Орос гүрэн туйлдаж байна

Орост эдийн засгийн таагүй байдал улам бүр даамжирсаар байна. Дайн тулаан, өлсгөлөн ядуурал, осол сүйрэл гээд энэ байтугай хатуу цаг үетэй нүүр тулгарч тэмцээд л гарч байсан ах нар сурсан зангаараа тэсээд тэвчээд өнгөрөх гэтэл цаг өөр болсон байж.
Энэ тухай өнгөрсөн долоо хоногт чуулганы индэр дээрээс мэдэгдэл хийсэн ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн үгэнд ч дурдагдсан. Түүний хэлснээр "Эдийн засаг нь хичнээн том ч зөвхөн түүхий эдээс хамааралтай зах зээл хэрхэн хурдан хямрах боломжтойг бидэнд сануулсаар, том дохио өгсөөр байна" гэсэн юм.
Тэгвэл бодит байдал дээр ямар байгааг уншигчдадаа тоймлон хүргэе. Украины асуудлаас үүдэлтэйгээр Европын холбооны хоригтой холбоотойгоор нарийн нандин чихэр жимс, өрнөдийн амттанууд, тансаг бараануудын үнэ тэнгэрт хадаж байсан ч сайн удирдагчийнхаа асуудлыг шийдэмгий зоригтой шийддэг байдал, улс эх орныхоо нэр хүндэд итгэсэн оросууд өнөөдрийг хүртэл ёстой л эх оронч зан гаргажээ.
Харамсалтай нь байдал дээрдсэнгүй тэдний өдөр тутам идэж, уудаг дотоодын үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнүүд, хүнсний хэрэглээ хүртэл үнэ нь өсч рубль цааснаас ялгаагүй болж эхлэв. Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ нэг ам.доллараар унах тутамд Орост рубль тэрбум тэрбумаар хийсэж алга болж байна.
Байдал ийм болохоос нэг сарын өмнө л CNN, BBC энэ тухай бичиж байсан ч Оросын хэвлэлүүд ингэтлээ тартагтаа тулчихаагүй байгаа тухай бичиж, коммунизмын үеийн суртал ухуулга гэмээр сайхан хувцасласан, тарган цатгалан оросуудыг дэлгэцээрээ харуулж, яриулж байв.
Харин өнөөдөр Оросын нийгэмд болж байгаа юуг ч нуугаад нэмэргүй болсныг тэд өөрсдөө хүлээн зөвшөөрчээ. ОХУ-ын Төв банк өнгөрсөн мягмар гаригт бодлогын хүүгээ 10.5-17 хувь болгож өсгөсөн ч рублийн ханш хэдхэн цагийн дотор ам.долларын эсрэг 20 хувиар буурчээ.
Он гарснаас хойш бараг 50 хувь уначихаад буй рублийн ханшийн тогтворгүй байдлыг түр ч атугай зогсоох гал унтраах төдий арга гэдгийг Оросын эдийн засагчид хэлж байна. ОХУ-д үүсээд буй эдийн засгийн хүндрэлтэй холбоотой шог яриа хүртэл гарчээ. Юу гэвэл ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, ам.долларын эсрэг рублийн ханш, мөн дэлхийн газрын тосны нэг баррелийн үнэ бүгд 63 руу дөхөж байгаа гэнэ. Үнэхээр ч нэг баррель газрын тос дэлхийн зах зээл 63 ам.доллараар худалдаалагдаж буй бөгөөд одоо нэг ам.доллартай тэнцэж байгаа 53 рубль ирэх жил гэхэд 63 болногэж таамаглаж байгаа юм. Харин В.Путин ирэх онд 63 нас хүрэх ажээ. Энэ давхцал оросуудад төдийлөн сайхан сонсогдохгүй байгаа.
ОХУ-ын эдийн засаг 2008 оны эдийн засгийн хямралын үеийнхээс ч хэцүү нөхцөл байдалд тулж очсон нь дэлхийн газрын тосны үнийн навс уналттай шууд холбоотой. Орос хэдийгээр агуу том гүрэн, эдийн засаг нь ч цар хүрээ ихтэй дэлхийн томоохон бизнесийн талбарын нэг. Гэсэн хэдий ч байгалийн баялгаас хэт хараат болвол ямар ч аварга эдийн засаг хямарч болдгийн баталгааг харуулж байна.
Өрнөдийнхний хориг арга хэмжээ үүнд нөлөөлж байгаа, оросууд ч гадаад харилцаагаа тэлэх замаар хэрэгцээт экспорт, импортоо нөхөхийг хичээж байгаа ч алсуураа газрын тос гэдэг томоохон хүчин зүйл тэднийг хөмөрчих шахаж байна.
Газрын тосны үнэ ийнхүү унаж байгаа үзэгдэл дэлхийн түүхэнд олон удаа ажиглагдаж байсан. Тэр бүртээ аль нэг томоохон газрын тос үйлдвэрлэгч орон бодлогоор хэмжээ хязгаараа хэтэртэл газрын тос олборлосноор энэ ханшийг унагаж байдаг. Энэ удаа ч мөн ОПЕК-ийн хамгийн том гишүүн орон болох Саудын Араб нэг баррель нь 110 ам.доллар буюу харьцангуй тогтвортой байсан үнийг хоёр дахин бууртал үйлдвэрлэлээ өсгөж, ойрын хугацаанд бууруулахгүй хэвээр барих бодлого баримталж байгаа нь ихэд нөлөөлж байгаа. Саудын Арабыг үйлдвэрлэлийн хэмжээгээ тэгтлээ удаан барьж чадахгүй гэж байгаа боловч бусад газрын тосны үйлдвэрлэлээр баялаг Арабын орнууд тэднийг даган дууриаж байгаа, асар их хэрэглээтэй Хятад үүнийг өөгшүүлж байгаа нь ч дам нөлөөлж л байгаа хэрэг.
Н.Төгс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ