Ногоон ууттай эдийн засаг

Үйлдвэрлэгдсэн цагаасаа эхлэн эсрэг шүүмжлэл дагуулж ирсэн зүйл бол хогны ногоон уут. “Хоггүй Улаанбаатар Азийн цагаан дагина” гэсэн сүржин нэртэй, “хогоо ил бүү хаяаарай” гэх уриатай даржин биетэй энэхүү уутанд ирэх жил нийслэлийн төсвөөс энэ жилийнхээс хоёр дахин их мөнгө хуваарилсан байна.

Үүний шалтгааныг хотын Ерөнхий менежер Б.Бадрал тайлбарлахдаа өрхийн тоо өссөнтэй холбож байгаа юм. Түүнийхээр бол жилийн дотор нийслэлийн өрхийн тоо хоёр дахин өссөн гэсэн үг. Гэтэл бас бүр эсрэг мэдээллийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өгсөн байдаг.

Энэ жил 33 сая уут үйлдвэрлэсэн бол ирэх жил гурван саяаар цөөн уут гаргахаар болсон гэх юм. Өрхийн тоо нэмэгдсэн гэсэн атлаа уутныхаа тоог цөөлөөд зардлаа 6.7 тэрбум гэж нэмсний учир нь даанч тодорхойгүй, ойлгомжгүй байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 200-гаад төрийн албан хаагчаа цомхотгохоо дуулган байж иргэдийн анхаарлыг сарниулж байгаад араар нь ийнхүү хогонд их хэмжээний мөнгө оруулжээ. Хогонд ч юм уу, хогшилд ч юм уу ямартай ч ард түмний халааснаас суйлах нь тодорхой боллоо. Томоохон асуудал үүсгэснээ мэдэж байгаагаас хойш өөрсдийгөө хайцаалах аргаа олж, сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөсөн гэдгээ зарлаад амжсан. Угтаа бол нийслэлээс сургууль, цэцэрлэг барьж байгуулах ажилд төсвөөсөө хөрөнгө мөнгө гаргах ёсгүй гэнэ.

Уг нь эх орноо хоггүй болгох энэ санаа бол маргаангүй зөв. Гэвч буруу өнцгөөс эхэлсэн бололтой. Эко хэмээн тунхаглаж, зардлыг нь өндөр тогтоосон байж болох ч эцсийн бүлэгт энэ гялгар уут өөрөө байгальд хортой хэвээрээ л байх болно.

Тодруулж хэлбэл, бүх үйлчилгээний байгууллагууд өнөөдрийг хүртэл хуучин гялгар торыг түгээсээр байгаа. Тэгвэл тэр торнуудыг хоол болгож идэхгүйгээс хойш хогийн цэг дээр урьдын хэвээр байсаар л байна.

Гялгар уут нь 60 жилийн настай хог гэдгийг бараг хүн бүр мэддэг болсон цаг. Харин ч үүн дээр нэмэрлэж ногоон уут үйлдвэрлэгдсэн хэмжээгээрээ ногоон хогон овоо босгоно. Гэр хорооллын дундуур ч алдарт ногоон салхины аясаар намиран хийсч харагдана. Уут нь хийсэж явахад доторх хог нь хаачсан бол? Эндээс ямар ч ахиц харагдахгүй нь тодорхой боллоо.

Цаашлаад уутны чанар муудсан талаар хэлэх хүн олон. Нимгэрсэн, жижгэрсэн гэх шүүмжлэлүүд ар араасаа цуварсаар. Ирэх жил үйлдвэрлэгдэх уутны хэмжээ 80*45 байснаа 60*45 болох гэнэ. Иймэрхүү мэдээлэл сонсоод иргэдийн бухимдал гал дээр тос асгах мэт дүрэлзэн асах нь мэдээж.

Бас болоогүй, нэг өрх нэг сард хэрэглэх 15 ширхэг уутыг авахын тулд харьяа хороон дээрээ очиж бүртгүүлээд талон авна. Тухайн сарынхаа талоноор тодорхой оноосон дэлгүүр, эсвэл худагаас очиж авах ёстой. Хэрэв хугацаандаа аваагүй тохиолдолд өмнөх сарынхыг нөхөж олгохгүй гэсэн хатуу журам хүртэл тогтоосон байсан. Үүнээс үүдэн иргэдийн дунд нэгэн хардлага бий болсон юм. Энэ бол “авч амжаагүй айлын хогны уут хаашаа орох вэ? Зардлаас илүү гарсан мөнгө хэний халаас руу урсаж байна вэ?” гэх мэтийн асуултууд ар араасаа хөвөрнө. Хогны уутаа огт авч байгаагүй айл ч бас цөөнгүй бий. Тэгэхээр ингэж хий зарлага гаргахын хэрэг байна уу?

БЗД-ийн гэр хорооллын худагт ус түгээгчээр ажилладаг эмэгтэй ийн ярив. “Хогны ногоон уутыг хүмүүс гүйцэт авдаггүй шүү дээ. Над дээр зөндөө л байдаг. Гэхдээ сар нь өнгөрсөн ч би өгөөд л явуулчихдаг. Надад битгий өгөөрэй гэсэн зааварчилгаа өгөөгүй юм чинь. Харин заримдаа нэг хүн ганцхан сарын бөөн бөөн талон бариад ирдэг нь их сонин. Хавийн айлуудынхаа талоныг бариад ирдэг юм уу гэлтэй олноор нь аваад явдаг. Яахав, дээрээс ямар нэгэн байдлаар надтай тооцоо тулаад байдаггүй болохоор өгчихдөг л юм.” гэлээ. Үүнээс гадна гэр хорооллын айл өрхүүдэд байнга тулгамддаг нэг зүйл бол үнсээ ачуулах асуудал. Халуун нурмаа хогны уутандаа хийхгүй нь мэдээж. Ингээд л төмөр пошиктой халуун үнс, нурмыг ачихгүй хэмээн хог ачигчид хаяж одно. Саваа суллахаас аргагүй байдалд орсон иргэд хаа нэгтээ гуу жалга, хашааны өнцөг булан бараадуулан асгана. Үүнээс болж галын аюул ч нүүрлэхгүй гэх баталгаа байхгүй юм.

Гэх мэтээр асуудлыг хөндвөл цаг нэлээд орох янзтай.

Ерөнхийд нь дүгнэж хэлэхэд, энэ төсөл хөтөлбөрт ямар ч хариуцлагын тогтолцоо алга. Түүнчлэн иргэд ч энэ хөтөлбөрийн эсрэг байр суурьтай байгааг хаанаас ч харж болно. Тухайлбал, сүүлийн үед ялангуяа цахим ертөнцөөр ногоон уутанд төсөвлөсөн мөнгөөр нийгэмд тулгамдсан бусад ямар асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой байгааг тусгасан санаачлагууд цөөнгүй гарах болсон.

Сургууль, цэцэрлэг, эмнэлэг бол байнга хөндөгдөж байгаа. Харин шинэлэг санаачлагаас энд дурдвал, цаасан тор хэрэглэж занших, онцгой байдлынхныг бүрэн тоног төхөөрөмж, багажаар хангах, гудамжинд ангилалтай хогийн цэг байгуулах гэх мэтээр үргэлжилнэ.

Эцэстээ хогны ногоон уутыг хэрэггүй гэж үздэг, чанарыг нь шүүмжлэх иргэдийн бухимдал гаарсаар хогны гэхээс илүү “хөгийн” ногоон уут гэж нэрших болсныг энд онцлохыг хүслээ. Энэхүү ногоон уутанд нэг л ашигтай тал бий. Энэ бол хүнс болон хувцас хэрэглэлийг тоосонд даруулахгүйгээр хадгалах таатай сав баглаа болдог. Бүх айлууд ногоон уутыг иймэрхүү байдлаар ашигладаг.

Төсвөөр цангасан өчнөөн олон салбарууд байсаар атал зүтгүүлэн байж “хогонд” хөрөнгө хаях нь хэнд ашигтай вэ? гэсэн асуултаар энэхүү бичлэгээ өндөрлөе.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ