155 зорчигчтой Airbus онгоц алга боллоо

Он солигдох босгон дээр дахин нэг иргэний агаарын тээврийн онгоц сураггүй болж холбоо тасарлаа. AirAsia Flight 8501, нислэгийн Airbus онгоц Индонезийн Сурабаяа хотоос Сингапурыг чиглэн нисэх замдаа холбоо тасарсан тухай дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шуурхай мэдээлж эхэллээ.

Airbus A320-200 онгоцон дотор 155 хүн зорчиж яваа бөгөөд орон нутгийн цагаар өнөө өглөө 05.27 цагт Индонезийн Жуандагийн олон улсын нисэх буудлаас хөөрөөд гурван цаг орчмын дараа буюу 08.37 цагт Сингапурын олон улсын нисэх буудалд газардах ёстой байжээ.

Гэсэн хэдий боловч одоог хүртэл онгоц холбоо тасарч сураггүй хэвээр байгаа юм. Тус бүс нутагт хүчтэй аянгат салхи, шуургатай цаг агаарын таагүй үзэгдэл явагдаж байгаа талаар CNN агентлаг уламжилж байна.

Холбоо тасарсан онгоцны эрэлд Индонез болон Сингапурын албаны хүмүүс эрлийн баг гарган шуурхай хайж эхэлжээ.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ