэйчүүдийг үрийн суваг боолгох мэс ажилбар хийлгэхийг шаардаж байгаа аж. Үүний дагуу өнгөрсөн амралтын өдөр Пендари тосгоны83 эмэгтэй дээрх мэс ажилбарыг хийлгэжээ.

Харин энэ долоо хоногийн эхээр Энэтхэгийн Чхаттисгарх мужийн 60 эмэгтэй эмнэлэгт хагалгаа хийлгэх явцдаа халдвар авч 13 нь амиа алдсан талаарх мэдээллийг dailymail.co.uk бичжээ. Халдвар авсныг шинжилгээгээр тогтоосон байна. Үүнтэй холбоотойгоор Энэтхэгийн ард түмэн Эрүүл мэдийн сайдаа огцрохыг шаардаж эхэллээ. Мөн “Конгресс” намын удирдлагууд орон даяар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахыг уриалж, Ерөнхий сайд Нарендра Модиг ард түмнээсээ уучлалт гуйх ёстой гэж үзэж байгаа юм.

Мэс ажилбар хийсэн эмчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бол эрүүл мэндийн салбарын дөрвөн албан тушаалтныг ажлаас нь халжээ. Засгийн газраас хохирогчдын гэр бүлд 6600 ам.долларын нөхөн төлбөр өгөхөөр болсон байна.

Г.Уянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ