Малайз улсад үерийн улмаас шинэ жилийн арга хэмжээг цуцалжээ

Малайзд үерийн гамшиг нүүрлэсний улмаас 60 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлээд байсан ч нөхцөл байдал хүндэрсний улмаас дахин 80 орчим мянган хүн орон гэрээ орхихоос аргагүйд хүрчээ.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар аадар борооны улмаас Келантан, Тренгану, Паханг, Перак, Перлис мужууд илүүтэй хохирол амссан бөгөөд эдгээр мужуудын 78,5 мянган хүн орон гэрээ орхисон байна.

Малайзийн Ерөнхий сайд Нажиб Разакийн мэдэгдснээр тус улсын бүхий л агентлаг, төрийн байгууллагууд үерийн гамшгийн үед тусламж үзүүлэх шаардлагатай бүхий л арга хэмжээг авах үүрэгтэй гэнэ.

“Төрийн бүхий л хэлтэс, байгууллагууд үерийн улмаас хохирсон хүмүүст туслах төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд бүхий л хүч чадлаа дайчлаасай гэж би хүсч байна” хэмээн Ерөнхий сайд мэдэгджээ.

Лхагва гарагт 100 гаруй жуулчин, тэр дундаа гадаадын жуулчид үерийн улмаас Малайзийн Паханг мужийн зочид буудлуудаас гарах боломжгүй байгаа талаарх мэдээлэл гарч байлаа. Ойролцоох голын усны түвшин аюултай түвшнээс давсан талаарх анхааруулга гарч байгаа аж. Суурин газрууд усанд автсны улмаас Малайзид нийтдээ ер гаруй мянган хүнийг нүүлгэн жилүүлээд байгаа юм байна.

Үерийн гамшгийн улмаас төмөр замын харилцаа саатаж, таван хүн амь насаа алдаж, шинэ жилийн баяр тэмдэглэхийг хойшлуулсан байна.

Нөхцөл байдал хүнд байгаа тул Малайзийн засаг захиргааны шинэ төв болох Путраджай хотод шинэ жилтэй холбоотой бүхий л арга хэмжээг цуцалсан байна. Улмаар баярын ажиллагаанд төлөвлөөд байсан 860 мянган ам.долларыг үерийн улмаас хохирол амссан хүмүүст тусламж болгон илгээх талаар хэлэлцэж байгаа гэнэ.

Б.Гэрлээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ