Муу дээр муухай, муухай дээрээ...

Ядарсан монголчуудад Д.Нацагдоржийн үлгэрлэн дуулсан гайхамшигт сайхан "Миний нутаг"-таа өвчин зовлонгүй эрүүл аж төрөх хувь ингэхэд байна уу. Улсын эмнэлгүүдийн үүдийг, хүнд суртал, авлигын тогтолцоонд нь дарангуйлагдаж сахидаг иргэдийн нуруун дээр эрүүл мэндийн салбарын улстөржилт хүртэл нэрмээс болох юм.

Ерөнхий сайдын эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй хэмээн байгуулсан Засгийн газрыг хамгийн муухай харагдуулж байгаа яам, сайд нь Эрүүл мэнд, спортын яам, Г.Шийлэгдамба сайд. Дэлхийн олон оронд анагаахыг спорттой холбосон яам байдаг хэдий ч Монголдоо анх удаагийнх. Нэг ёсондоо боловсролтой, соёл урлагтай, аялал жуулчлалтай хүртэл холбож явсан спорт одоо л нэг арай дөхөм юмтай холбогдох нь гэмээр. Харамсалтай нь эрүүл мэндийн салбар нь манай оронд ямар хөгжлийн түвшинд яваа билээ гээд бодохоор спорт ч одоо өнгөрч дээ гэж халаглах хүмүүс бишгүй тааралдах боллоо.

Улстөржиж, сандал ширээгээ өгөхгүй булаацалдсан эмнэлгүүдийн дарга нараа удирдаж дийлдэггүй салбар л гэнэ, Н.Энхбаярын намд үе уламжлуулж өгсөн салбар л гэнэ, элдвээр хэлэгдэх эх үндэс нь нээрээ л тавигдсан юм даа гэж бодмоор.

Өмнөх сайд, дэд сайд хоёр нь гар нийлж ажиллах нь бүү хэл хоорондоо таарч тохирдоггүй шүүх цагдаадаа тулаад байгаа салбар. Сайд нар нь хоорондоо нэр хүнд, гүтгэлэг ярьж шүүхийн өмнө уралцаж байгаа салбар яаж олигтой байх вэ.

Гэтэл одоо бүр Эрүүл мэнд, спортын яам гурван сайдтай боллоо. Нөгөө эдийн засгийн хямралаас гарахын тулд нүсэр бүтцээс татгалзая, төрийн өндөр албан тушаалтнуудын тоог бууруулая, зардлаа хэмнэе гэсэн аль вэ?

Шинэ сайд Г.Шийлэгдамба нь нэг дэд сайддаа өрөөг нь өгөөд тамга тэмдгийг нь гардуулаад нөгөөх дэд сайд сайд нь заналт дайсан МАН-ын хүн учир коридорт хүлээлгээд суулгаж байгаа ч гэх шиг. Эхнээсээ л шуудайд хийсэн үхрийн эвэр шиг талцаж муудсан яам салбараа яаж өөд нь татах вэ. Ёстой л муу дээрээ муухай, муухай дээрээ улцан гэгч л боллоо.

Үлдсэн хоёр жилд эрүүл мэндийн салбар нохой шиншихгүй болтлоо сүйрэх нь ч тодорхой боллоо гэмээр. Дээрээс нь спортыг тэдэнд нэмж өгөөд ирэх Рио де Жанейрогийн олимпоос хүсэн хүлээж байгаа итгэл найдварыг Н.Энхбаярын хүмүүсийн гараар юу ч үгүй арчуулах болж дээ.

Х.Цахилгаан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ