Жүжигчин Л. Чаминчулуун: Сэтгэлд тодхон Өвөр Монгол шавь нар минь

Багш хүн гэгч түмний олон үрсийн төлөө бүхнээ зориулсан сэтгэлийн их хайлан байдаг. Олон сайхан шавь нараараа цэцэг адил хүрээлүүлэн, тэдэнтэйгээ ид бужигнаж байх үеэр нь оюутнуудын дундуур явсаар тэнхимд нь хүрч, та бидний танил дотно жүжигчин, эх орондоо төдийгүй Өвөр Монголд нэр хүндтэй, хайр, инээмсэглэл харцнаас нь гэрэлтэж байдаг Соёл Урлагийн Их Сургуулийн Театрын урлагийн сургууль, тайз дэлгэцээс ярих урлагийн тэнхимийн ахлах багш, профессор, Монгол Улсын Гавьяат жүжигчин Лувсангомбын Чаминчулуунтай хийсэн ярилцлагаа уншигч танаа хүргье.
Юуны өмнө таньд Багш нарын баярын мэнд хүргье. Баярынхаа өдөр ажил ихтэй харагдана, хэрхэн тэмдэглэж байна даа?
-За баярлалаа. Тийм ээ, маш их ажилтай, оюутнуудтайгаа бужигнаад л байж байна. Өглөө л ирж ажилласан, орой ажлаа тараад л харина даа. (инээв)
Та Өвөр Монголд яг хэзээнээс эхэлж хичээл сургалт явуулж эхэлсэн бэ?
-Өвөр Монголын нэртэй жүжигчин Гэрэлт гэж манай СУИС-ийн бүтээгдэхүүн, мундаг залуу Өвөр Монголчуудын үзэх дуртай “Инээдтэй үдэш” гэдэг үзүүлбэрийг хариуцан ажилладаг байсан. Анх 2006 оны 1-р сарын 1-нд жүжигчин Аглу, Бямбацогт бид нарыг тэрхүү арга хэмжээндээ оролцуулсан юм. Тухайн оныхоо 6 дугаар сард нь ӨМ-ын Одон телевизийн нэвтрүүлэгч, хөтлөгчид, мөн кинонд дуу оруулагчдад буюу “авиалагч”-дад зориулж хоёр сарын хугацаатай мэргэжлийн хичээл сургалт явуулж эхэлсэн. Тэр цагаас хойш өвөлдөө, зундаа байнга Өвөр Монголд очиж сургалт явуулдаг болж, тэнд олон шавь нартай боллоо.
Таны сургалтын гол онцлог юу вэ? Өвөр Монгол шавь нар нь хичээлдээ хэрхэн ханддаг вэ?
Өвөр Монгол шавь нар минь их зүтгэлтэй, сайхан сэтгэлтэй, аливааг сурч мэдэхийн төлөө чин сэтгэлээсээ чармайдаг, маш их эрмэлзэлтэй. Тэдний дунд залхуу хойрго, хойш суудаг залуучууд бараг ховор доо. Сургалт явуулах хугацаандаа би олон зүйлийг мэдэрсэн. Энэ хүүхдүүдийн сайн сайхны төлөө, тэднийг юманд хүргэчих юмсан, наанадаж хүнд хэцүү үед даваад гарах сэтгэлийн тэнхээ өгөхсөн гэж боддог. Миний хичээл өөрөө зөвхөн мэдлэг, боловсрол, мэдрэмж олгохоос гадна хамгийн гол нь сэтгэлийн их тэнхээ олгож байгаасай гэж, түүний төлөө тэднийг зоригтой, эрэмгий болгох талаас нь илүү анхаарч хичээж ажилладаг даа. Тэрийг минь Өвөр Монгол шавь нар маань ихэнх нь сэтгэл зүрхэндээ шингээж авсан нь анзаарагддаг.
Таны нүдээр Монгол болон Өвөр Монгол шавь нарын хоорондын ялгаа гэвэл?
Өвөр Монгол, Монгол хүүхдүүдийн хооронд ялгаа бий. Мэдээж, энэ бол амьдарч буй орчин, тойрон хүрээлж байгаа хүмүүс, сурсан мэдлэгийн түвшин, олсон боловсрол гээд янз бүрийн зүйлээс шалтгаалж байгаа. Гэхдээ бүгдээрээ Монгол л хүүхдүүд юм чинь монгол хүний тэр морин дэл дээр хийсдэг хийморьлог, тэр эрэмгий сайхан чанар нь Өвөр Монгол хүүхэд бүрийн зүрх сэтгэлд байж байдаг. Энэ бол хэзээ ч ялгагдашгүй нэгэн чухал чанар шүү дээ. Надад бүгдээрээ л хийж бүтээе, суръя, мэдье гэсэн хүсэл эрмэлзэл дүүрэн байгаа нь мэдрэгддэг. Хоорондоо харилцан адилгүй хүүхдүүд байдаг л даа. Тухайлбал, ар гэрийн түвшин, нөхцөл байдлаас хамаараад эрх өссөн, багшаар өөрийнхөө аав ээж адил аргадуулах гэдэг нэг хэсэг бий. Зарим нь бүр яаж ч няцааж, хатуу үг хэлж байсан даваад цаана нь гардаг. Энэ бас тэдний гэрийн хүмүүжлээс улбаатай. Эрмэлзлийн хувьд Өвөр Монгол хүүхдүүд монгол хүүхдүүдээс илүү их зүтгэлтэй. Тэдний өөртөө нэгийг мэдээд үлдэхсэн гэсэн дотоод сэтгэлийн, зүрхнийх нь эрмэлзэл илүү хүчтэй байдаг.
Өвөр Монголын аль аль газраар хичээл сургалт явуулдаг вэ?
Хайларт хоёр жил, Зүүн Үзэмчин, Баруун Зүүн Сөнидөд, Хөвөөт шар, Авга, Шилийнхотод заалаа. Зун цагт голдуу Шилийнхотод сургалт явуулдаг. Тэнд бол миний байнга хичээл явуулдаг суурин сургалтын алба байгуулахаар бэлтгэж байна. Энэ жилийн явуулсан сургалтын амжилттай нэг зүйл бол Хайларт бага насны хүүхдүүдэд хичээл ороход үнэхээр сэтгэл хөдөлж байлаа. Тэд дэндүү гэгээлэг, өхөөрдмөөр, хайр хүрмээр, ямар хөөрхөн байсан гэж санана, салахад үнэхээр хэцүү байсан шүү. 6-13 насны 20 гаруй хүүхдэд хичээл заасан минь амжилттай болж, сэтгэл маш өндөр байсан. Одоо дахиад Зүүн Үзэмчин хошуунд сургалт явуулах урилгатай байгаа.
Өвөр Монголд биечлэн очиж хичээл сургалт явуулах, мөн тэд өөрсдөө Монголдирж суралцахад ямар ялгаа байна? Ялангуяа хичээл, программын хувьд?
Программын хувьд түргэвчилсэн сургалтаар орж байгаа, гэхдээ бүх заах зүйлээ багтаагаад ордог, ингэхээс ч өөр арга байдаггүй. Монголд ирж суралцахад хүүхдүүд бүхэл бүтэн дөрвөн жил гэр орноо орхиод энд ирээд сураад явдаг ч гэсэн тэнд нь очиж заахад тэд богино хугацаанд их зүйлийг сурах боломжтой байдаг.
Одоо үеийнхэн дундаа амжилттай яваа, хичээл сургалтын үр шимээ хүртэж яваашавь нараасаа нэрлэвэл?
Өвөр Монголд телевизийн найруулагч, жүжигчин Дэлхий гэж манай СУИС-ийн жүжигчний ангийг найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн н.Ганхуяг багш бид хоёрын удирдлага дор төгссөн залуу бий. Мөн Хөлөнбуйрт урын сангаа баяжуулж чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байгаа Оргил, Бээжинд Дурнаа гэж Өвөр Монголдоо нэр хүндтэй уран бүтээлчид байна. Одон телевизийн хөтлөгч, нэвтрүүлэгчид ихэнх нь миний хичээлд суралцсан. Төмөрхуяг, Үндэс, Алимаа гээд маш олон бий дээ. Анхилам даргатай хамт олон бол тэр чигээрээ миний шавь нар байдаг. Тэр дундаа дэндүү ойр дотны гэвэл тайзан дээр хамтран тоглож байсан миний хайртай шавь МУСТА Тогосоо, МУСТА Уул хоёр маань байна. Ер нь Өвөр Монголдоо Монгол Улсад ажиллаж сурч байгаа дайны шавь нар бий болчихсон байна лээ. Эргээд гэрэл зургуудаасаа хүртэл харахад тэд нараараа үнэхээр бахархах сэтгэл төрдөг. Түүнээс гадна хөдөө орон нутгийн, аймгуудын радио телевизүүдэд олон шавь нар минь ажиллаж байгаа. Зүүн Үзэмчин хошуунд хошин урлагийн Андууд нэртэй хамтлаг бий. Тэнд бас миний нэлээн олон шавь нар байдаг юм. Дийлэнх нь малчид. Энэ бол үнэхээр сонирхолтой л доо. Малчин хүн малаа орхиод сурах гэж чин сэтгэлээр зорьж ирэх нь яах аргагүй сэтгэл хөдөлмөөр. Баруун Сөнидөд Эрхэмжаргал гээд миний сайн шавь “Авьяаслаг Монгол” нэвтрүүлэгт өнгөрсөн жил толгой цохисон. Зүгээр л энгийн малчин хүн шүү дээ. Гэтэл уран уншлагаар маш их чармайж амжилт гаргасан, түүний бас нэг сайхан чанар гэвэл намайг Өвөр Монголын хилээр давсан л бол хаана ч явсан олоод л ирдэг, ийм чин сэтгэлтэй нэгэн байдаг даа. Мөнхсайхан гээд Авгад байдаг бүсгүй шавь минь бий. Шавь нар дотроос Зүүн Сөнидийн Сүмбэр, Сүртбаатар гээд найр хөтөлдөг аргил баргил хоолойтой мундаг залуучууд, мөн Зөгнөл гээд маш чадвартай жижигхэн охин байгаа. Ингээд нэрлээд байвал уртаас урт жагсаалт гарна. Дашрамд хэлэхэд, хайртай шавь нар минь. багш миний нэрийг хэлсэнгүй, тэрний нэрийг хэлчихэж гэж битгий гомдоорой, багш нь сэтгэл зүрхэндээ та нарыгаа бүгдийг үргэлж багтааж явдаг.Монголынхоо газар нутгаас та нарынхаа төлөө цайныхаа дээжийг өргөж, сайн сайхныг ерөөж байдаг шүү. Багш нь Өвөр Монголд байгаа шавь нартаа бүгдэд нь хайртай. Үргэлж бурханд залбирч даатгаж явдаг шүү, номын буян арвин байж, эрүүл энх сайн сайхан байгаасай, уран бүтээлийн онгод хийморь нь өөдрөг байгаасай гэж ерөөж байгааг минь сэтгүүлээрээ дамжуулж олон мянган шавь нарт минь мэнд хүргээрэй.
Манай сэтгүүлээр дамжин таны шавь нарт мэндийн үг тань хүрнэ гэдэгт эргэлзэхгүй байна.Түүнээс гадна мөн Өвөр Монголд ажиллаж, амьдарч байгаа таны Монголын шавь нар байдаг байх?
Байгаа,Монголынхоо нэр хүндийг өргөж, багшийнхаа заасныг уламжлуулж яваа тухайлбал, МУСТА С.Бэрцэцэг гэж сайхан шавь маань Өвөр Монголд мөн ч олон жил боллоо доо. Тэндхийн залууст тайзны ярианы хичээл, ур чадварыг олгож боловсрол мэдлэг олгож байгаад нь багш нь баярлаж явдаг юм.
Өвөр Монголд биечлэн очиж хичээл сургалт явуулах, мөн тэд өөрсдөө Монголдирж суралцахад ямар ялгаатай байдаг вэ? Ялангуяа хичээл, программын хувьд?
Программын хувьд түргэвчилсэн сургалтаар орж байгаа, гэхдээ бүх заах зүйлээ багтаагаад ордог, ингэхээс ч өөр арга байдаггүй. Монголд ирж суралцахад хүүхдүүд бүхэл бүтэн дөрвөн жил гэр орноо орхиод энд ирээд сураад явдаг ч гэсэн тэнд нь очиж заахад тэд богино хугацаанд их зүйлийг сурах боломжтой байдаг.
Та “Нутгийн цэнхэр аялгуу” нэртэй яруу найргийн үдэшлэгт уригдаж оролцсон, тэр тухайгаа сонирхуулвал? Түүнээс гадна ямар ямар томоохон арга хэмжээнүүдэд уригдаж оролцсон бэ?
“Нутгийн цэнхэр аялгуу” үдэшлэг бол үнэхээр том хэмжээний сайхан арга хэмжээ болдог юм байна лээ. Отгонсод гэж найруулагч, сэтгүүлчийг тэр үед үнэхээр үнэлсэн. Ямар их зүтгэлтэй, Өвөр Монголчуудынхаа зүрх сэтгэлд өөрчлөлт шинэчлэл хийхийн төлөө тэр хүн чин сэтгэлээсээ нойр хоолгүй зүтгэж байгааг хараад хүний сайн сайхны тулд тэгж зүтгэж чаддаг тийм эрэмгий сайхан чанараар нь бахархаж байлаа.Томоохон арга хэмжээнд бол зөндөө оролцсон. Сөнидөд, мөн Зүүн Үзэмчин хошуунд болсон яруу найргийн үдэшлэг, соёлын арга хэмжээнүүдэд оролцож байлаа. Зүүн Үзэмчин хошуунд болсон Ардын аман зохиолыг өвлүүлж ард олонд үлдээх зорилготой ерөөл магтаал зохиогчдын их том уралдаан тэмцээнд шүүгчээр суусан. Тэндээс маш их зүйл мэдэж, ойлгож авсан даа. Би Өвөр Монголчуудаараа их бахархаж явдаг юм.Яагаад гэвэл Монголынхоо өв уламжлал, зан заншлыг үнэхээр хадгалж үлдсэн, түүнийгээ өвлүүлж үлдээхийн төлөө маш олон хүн хичээж чармайдаг юм билээ. Энэ бол үнэхээр сайхан чанар.
Тийм ээ, Монгол үндэсний дээл гэхэд л ёслолын хувцасны хэмжээнд өмсдөг шүү дээ?
Тэгэлгүй яахав, Монгол дээлээ бол байнга өмсдөг нь биднээс хэдэн зуун хувь давуу тал. Янз бүрийн тод хурц өнгүүдийг сонгож, бараан өнгийг бараг л өмсдөггүй, улаан цэнхэр, ягаан гэх зэрэг онцгой содон өнгөний сонголттой. Үүгээрээ тэдний сэтгэлгээ, өнгө аяс, дотоод сэтгэл нь их тод байдаг юм шиг санагддаг юм. Монголд бол тод ув улаан өнгийн дээлийг хэр бараг эрэгтэй хүн өмсөхгүй дээ, гэтэл тэнд бол өмсчихсөн, тэр нь бүр өөрт нь сайхан зохичихсон байдаг. Миний л ажигласнаар зүрх сэтгэлээрээ тэр хувцсандаа бахархалтай, хүндэтгэлтэй ханддаг учраас тийм сайхан харагддаг гэж боддог.
Энэ олон жил хичээл заасны хувьд тэнд хамтарч ажилладаг байгууллага, найз нөхдийнхөө талаар дурдвал?
Шилийнхотод Буян-Арвижих гээд миний сайн шавь байна. Тэр бол бизнесийн арга ухаанаас гадна Өвөр Монголчууддаа зориулж байнга сайн нөлөө бүхий арга хэмжээ зохиодгийн нэг нь намайг урьж хичээл заалгадаг. Одон телевизийн уран бүтээлчид байна. Мөн Зүүн Үзэмчин хошуунд МУСТА н.Отгонтуяа гээд Өвөр Монголчуудын сайн танил бүсгүй бий. Тэр бол Өвөр Монголчууддаа, тэр дундаа “Улаанмөчир” чуулгынханд тодорхой хэмжээний мэргэжил дээшлүүлэх, ур чадварыг нь хөгжүүлэх тал дээр их анхаардаг. Үүнд нь ч чуулгынхан нь их талархалтай ханддаг юм билээ, бид байнгын холбоотой ажилладаг. За тэгээд олон сайхан шавь нартайгаа үргэлжийн холбоотой ажиллаж байна.
Өвөр Монголоос Монголд Соёл Урлагийн Их Сургуульд ирж суралцаж буй оюутнууд хэр олон байна?
Нэлээд олон хүүхдүүд байдаг. Жүжигчин, найруулагч гээд янз бүрийн мэргэжлээр. Миний хувьд өмнө нь гурван шавь сургаж төгсгөсөн. Хайларын радиогийн хүүхдийн нэвтрүүлгийн найруулагч маш чадалтай бүсгүй Буянхишиг гэх зэрэг дандаа шинийг сурч мэдэх, хийж бүтээхийн төлөө зорьж явдаг сайхан залуус байдаг.
Танай тэнхимийн ой удахгүй болох гэж байна, хэзээ байгуулагдсан бэ? Ойгоо хэрхэн угтах гэж байна даа?
Тэнхим маань 1994 онд байгуулагдсан. Бүх л хичээлүүдийг залуу багш нар заадаг. Манай тэнхимд нэлээд олон доктор, докторантурт сурч байгаа, мөн магистр багш нар ажиллаж байна. Сайн дадлагажсан, туршлагажсан залуу багш нар дунд ажиллаж байгаадаа би их баяртай байдаг. Тэнхимээс 10-р сарын 14-нд 20 жилийн ой угтсан “Тайзнаас ярих урлаг-Өчигдөр, өнөөдөр, маргааш” гэсэн сэдэвтэй эрдэм шинжилгээний их хурал зохион байгуулна. Багш нар маань үүнд илтгэлээ бичээд улам ч зав багатай. Мөн ойгоо угтсан “Сэтгэлээс төрөх үгийн ур” нэртэй уран уншлагын уралдаан энэ сарын 19, 21-ний өдрүүдэд СУИС-д явагдана. Ингээд манай 20 жилийн ойн жинхэнэ баяр ёслолын үйл ажиллагаа 11-р сарын 16-ны өдөр Драмын Эрдмийн театрт баярын концерт болгож сургуулийнхаа бүх багш оюутнууд ард түмнээ уриалан урлагийн сайхан тоглолт хийхээр бэлтгэж байгаа. Тэнхимийн сургалтын хувьд би зөвхөн жүжигчин төдийгүй багшлах арга зүйгээ нэлээд хэдэн шавь нартаа өвлүүлээд, чиглүүлээд явж байна. МУСТА, докторант, тэнхимийн эрхлэгч Б.Даваа, МУСТА Ж.Болорэрдэнэ, МУСТА Э.Нарангэрэл, залуу шинэ магистрант н.Оюунжаргал, МУСТА, ЕТВ телевизийн нэвтрүүлэгч Я.Болорчимэг гээд эд нар минь бүгд л хичээл зааж явна даа. Зөвхөн жүжигчин гэдгээс гадна ардын багш төрүүлж яваадаа бахархаж, сэтгэл хангалуун байдаг. Хүрд эргүүлэх боломж олгосон танай хамт олонд баярлаж талархахын зэрэгцээ СУИС-ын босгыг алхаад тайз дэлгэцээс ярих урлагийн тэнхимийн багш нараар хичээл заалгаж байсан Монголын болон Өвөр Монголын тайз дэлгэцнээ од болон гялалзаж байгаа бүх Монгол болон Өвөр Монгол уран бүтээлчиддээ 20 жилийн ойн баярын мэнд хүргэе. Та нартаа хайртай шүү. Багш нь та нарыгаа дандаа дурсаж санаж явдаг шүү гэдгээ дамжуулъя.
Та “Солонго” сэтгүүлийг хэр уншдаг вэ? Манай сэтгүүлийн талаар ямар ойлголттой явдаг вэ?
Тааралдсан цагтаа уншина шүү. Боломж нөхцөл олдох бүрт уншдаг. Сүүлийн байдлаар хоёр дугаарыг уншсан юм байна. Ялангуяа “Инээдтэй үдэш” арга хэмжээний дараа бидний уран бүтээлийн тухай мэдээлэл, зургууд их гардаг, тэр үеэр бүр ч их сонирхож уншдаг даа. Гэхдээ ярилцлага өгч байгаагүй. Энэ бол танай сэтгүүлд өгч байгаа миний анхны ярилцлага. Өвөр Монголчууд бол Монгол Улс, Монголын иргэн гэдэг утгаараа биднийг маш их хүндэлж хайрладаг. Тэр дундаа миний хувьд уран бүтээлээрээ холбогддог. Уран бүтээлийн хувьд инээхдээ инээж, эмзэглэх үедээ хамтдаа уйлж эрхэм нандин холбоотой байдаг учраас энэ сайхан холбооны гүн гүнзгий гүүр болж өгдөг танай сэтгүүлийн хамт олонд маш их талархаж явдаг.
Таниар хичээл заалгах, сургалтанд нь хамрагдах хүсэлтэй Өвөр Монгол хүүхэд залуучууд таньтай хэрхэн харилцах вэ?
Одоо танайд Өвөр Монголд ажилладаг утасны дугаараа үлдээе. Хүүхдээ сургах хүсэлтэй хүмүүс бол намайг зориод баг бүрдүүлээд ирсэн ч болно. /Харилцах утас: 15847948437/
Ярилцлагын төгсгөлд миний асуугаагүй орхисон, таны хэлэхийг хүссэн зүйл байгаа байх?
Өвөр Монголчуудыг сурах, шинийг эрэлхийлж буй энэ эрмэлзлэлээ битгий орхиосой, битгий шантраасай, байнга үүнийхээ төлөө зүтгэж байгаасай гэж би хувьдаа хүсдэг. Тэд маань монголын зохиол бүтээлийг сонирхох их дуртай. Би тэнд очих бүртээ тэднийгээ “Кирилл бичиг сураач ээ” гэж хэлдэг. Тэгвэл соёл урлагийн болон олон талын мэдээллээс хэзээ ч хоцрохгүй. Ном хэвлэл гэдэг бол харилцан чөлөөтэй ойлголцох гүүр болно гэж боддог. Миний хувьд бодож явдаг нэг зүйл байдаг юм аа. Өөрийн гэсэн жүжигчин, найруулагч, нэвтрүүлэгч, хөтлөгч бэлтгэдэг мэргэжлийн өндөр түвшний сайхан сургуультай болоосой гэж боддог. Өвөр Монголын Их Сургуульд анги бий л дээ, түүнээс гадна бүр дөрвөн жилийн сургалттай, цөөхөн тооны оюутан элсүүлж аваад маш сайн бэлтгэдэг чанартай сургуультай болоосой. Тэгвэл би очоод багшлахсан, сайн шавь нар төрүүлэхсэн. Хойч үед миний заасан уламжлагдаад араасаа миний хэмжээнд багшлахаар багш нар олон төрөөсэй гэж маш их хүсч байна. Хэдийгээр би өвөлдөө нэг, зундаа хоёр сараар очоод байгаа боловч яг дээд сургуулийн түвшинд монголдоо багшилдаг арга барилаараа багшлах аргазүйгээ Өвөр Монголчууддаа заахсан гэж эрмэлздэг. Мөн өөрийн гэсэн жүжгийн театртай болоосой гэж их мөрөөддөг юм. Тэгвэл миний төгсгөж байгаа шавь нар маань өөрийн гэсэн тоглох газартай, тэднийхээ тайз, дэлгэцэнд тоглож байгааг харахсан гэж боддог доо. Тэднийхээ тоглохыг харахыг маш их хүсдэг. Шавь нараа Өвөр Монголын тайз дэлгэцийн, ард түмний танил болсон сайхан уран бүтээлч болоосой гэж үргэлж мөрөөдөж, энэ мөрөөдөл минь биелнэ гэдэгт итгэж явна.
Бидний урилгыг хүлээн авч үнэтэй цаг заваа зориулан ярилцсан танд хамт олныхоо өмнөөс, уншигчдынхаа өмнөөс баярлалаа. Таны цаашдын уран бүтээлд гялалзсан ихамжилт, амьдралд тань баяр хөөр, гэрэл гэгээтэй бүхнийг хүсэн ерөөе.
Бэлтгэсэн: Э.Үржинханд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ