Нигерийн автовокзал дээр дэлбэрэлт болжээ

Нигерийн зүүн хойд хэсэгт ээлжит цуст халдлага болжээ. Камерунтай хиллэдэг зурваст оршдог Муби хотоос 30 км зайтай орших автовокзал дээр дэлбэрэлт болжээ. Энэхүү дэлбэрэлтийн үеэр 40 хүн амь үрэгдсэн бөгөөд тэдэн дотор таван цэргийн албан хаагч байсан аж.

Тус бүс нутагт “Боко харам” лалын бүлэглэл үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэд шариатын улсыг байгуулан, одоогийн байдлаар 20 гаруй хотыг хяналтад аваад байгаа юм. Нигерт иймэрхүү халдлага байн байн болдог учраас хил дагуу байдаг сургууль, эмнэлгүүд хаагдсан байна.

Ирэх хоёрдугаар сард тус оронд ерөнхийлөгчийн сонгууль болохтой холбоотойгоор сүүлийн үед террорист ажиллагаа улам идэвхжээд байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ