Мальдив улс ундны усгүй болжээ

Энэтхэгийн далайд орших арлын жижиг улс Мальдивт онцгой байдал зарлажээ. Тус улсын нийслэл хотод байх цорын ганц ус цэвэршүүлэх байгууламжид гал гарч гэмтэл учирснаас болоод нийслэл Мале хотын 100,000 хүн ундны усгүй болжээ.

Мальдив улс нийт 350,000 орчим хүн амтай ба гуравны нэг нь нийслэл хотдоо суудаг аж.

Мальдивын засгийн газар Энэтхэг, Шри Ланка, АНУ, Хятад зэрэг улсуудаас ундны усны тусламж хүсчээ.

Хамгийн түрүүнд Энэтхэг улс тусламжийн гараа сунгаж таван нисэх онгоцоор савласан ундны ус илгээсэн бөгөөд мөн хоёр усан онгоцоор ус цэвэршүүлэх байгууламжийг засварлах сэлбэг, техникийн ажилчид илгээсэн байна. Одоогоор Мальдивын Улаан Загалмайн нийгэмлэгийн ажилтан 60 хүн ус түгээх ажлыг хийж байгаа гэнэ.

Ундны усгүй болсон явдал нь тус улсын аялал жуулчлалын салбарт том цохилт өгөөд байна. Жил бүр энэ арал улсад дөрвөн сая гаруй жуулчид ирдэг нь эдийн засгийнх нь гол тулгуур юм.

Харамсалтай нь ус цэвэршүүлэх байгууламжийн гэмтэл анхны төсөөлж байснаас илүү ноцтой гэдэг нь батлагдсан тул засварлахад хугацаа орохоор байгаа ажээ.

У.Жимсээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ