Олон мянган хүнийг хөнөөлт өвчнөөс салгасан гайхамшигт чадвартан

Өдгөө нас сүүдэр 65 хүрч яваа Жуна Давиташвилийн тухай үлгэр домог шиг л ярьцгаадаг. Түүн дээр ирж шаналгаат өвчнөөс салж, бие сэтгэл нь амарсан хүн олон, Тэдний нэг, бөөрний хүнд өвчнөөс ангижирсан болгар хүү олон орны судлалын ухааныг шамдан сонирхож, шинэ од нээж, түүнийгээ “Жуна” хэмээн нэрлэхийг мөрөөдөж байдаг аж. Жуна саяхан өөрийнхөө тухай ном бичжээ.

Олон мянган хүний амьдрал, хувь заяа миний зүрхэн дундуур нэвтрэн өнгөрч, тэдний өвчин шаналлыг би биеэрээ мэдэрч байдаг юм. Гэлээ ч цаг зав хүрэлцэхгүйгээс болж тусламж эрсэн болгонд ач болох боломжгүйгээ бодохоор цөхрөнгөө бардаг удаа ч олон. ... Миний ажлын арга зүйн мөн чанарыг өвчинд онош тавих, эмчлэх, сэргийлэх гэсэн энэ гурван үг л яв цав илэрхийлж байгаа юм.

Эмчилгээ хийдэг миний арга бүр эрт дээр үед байсан. Ардын эмнэлгийн энэ чиглэл зарим үед ихэд дэлгэрч, мөрдөлт хавчилтаас болж заримдаа нууц байдалд ч орж байсан. Энэ бүхний уршгаар олон зүйл мартагдаж, бүр ор сураггүй болсон юм ч их бий. Эмчилгээний энэ аргыг судлахад их ч цаг, хүч зарцуулсан. Өдөр тутмын үйл ажиллагааны явц, байгалиас надад заяасан чадварт үндэслэн өөрийн гэх туршлагатай боллоо. Гэхдээ анагаах ухааны мэдлэг, багаж төхөөрөмжөөр хийх оношлолд тулгуурладаг гэдгийг онцлон хэлэхийг хүснэ. Гарцаагүй оношийг эмч нартай хамт хийдэг. Хүний бие эрхтэнд байгаа хэвийн биш байдлыг тодорхойлоод эмнэлэг рүү явуулж шинжилгээ хийлгэнэ. Оношлохдоо алдаж байсан удаа одоогоор байхгүй ч ийм давхар хяналт заавал байх ёстой гэж үздэг.

Хүн бүр надад ямар нэг од юмуу гараг эрхэс шиг мэдрэгддэг бөгөөд тэднээс миний гарт дохио ирж байдаг. Биологийн ийм дохио миний хувьд морзын үсэг шиг л бодитой санагддаг. Хүнээс хүнд ирдэг биологийн энэ дохиог тусгай багажаар хүлээн авч хальсанд буулгаад уншиж тайлах тийм ирээдүй холгүй гэдэгт итгэдэг. Одоогоор миний гар л ийм багажийн үүргийг гүйцэтгэж байна. Гараа өвчтөнөөс тодорхой нэг зайнд байлгаад юмуу биеийнх нь дагуу /тэгэхдээ биед нь хүрэлгүйгээр/ явуулж өнгөрүүлэхэд тэр хүнээс ирж байгаа дохиог хуруунуудын үзүүр дор нь мэдэрнэ.

Тэдгээр дохио дулаан, хүйтэн, эсвэл дөнгөж мэдрэгдэм сулхан, зарим нь ч хүчтэй огцом байдаг. Алсаас иллэг хийхэд миний гараас дулаахан хэт ягаан туяа өвчтөний биед үйлчилж байна хэмээн надад заяасан төрөлхийн энэ чадварыг судалсан лабораторийн эрхлэгч, академич Юрий Гуляев үзэж байгаа юм. Энэ үед, ялангуяа арьс дулаанаа тогтмол хадгалах чадвараа алдсан тэр хэсэгт өвчтөний биеийн температур нилээд нэмэгдэнэ. Хүний биеийн энэ хэсэг ихэнхдээ өвчилсөн газар нь байдаг. Миний ойлгож байгаагаар ийнхүү иллэг хийх нь хүний биеийн дулааныг тарааж, цусыг бүлээсгэж, эргэлтийг нь сайжруулдаг. Энэ бүхэн нь биеийн болоод аль нэг эрхтнийүйл ажиллагааг хэвийн болгодог. Миний эмчилгээ маш энгийн. Биеийн эрхтэн ийн хэвийн ажиллагаандаа орох үйл явцын эхлэлийг тавьж өгнө. Цаашдаа, эмчилгээний үед энэ үйл явцыг зохицуулна.

Миний гар хүний биед хүрэхдээ л эмчлэх нөлөөгөө үзүүлж байдаг болохоор урьдчилсан онош тавих үед л эмчилгээ эхэлдэг. Түүнчлэн болзошгүй бусад өвчнөөс урьдчилан сэргийлэх ажил давхар хийгдэж байдаг. Урьдчилан сэргийлэх аргад би их найдвар тавьдаг юм. Ийм чадварыг эзэмшсэнээр бид бодисын ! солилцоог хянаж, хэвийн болгож, бие эрхтэнд байгаа илүүдэл зүйлийг ялгаруулан гаргаж чадах бөгөөд энэ нь эд хөгшрөх явцыг удаашруулж, хамгаалах системийн ажиллагааг тогтвортой болгож, олон гамшигт өвчнийг зайлуулна. Энэ бүхний талаар би номондоо өгүүлэхийг оролдсон.

Миний өвөг дээдэс бол эртний ассирчууд. Эрэлхэг дайчид байсан гэдэг. Ойр дотныхны маань хэлдгээр, эзэмдэн дагуулах авир ариншинг би чухам тэр дээдсээсээ л өвөлсөн биз ээ. Ассирчуудын амьдарч асан эртний Месопотами эмч нараараа алдартай байсан.

... Эхийн талын өвөг XIX зууны эхээр Иранд Урмий нуурын эргээр нутаглаж байж. Ассирчууд христос шашныг бүр манай эриний эхний зуунд авч хэрэглээд, ислам шашны хүчтэй нөлөөнд ч автаагүй аж. Шашны хавчлага хяналтаас дайжиж миний ээжийн өвгөд Орос оронд, Арменид ирж, зөвлөлт засгийн жилүүдэд өгөөмөр баян Кубанид суурьшжээ. Миний эмээгийн эмээ зуу гаруй насалсан бөгөөд хүмүүсийг эмчилдэг байсан юм гэнэ лээ. Тэр хүн ямар ямар өвчнийг анагааж байсныг мэдэх хүн одоо байхгүй. Гэлээ ч тэрээр ивэрхийг эмчилж байсан гэдэг. Одоо нилээд өвчнийг эмчилж байгаа хэрнээ би ивэрхийг эмчлэх арга ухааныг эзэмшээгүй л байна. Гэтэл тэр хүн энэ өвчнийг анагааж чаддаг байсан гэдэг. Харин ээжид минь ийм эрдэм чадал байгаагүй. Аав хүмүүсийн ирээдүй хойчийг урьдчилан хэлж чаддаг байсан. Нэг удаа эцэг маань өөрөөсөө насаар олон ах хэсэг нөхдөдөө хандаж “Би та нараас түрүүлж нас эцэслэх нь” хэмээн барин тавин хэлжээ. Тэдгээр хүмүүс аавд итгээгүй хэдий ч үнэхээр л тийм явдал болсон.

Аав минь өөр бусад хэнээс ч илүү намайг ойлгодогсон. Намайг гацааны маань хүмүүс “шулам” гэж хэлэлцэх болсныг сонсоод би эндээс зайлахаар шийдсэн үед тэр л намайг тайтгаруулж билээ.

Сонин юм шүү, би аавдаа л анх тусалсан даа. Тэр үе мөчний өвчтэй байсан юм. Нэг удаа ээж минь намайг нуруун дээр гишгээд өгөөч гэв. Би тун жижигхэн байсан ч гэсэн сайн санадаг юм. Эхлээд би юу ч мэдэрсэнгүй. Хэсэг хугацааны дараа хөлөөрөө их дулааныг мэдрэв. Удалгүй тэр дулаан тэсвэрлэшгүй халуун болон хувирч би арай гэж л нуруун дээр нь зогсож байсан боловч ээж намайг буулгасангүй. Үүнээс хойш нилээд удаад байтал аав “Их сайн. Зүгээр болчихсон гэнэ” хэмээн баяртай хэлж билээ.

Арван настай байхдаа би үхлийн ирмэг дээр нэг очсон юм. Тэгэхэд ийм юм болж билээ. Дүүгээ хашаан дотор, худгаас холгүй тоглож байхад нь “Худагт битгий ойрт, уначихна шүү” гэлээ. Тэгтэл тэр миний үгийг тоолгүй худаг руу өнгийж байгаад уначихав. Би гүйж очоод худагт харайн орж, дүүгээ дээш нь татлаа. Тэр худаг их гүн, бялхам устай байв. Их хүч гаргаснаас туйлгүй ядарч, өөрөө худгаас гарч чадсангүй. Би тэр дороо л худгийн ёроол руу живлээ. Хүчилтөрөгч дутагдсанаас нүдэнд хий юм үзэгдэж, чихэнд хий юм сонсогддог шүү дээ. Надад худгийн ёроол ер харагдсангүй. Харин хязгааргүй хөх тэнгэр цэлийж, гялалзан гялтганах оддын дунд би хөвж явна. Дараа нь нэг мэдсэн чинь би худгийн дэргэд тосгоныхныхоо дунд байж байлаа. Ах минь миний хажууд зогсоод “Амьд байна” хэмээн амандаа бувтнаж байж билээ. Тэгтэл хэн нэг нь “Шулам!” гэж хашгирав. Хожим нь ээжийн ярьснаар, дүү бид хоёрын худагт ойчсоныг хэн ч хараагүй ажээ. Худгаас гаргасан гурван настай дүү минь уйлахад ээж гэрээсээ гүйн гарчээ. Түүнийг гэрт оруулж, дулаацуулж, хувцсыг нь сольсны дараа л дүү намайг худаг дотор байгаа гэж сая хэлжээ. Үүнийг сонсоод ах худаг руу ухасхийж. Тэгээд худгаас гаргамагц би ухасхийн боссон нь тэнд байсан хүмүүсийн гайхлыг төрүүлсэн байна. Усан дотор нилээд хэдэн минут байсан хэрнээ би яагаад ус залгиагүй юм болоо? Хэн ч учрыг нь олсонгүй... Хүний дотор эрхтний байдлыг сайн мэдэрч, түүнд нөлөөлсөн энэер бусын чадвараа өөрөө хэзээ, хэрхэн мэдэрсэн бэ? гэж хүмүүс байнга асуудаг. Хүн бүгд л над шиг мэдэрдэг гэж удаан хугацааны турш бодож, итгэж явсан болохоор энэ асуултад яг таг хариулж чаддаггүй юм. Харин миний мэдрэх чадвар хүмүүсийн гайхаш төрүүлж байгааг мэдсэнээсээ хойш дотно найз нартайгаа туршилт хийдэг болсон. Манай ресторанд Валя гэдэг хижээл авгай ажилладаг байв. Нэг өдөр ажил дээрээ байж байтал түүний элэг өвдөв. Би тэр дор нь өвчнийг намдааж цаашдаа шургуу эмчилсэн. Саяхан тэр маань Москвад ирж надтай уулзаад одоо элэгний өвчин гэж юу байдгийг огт мэдэхээ больсон гэж ярьсан.

Жульетта гэдэг охины хацар нь дүүрэн улаан толбо болсноос их эвгүй харагдаж байлаа. Тэр нэг шөнө унтаж байгаад хацар нь учиргүй өвдөж, шатаж байгаа юм шиг халуу оргисноос болж сэржээ. Тэгээд толины өмнө очвол, харсаар байтал хацар дээр нь толбонууд гарч ирж, тэр дороо томрон, улаан өнгөтэй болж байжээ. Ямар ч эмчилгээ хийгээд нэмэр болсонгүй.

Тэгээд би үзлээ. Тэдгээр толбоноос өгөх дохиог би хуруугаараа мэдэрч, бүх хүчээ шавхан жаал оролдоод өөр юу ч хэлэлгүй Жульеттаг явуулсан юм. Гэтэл маргааш өглөө нь нөгөөтөх чинь гүйгээд орж ирлээ. Толбонуудын тэн хагас алга болсон байхыг үзээд би ч гайхлаа. Энэ бол миний гавьяа гэж эхлээд би үнэндээ итгэсэнгүй. Удалгүй толбонууд бүгд алга болсон...

Би ажиллахын зэрэгцээ анагаах ухааны ардын их сургуульд орсон. Ядаж эмнэлгийн наад захын мэдлэг надад хэрэгтэй. Түүнээс гадна өөрийн-хөө төрөлхийн авьяас чадварыг эмнэл-гийнхний тусламжтайгаар судалж, түүнийгээ хүмүүст ашигтайгаар хөгжүүлэхийг хүсдэг. Хэрэв миний чадал хүрвэл, бусдыг үүндээ сургавал мөн сайнсан... Намайг жаахан байхад эцэг минь мөрөн дээрээ суулгаад “Миний охин хүмүүст, өөртөө биш, бусдад шинэ юм авчирнаа” гэдэг байж билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ