Жоу Юнканыг баривчилж, намаас нь хөөв

БНХАУ-ын дарга Си Зиньпин авлигатай тэмцэх үндэсний бодлогыг хэрэгжүүлснээр нам, төрийн өндөр албан тушаалтнуудыг сайтар шалгах болсон байна.
Энэ дагуу БНХАУ-ын Аюулгүйн албаны дарга асан Жоу Юнканыг авлигын хэргээр баривчилж,түүнийг Коммунист намаас нь хөөжээ. Хятадын шүүх засаглалын дээд байгууллага Жоу Юнканы эсрэг авлигын хэргийг албан ёсоор нээснийг мэдэгдсэн байна. Өдгөө далан настай Жоу Юнканыг их хэмжээний авлига авснаас гадна нам, төрийн нууцыг задруулсан, олон эмэгтэйтэй завхайрч төрийн албаны нэр хүндийг унагасан зэрэг хэргүүдэд буруутгаж байгаа гэнэ.
Тэрээр хоёр жилийн өмнө тэтгэвэрт гарсан бөгөөд түүний олон хамсаатан, найз нөхөд нь ч мөн өнгөрсөн хоёр жилд авлигын хэргээр баривчлагдсан билээ.
Ийнхүү улс орноо хээл хахуулийн дөнгөнөөс ариусган цэвэрлэх гэсэн Хятадын дарга Си Зиньпиний бодлого, компанит ажилд Хятадын дээд болон дунд тушаалын албан хаагчид ихээр өртөн баривчлагдаж албан тушаалаасаа мултарсаар байгаа. Энэ бодлого Хятадын албан тушаалтнуудыг айн чичрүүлж байгаа ч ард иргэд, олон нийтийн таашаалыг тун ч ихээр хүртэж байгаа гэнэ.
Г.Уянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ