Шадүв гэлэнгийн хийд гэдэг нь сунжирсаар Шадавлин болжээ

Шадавлин

Шадавлингийн зусланг мэдэхгүй хүн байхгүй. Энэ уужим дэлгэр ам нь битүү мод ургамлаар хучигдсан ёстой л диваажин гэмээр газар байсан гэдэг. Энэ ам дээшээ өгсөхөөр гурав салаалдаг. Гурван салаа амны уулзах бэлд хэсэг хусан төгөл, тэр хуснуудын дундаас Шадүвлингийн рашаан ундардаг байв. Тэр рашаан булагийн зүүн талаар хошуурч тогтсон хадтай өндрийн энгэрт / зохиолчдын хорооны зуслан байгаа газар/ ганц өнчин сагалгар мод бий.

Шадүвлингийн хийдээс үлдсэн ганц шүтээн хэмээн хүмүүс хадаг яндар, судар ном зүүсээр одоо мөчир шилмүүс нь даахаа больсон байна билээ. Энэ модны дэргэд хадтай толгойн энгэр дээр Шадүв гэж гэлэн хүний байгуулсан цөөн хэдэн дуган сүмтэй бэсрэг хийд байсан юм гэнэ. Тэр гэлэнгийн нэрээр Шадүв ламын хийд гэдэг байж.

Тэр эрхэм ламтан өндөр дээд зэрэг хэргэм авч Шадүв гэлэн гэх болсноос хойш Шадүв гэлэнгийн хийд гэх болж л дээ. Тэр нь он цагийн саалтад сунжирсаар Шадав лингийн хийд болж тэр ам, уул ус, булаг шанд бүхэлдээ Шадавлин хэмээн нэрлэгдэх болсон ажээ. Ганц модны ойр орчимд дуган сүм байсны ул мөр бий. Газрын хөрсөн дээр эртний барилга байшингийн хүрэн улаавтар өнгөтэй шавар, туйпууны хэсэг, ваар савны хэлтэрхий цухуйж байдаг.

Ер нь сүм хийдүүдийг ажиглахад заавал нэг рашаан булаг, уулын гол горхийг түшиглэн байгуулсан байдаг. Гол нь тэдгээр рашаан булагууд хүний биед олон талын нөлөөтэй төрөл бүрийн өвчнийг илааршуулдаг байсан нь гайхалтай. Энд бас нэгэн зуслангийн тухай товчхон өгүүлье.

Жигжид

Жигжидийн ам бол битүү ногоон модтой, уулын түргэн горхи үргэлж хүржигнэж урсч байдаг, байгалийн үзэсгэлэнтэй нутаг байсан. Тахилгатай уулынх нь энгэр дээр, эрхэм дээд ламтан Жигжидийн морилдог хийд байснаар Жигжидийн ам гэж нэрлэгдсэн юм билээ. Хийд нь яг уулынхаа энгэр дээр өмнө нь бас л онгон догшин мод, баруун дэргэд нь газраас үргэлж ундарч байдаг рашаан булагтай, тун сайхан газар байжээ.

Жигжидийн хийдийн их ламтан Жигжид гэдэг нь сархад нэлээд хүртчихдэг, улаа бутарсан тарган шар хүн байсан юм гэдэг. Их номтой хувилгаан хүн байсан гэх. Хийд нь бас л гуч дөчөөд оны үед буюу хэлмэгдүүлэлтийн үед үгүй болсон байна. Уулын энгэрт буурь төдий зүйл үлдсэн байдаг.

Газрын наймаачид хэдэн жилийн өмнө тэр хавийн газрыг булаалдан авч хашаа хатгаснаа зарим нь “Их хувилгааны онгон шүтээн байсан газрын дээд тал мань мэтэд хүнддэнэ” гээд орхиод явсан гэсэн. Заримд нь бас таагүй байдлаар хандсан гэж хүмүүс шивэр авир ярилцдаг юм. Нэлээд хэдэн айл Жигжид хувилгааны сүм дуганы буйран дээр байшин барилга барьчихсан байгаа.

Ойрхон зусдаг байсан хамба лам Х.Гаадан гуайгаас нэг удаа лавлахад “хийд дуган байж ном их хурдаг байсан газарт бол хар муу энерги хурдаггүй, дан эерэг энерги хуралдсан байдаг учир муу юм ердөө байхгүй. Харин ийм сүм хийдийн ойр орчимд оршуулгын газар заавал байж таарна. Тийм газар, хар муу энерги хичнээн ч cap жилээр хуралдаж байхыг үгүйсгэх аргагүй” хэмээн хэлж байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ