Терроризмаас бид хэзээ салах вэ

Их Британийн улс төрийн нэрт зүтгэлтэн, Гадаад хэргийн сайд асан сэр Бэн Локерсби "Daily Mirror" сонинд "Терроризмаас бид хэзээ салах вэ" нэртэй нэгэн асуудал дэвшүүлсэн сонирхолтой өгүүлэл нийтлүүлснийг уншигчдадаа товчлон сийрүүлж байна.
Улс төр, шашин хоорондын асуудлаас үүдэн гардаг терроризм хэмээх аймшигт ойлголт харамсалтай нь хүн төрөлхтөний нэгэн салшгүй хэсэг болсоор уджээ. Хэдийгээр өнгөрсөн зуунд терроризм дэлхий нийтийн асуудал болж хувирсан ч дундад зууны үеэс л асуудлыг аллага, хүчирхийллээр шийдэх арга хэрэгсэл байсаар ирсэн юм.
Тэгвэл терроризм хэмээгч нь хэзээ хүмүүсийн дунд тасалбар болж, түүхийн номонд бараан хуудас болон үлдэх вэ гэсэн асуудал олон улс оронд эрэлт үүсгээд байна.
Харамсалтай нь тэрхүү эрэлтийн хариулт тун бүрхэг. Наанадаж улс орнууд зэвсэглэлээр хөөцөлдөхөө зогсоох, цаанадаж улс үндэстнүүдийн хоорондох тулгар асуудлууд шийдэгдэхээс нааш бид бие биенээ хөнөөсөөр л байх болно.
Одоогоор энэ нь АНУ тэргүүтэй НАТО-гийн эвслийн орнуудад шүдний өвчин болоод байгаа. Хамгийн сүүлд л гэхэд Австралийн Сиднейн төвд хүний амь эрсэдлээ.
Австрали улс Ирак, Сирид болж буй явдалд манай улсын нэгэн адил оролцохгүй үлдэж чадаагүйн төлөө ийнхүү хохирол амсаж байна.
Франц, Их Британи, Австрали улсад нүүрлэж байгаа энэ гамшиг АНУ-д өдөр тутам тулгардаг асуудал болж хувирсан.
Өчигдөр америкчууд улс орондоо гудамжаар айдас хүйдэсгүй явах, ажлын байрандаа терроризмоос ангид бодол тээн ажиллах гэгчийг мартсан бол өнөөдөр тэднийг дэлхийн өнцөг булан бүрт аюул тосож байх жишээтэй.
Шалтгаан нь мэдээж хэрэг сүсэглэн залбирдаг итгэгчдийнхээ тоогоор хоёрт бичигддэг лалын шашинтнуудын итгэл үнэмшилд халдсантай холбоотой.
Ард нь үүнээс ч дутахааргүй геополитикийн шалтгаанууд ч байгаа. Персийн булангийн 1990 оны дайн, Иракийг эзэлсэн, Афганистанд дайтсаар байна, Ливийг юу болгож хувиргав, Сирийг одоо хар, эцэст нь дахиад л Ирак.
Тэд өмнө нь иракчуудтай, ливичүүд, афган, талибуудтай мөргөлдөж байсан бол одоо дэлхий даяарх лалын шашинтнуудтай мөргөлдөж эхэлсэн.
Лалынхны нүдэнд америкчууд европчуудаас, оросуудаас, хятадуудаас хувь илүү муухай харагдаж байгаа. Бизнесийн ашиг орлого нь америктай салшгүй холбоотой араб бизнесмэн хэзээ нэгэн цагт гэгээн Мухамедийн төлөөх үйл хэрэгт ашиг орлогоо зориулна гэж, Нью-Йоркийн гудамжинд таксигаар амиа тэжээж яваа лал залуу цаг нь ирэхээр хэмээн шүдээ зууж явааг америкчууд мэдэж авсан тул тэд айдастай байгаа.
Европчууд хэдэн ч загалмайтны аян дайн хийгээд, олон зууны турш мөргөлдөөд,ялж ялагдаж, зэрэгцэн оршихоо нэгэнт баллуурдаж чадахгүйгээс хойш Арабын ертөнцийг, Иерусалимтай нь, Меккатай эцэст нь хүлээн зөвшөөрсөн.
Харин америкчууд бол үгүй ээ. Тэд Арабын ертөнцөөс алс холд, Атлантын далайн цаана оршдог тив шахуу гүрэн гэдэг утгаараа аюул ихэд хол санагдаж байсан байх. Тэгвэл хүн амынх нь 13.2 хувийг африкаас боол болгон авчирсан хар арьстнууд нэгэн цагт эзэлж, нийгмийн салшгүй хэсэг болно гэдгийг тэдний өвөг дээдэс мэдээгүй шиг лалын шашинт оршин суугчид АНУ-ын томоохон хэсэг болно гэдгийг одоо ч тооцоолохгүй байгаа нь л тэдний гол алдаа.
Тэгвэл терроризм хэмээгчид аль өнгөрсөн зууны үеэс л гүн гүнзгий дөрлүүлсэн Америкийн хувь заяа бүрхэг байгаа бол британичууд яах вэ. Далайн чанад дахь холбоотноосоо нүүр буруулах уу, Палестины тусгаар тогтнолыг дэмжиж арабуудаас уучлалт гуйх уу. Тэртэй тэргүй ирландчууд, шотландууд гээд дотоодын шүдний өвчин Британийн аралд байсаар л байхад хилийн чанадад элдэв асуудалд орооцолдох хэрэг бидэнд байгаа юу.
Н.Төгс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ