Архины үнийг 100 мянгад хүргэее

Саяхан нэг телевизээр он гараад Өмнөд Солонгос улсад үнийг нь 20000 вон хүртэл огцом нэмснээр улс нийгмээрээ тамхины эсрэг томоохон тэмцэлд орох тухай мэдээлэл цацагдав. Тамхидалтын эсрэг төдийлөн улс орнуудын авч хэрэгжүүлж чаддаггүй зоримог арга хэмжээг солонгосчууд авахаар зэхэж байгаа ажээ.
Тэгвэл монголчуудын хувьд тамхинаас илүүтэй хөнөөлт аюул архи. Тиймээс архидалт, түүний хор хөнөөлтэй тэмцэхийн тулд үнийг нь энэ мэтээр огцом өсгөх буюу бүр нэг шилийг нь 100-н мянган төгрөгт хүргэсэн ч болохгүй гэх газаргүй хэмээн олон хүн надтай санал нэгдэх бизээ. Учир нь монголчуудын нас баралтын хамгийн өндөр хувьтай таван шалтгааны нэгдүгээрт нь архидалт ордог. Дараагийн дөрөв нь архидалтаас улбаатай хийгээд холбоотой шалтгаанууд байх аж. Архинаас болж осголт, хордлогоор жилд дунджаар 373 хүн нас барж байгаа статистик үзүүлэлт гарсан. Манай улсын насанд хүрэгчдийн 55.2 хувь нь архийг хэтрүүлэн хэрэглэж, жилдээ 140 мянган хүн эрүүлжүүлэхэд хонож, архинд донтох эмчилгээ хийлгэх шаардлагатай 12 мянган хүн байгаа хэмээх судалгааг Наркологийн үндэсний хүрээлэнгээс гаргажээ.
Согтуугаар гэмт хэрэг үйлдэгсдийн тоо улам бүр өссөөр үндэсний хэмжээний гамшиг, терроризмоос илүүтэй нүүрлэх аюул болоод байна.
Аливаа улс орны нэг хүнд ногдох архины хэмжээ жилд 8-9 литр болоход үндэсний аюулгүй байдал алдагдана гэж үздэг ажээ. Тэгвэл манай улсын нэг хүнд ногдох архины хэрэглээ дээрх баримтаас үзвэл 28 литр болохоор байна.
Архи хэмээгч аманд орохдоо алтан шумуул мэт амнаас гарахдаа арслан барс мэт умдааныг манай эцэг өвгөд дэлхийн дайдыг дагуулагч Эзэн богд Чингис хааны үеэс л хорт идээ болохыг нь мэдэж тааруулж хэрэглэхийг хуульчлан заасаар ирсэн. Манай энэ цаг үед л архины ид хавыг монголчууд бид жинхэнэ утгаар нь мэдэж хэрэглэдэг болсон нь юуны гай вэ гэмээр.
Дээр дурдсанчлан нэг хүнд ногдох архины хэмжээ жилд 8-9 литр болж улмаар үндэсний аюулгүй байдал нь алдагдсан гэж үздэг улс орнуудад архины эсрэг үнийг нь огцом нэмэх арга барилаар тэмцэж тодорхой хэмжээнд үр дүнгээ өгсөн явдал ч байдаг аж.
Тэгвэл архины үнийг огцом өсгөх замаар хэрэглээг нь бууруулах аргын эсрэг хэн асуудал үүсгэдэг вэ гэвэл архи, дарс үйлдвэрлэгчид. Мэдээж хэрэг энэ арга нь тэдгээр төрлийн бизнес эрхлэгчдийн борлуулалтыг огцом хааж байгаагаас ялгаагүй боловч цөөн хэдэн бизнесмэнүүдийн эрх ашгийг бодох уу, улс орныхоо аюулгүй байдал, ард түмнээ архин далайд живэхээс сэргийлэх үү гэдгийг эрүүл ухаанаар бодох хэрэгтэй юм.
Жишээ дурдвал монголчуудын архины хэрэглээний ихэнх хувийг хангадаг, архи дарс үйлдвэрлэлтээр монополь болсон компаниудын төлөөлөл парламентад суугаа цагт архины үнийг огцом өсгөх санаачлага томоохон эсэргүүцэлтэй тулгарах нь дамжиггүй. Тэд болон тэдний монголчуудын тархийг угааж архиа зарах гэсэн хүмүүс архины үнийг нэмэх нь эргээд чанаргүй хуурамч архины үйлдвэрлэлийг ихэсгэнэ хэмээн сануулдаг. Тэгвэл хууль дүрэмтэй, цагдаа шүүхтэй улсад бүхэл бүтэн үндэсний эрх ашгаа сөрж ард иргэдээ хуурамч архиар хордуулахаар улайрагсдыг дарж чадах нь гарцаагүй юм. Хуурамч, хулхи архи гарахаас цагдаа сэргийлэхийнхэн төрийн хатуу хуулин дор сайн тэмцэл өрнүүлж чадсан туршлага ч гадаадын олон оронд байдаг аж.
Ер нь тэгээд цөөн хэдэн хүний эрх ашгаас олон нийтийнхийг илүүд үзэж ийм арга хэмжээг архины эсрэг авахаас өөр сонголт Монгол Улсад үлдсэнгүй.
Өнөөдөр Монгол Улсад насанд хүрсэн нийт эрэгтэйчүүдийн бараг тэн хагас нь, эмэгтэйчүүдийн дөрөвний нэг нь нь архи хэрэглэдэг. Өсвөр насныхны дунд явуулсан судалгааны дүнгээс харахад 67.9 хувь нь 14 нас хүрэхээсээ өмнө архидан согтууруулах ундаа хэрэглэж үзсэн байдаг аж.
2011 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 66 дугаар чуулганы индрээс Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Архины хортой хэрэглээг хянах суурь конвенц байгуулах санаачлагыг дэвшүүлж, мөн НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга ноён Бан Ги-Мүн болон ДЭМБ-ын Ерөнхий захирал Др.Маргарет Чан нартай уулзах үеэрээ ярилцаж байв.
Энэ санаачлагын дагуу Монгол Улсад “Архины хортой хэрэглээг бууруулах” олон улсын хурлыг 2015 онд хийх бэлтгэлийг хангаж ажиллахыг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэндийн сайдад энэ онд үүрэг болгосон байдаг.
Тэгвэл архины эсрэг олон улсын хурлыг ирэх онд монголчууд зоригтой арга хэмжээг авч угтах нь зохистой мэт. Энэ асуудал, санаачлагатай холбоотойгоор манай сайт цувралаар нийтлэл сурвалжлага бэлтгэн уншигчдад хүргэх болно.
Үргэлжлэл бий.
Bataar.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ