Хонгконгийн оюутны лидерийг Монгкок дүүрэгт хөл тавихыг хоригложээ

Хонгконгийн шүүхээс өчигдөр жагсаалыг тэргүүлэгч оюутны лидер Жошуа Вон болон бусад 30 гаруй идэвхитнийг Монгкок дүүрэгт хөл тавихыг нь хоригложээ. Тэднийг шүүхийн шийдвэр гүйцэтгэхэд саад болсон хэмээн буруутгасан аж.

Хонгконгийн цагдаа нар өнгөрсөн хоёр хоногт Монгкок дүүргийг “цэвэрлэх” шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үеэр 140 орчим хүнийг баривчилсан юм. Цагдаа нар мөргөлдөөний эцэст Монгкок дүүргийн хоёр захыг холбосон гол замыг жагсагчдаас чөлөөлсөн байна.

Удирдлагаа өөрсдөө сонгохыг хүсч Бээжингээс сонгуулийн бүрэн эрхийг шаардсан олон мянган хонгконгчууд өнгөрсөн есдүгээр сараас хойш гудамж талбайд хонон өнжин жагсаал, суулт хийж байгаа юм. Харин Хятадын зүгээс ирэх 2017 оны Хонгконгийн Ерөнхийлөн захирагчийг сонгох сонгуульд нэр дэвшигчдийг Бээжинд хянуулах ёстой гэсэн шаардлагаа хамгаалсаар байгаа гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ