"Facebook" Оросын эрх баригчдын шаардлагыг хүлээж авчээ

Баасан гарагт Москва хотын шүүх Оросын тэрс үзэлтэн Алексей Навальныйг залилангийн хэргээр 10 жил хорих ял төлөвлөсний дараа түүнийг дэмжигчид Facebook групп хуудас нээж тэмцэлд уриалж эхэлсэн юм.

Уриалга ёсоор 38 настай Навальныйг дэмжих жагсаал нэгдүгээр сарын 15-нд буюу шүүх хурал болох өдөр Москва хотын төвд болох аж.

Богино хугацаанд группт 12,000 хүн нэгдэж амжсан юм.

Гэтэл өчигдөр Facebook компаний зүгээс уг группт Оросоос хандах эрхийг нь хаажээ. Ингэх болсон шалтгаан нь ОХУ-ын эрх баригчдын шаардлага бололтой.

Оросын өөрийнх нь нийгмийн сүлжээ болох Вконтакте дээрх групп ч устсан байна. Оросын засгийн газрын агентлаг Роскомнадзор үүнийг зөвшөөрөлгүй үйл ажиллагаанд хүмүүсийг уриалж хууль зөрчсөн учраас хаасан гэжээ.

Навальный болон түүний ах Олег нарыг Францийн гоо сайхны бүтээгдэхүүний Ив Рошер компаний Орос дахь салбарыг луйвардсанд буруутгажээ.

Ах дүү Навальный нар үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэнэ. Ив Рошерын ажилтнууд гэмт хэргийн асуудал үүсээгүй гэж мэдүүлсэн бол тус компаний захирал нь өнгөрсөн долоо хоногт Оросоос явсан сураг байгаа юм.

Ах Олегийг нь найман жил хорих шийдвэр гарч болзошгүй байна.

Навальныйг яллах оролдлого анх удаа биш бөгөөд 2013 онд түүнийг нэгэн мод бэлтгэлийн компанийг мөн залилсан хэрэгт буруутган таван жил хорих гэсэн боловч олон нийтийн эсэргүүцлийн улмаас 24 цагийн дараа суллаж байжээ.

Facebook-ын блокын талаар Оросын олон нийтийн сүлжээгээр янз бүрээр ярилцаж байна. Навальныйг дэмжигч Георгий Албуров твиттер хуудсандаа “Facebook айсандаа шээс алдаж манай группыг хаалаа” гэжээ.

Зарим нэг нь үүнд төдийлөн ач холбогдол өгөлгүй “1917 онд Facebook байгаагүй ч бүх зүйл амжилттай болсон шүү дээ” хэмээн Большевик хувьсгалтай харьцуулан хошигнож байна

Эх сурвалж: Vocativ.com

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Бага зэрэг аадар бороо орно
Өчигдөр 08 цаг 40 мин