Гэрлийн бохирдол хэмээх шинэ нэр томъёо түгшүүр дагуулж эхэллээ

... Хэрэв та аль нэг гайхалтай хотод амарч тунгалагхан шөнөөр тэнгэрийн заадас болох сүүн замыг харахыг хүсвэл эсвэл гялалзан гялтганах оддыг ширтэхийг хүсэх юм бол Хонконгийг жагсаалтаасаа хасах, үгүй юмаа гэхэд хамгийн сүүлчийн сонголтуудад багтаахыг зөвлөж байна.Харин тэнгэрийн одод газарт буусан мэт их гэрэл, хөгжлийг үзэхийг хүсвэл хамгийн түрүүнд Хонконгийг зорих хэрэгтэй гэж хэлэх байна...

Хонконгд оройн цагаар хотын төв хэсэг, хүний хөдөлгөөн ихтэй гудамжуудаар явахад өдрөөс бараг л ялгарах юмгүй гэрэлтүүлэгтэй. Гэтэл Хонконгийн шөнийн гэрэл олон улсад зөвшөөрөгдсөн гэрлэн тусгалын стандартаас даруй 1000 дахиних байгааг Хонконгийн Их сургуулийн эрдэм шинжилгээний судалгааны баг тогтоожээ. Энэ нь гэрлийн бохирдол гэгчийг үүсгэж байгаа гэсэн үг юм. Тэнд харагдах байдлаараа хүмүүсийн сэтгэлийг татахуйц олон өнгийн хурц, анивчдаг неон гэрлүүд байнга тусдаг. Шөнийн цагаар ч гэсэн хүмүүсийн нүдээ амраах боломж тун ховор. Учир нь шөнийн гэрэлтүүлэг хэтэрхий их учраас унтлагын өрөөнд хүн амрахад тохиромтой байж чаддаггүй аж. Хэт их гэрэл тусдгийн зэрэгцээ,тэдгээр гэрлүүдийн ихэнх нь анивчдаг учраас нүд, тархийг ихээр ядраадаг. Хонконгийн оршин суугчид шөнөдөө бүрэн амарч чаддаггүйг мөн дээрх судалгаагаар илрүүлсэн байна.

Тус хотод амьдрал 24 цаг үргэлжилж байдаг. Их дэлгүүрүүд, цэнгээний газар, тэр ч бүү хэл зарим байгууллагууд ажилласаар байдаг аж. Сансараас явуулсан судалгаагаар Хонконг гэрлийн ялгаруулалт ихтэй буюу гэрлийн бохирдол ихтэй газруудыг тэргүүлсэн байх юм. Хонконгийн дараагаар Лас-Вегас, Нью-Йорк, Сидней гэх мэт томоохон хотууд ордог. Их хотьн гэрэлтүүлэг, түүний нягтрал их байгааг заавал сансрын түвшнээс харах гэсний хэрэггүй, хотын төвөөс зайдуухан өндөрлөг газраас ч энэ бүхэн тод ажиглагдана.

CNN агентлагийн мэдээлж буйгаар Хонконгийн хүн амын хэт нягтшил, дуу чимээ ихтэй гэх мэт толгой өвтгөх хэд хэдэн асуудлууд дээр нэмэгдэх бас нэг асуудал нь гэрлийн бохирдол гэгч зүйл болжээ. Хонконгд бүх зүйл нарийн чанд хуультай ч тэнд нэг л зүйл хараа хяналтгүй байдаг нь хотын гэрлийн стандарт, түүнийг дагаж мөрдөх явдал аж. Хотын гэрэлтүүлэг хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн байгааг мэдэж байгаа ч удирдлагууд нь арга хэмжээ авч чадахгүй л байна. Нэгэнт олон улсын худалдаа, арилжааны төв хэмээх нэр цол зүүсэн учир, эдийн засгийг бүрэлдүүлж байгаа тэдгээр компаниудын гэрлэн чимэглэлд хязгаарлалт хийж чадахгүй байгаа гэсэн үг. Гэрлийн тусгалын хэт ихэдсэн энэ байдал удаан үргэлжлэх юм бол сөрөг нөлөөлөл нь даамжирч, үндэстний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрнэ гэжээ.

Реклам, сурталчилгаа мэдээж хэрэг хүний анхаарлыг татахуйц содон байх шаардлагатай. Үүнийгээ дагаад сурталчилгааны самбаруудад хамгийн тусгал сайтай сүүлийн үеийн LED гэрлийг ашиглаж байгаа. Түүнчлэн улаан, ногоон, шар, хөх тусгал бүхий неон гэрлийг ихэвчлэн ашигладаг. Тэдгээр гэрлүүд нь анивчих, элдэв бичгийн текстүүдээр солигдох гэх мэт олон төрлийн гэрлийн эффектүүдтэй. Энэ нь хүний нүдийг маш ихээр ядраадаг. Хүн унтаж байхдаа нүдээ аньсан байдаг ч гэрлийн анивчааныг мэдэрсээр тархи бүрэн амралгүй ажиллсаар байдаг аж. Тиймээс хүмүүс мэдрэлийн ядаргаанд өртөх нь элбэг. Мэдрэлийн ядаргаа хэмээх энэ өвчин нь хүнийг чимээгүй үхэлд хүргэдэг аюултай. Түүнээс гадна гэрлээс ялгарах цацраг ч хүний биед сөрөг нөлөө үзүүлдгийг судалгаа харуулсан юм. Хэт их зохиомол гэрэлд байх нь нүүрэнд үрчлээ суулгах, гэрлээс ялгарах бүх л төрлийн хими, физикийн урвалыг шингээн авч түүнийхээ хэрээр хордож байдаг гэнэ.

Аливаа зүйл хэмжээнээсээ хэтрэхээрээ сөрөг нөлөө дагуулдгийн нэгэн жишээ энэ асуудал болоод байгаа. Хэдхэн жилийн өмнө бид хожим бидэд гэрлийн бохирдол гэж асуудал тулгарна хэмээн төсөөлж ч байгаагүй. Харин хөгжил хүн төрөлхтнийг чухам хааш нь хөтлөөд байгаагийн учир одоо хэр тайлагдаагүй л байна.

Дэлхий ертөнцийг шөнийн цагт од эрхэс, сар гийгүүлдэг байсан бол, өнөө цагт дэлхий маань тэдгээрийг гэрэлтүүлэх шахам их гэрэл цацруулах болжээ. Энэ байгалийн бус зохиомол гэрэлтүүлэг хүн төрөлхтөнд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй, байгаль экологит ч муугаар нөлөөлнө. Тиймээс аливаа улс орон хөгжлийн илэрхийллээ хүний амьдрах таатай нөхцлийг байгаль орчны зөв зохистой байдалтай хослуулсан байдлаараа харуулах зөв хандлагатай болгох нь зүйтэй.

Х. Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Өчигдөр 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Өчигдөр 09 цаг 52 мин