Малайзын "Airbus"-ын сэгийг олсон гэв

Өнөө өглөө Индонезийн Сурабаяа хотоос Сингапурыг зорин хөөрсөн Малайзын “AirAsia” олон улсын нислэгийн компанийн QZ8501 чиглэлийн онгоц сураггүй алга болоод байгаа.
Орон нутгийн цагаар өглөөний 05.27 цагт Индонезийн Жуандагийн олон улсын нисэх буудлаас хөөрөөд гурван цаг орчмын дараа буюу 08.37 цагт Сингапурын олон улсын нисэх буудалд газардах ёстой байсан уг онгоцонд 162 хүн буюу 155 зорчигч 7 багийн гишүүнтэй зорчиж байжээ.
Гэвч онгоцтой Ява, Калимантан арлуудын ойролцоох Явагийн тэнгисийн дээгүүр нисэж явахад нь өглөөний 07.00 цагийн орчимд холбоо тасарсанаас хойш одоог хүртэл сураггүй, олдоогүй хэвээр байна.
Дөнгөж саяхан Хятадын “CCTV” болон зарим эх сурвалжууд онгоцыг Индонезийн Банка-Белитунг мужийн ойролцоо осолдож сэг нь олдсон байж болзошгүй гэсэн мэдээлийг цацжээ.
Мөн “The New Straits Times” сонин ч ингэж мэдээлжээ. Одоогоор албаны хүмүүс уг мэдээллийн талаар ямар нэгэн тайлбар өгөөгүй байгаа ч онгоц олдохгүй удах тусам сүйрсэн байх магадлал өндөртэйг эх сурвалжууд мэдээлж байна.
Индонезийн Тээврийн сайд Хади Мустофагийн мэдээлснээр онгоц холбоо тасрахаас өмнө цаг агаарын шалтгаанаар өндрөө нэмэх хүсэлт тавьсан гэнэ.
Онгоц Сингапураас 370 гаруй км-ийн зайтай нисч явахдаа холбоо тасарчээ.
Одоогоор Индонези, Сингапур болон “AirAsi” компанийн албаныхан сураггүй болсон онгоцыг хайж байна.
Үүнээс өмнө Малайзын агаарын тээврийн МН370 нислэг өнгөрсөн гуравдугаар сарын 8-ны өдөр Куала Лумпураас хөөрснийхөө дараа холбоо тасарч одоо болтол ор сураггүй байгаа төдийгүй онгоцонд явсан бүх хүмүүсийг амь эрсэдсэнд тооцсон юм.
Тэгвэл Украины нутаг дэвсгэр дээгүүр өнгөрсөн долдугаар сарын 17-нд нислэг үйлдэж байсан Малайзын иргэний агаарын тээврийн Боинг онгоц салан тусгаарлагчдын харвасан пуужинд оногдон сүйрсэн. Үүний улмаас онгоцонд зорчиж явсан 283 зорчигч, нислэгийн багийн 15 хүн бүгд амь үрэгдсэн юм.
Тэгвэл 2014 онд Малайзын авиа компаниудын онгоц сураггүй болж сүйрсэн тохиолдол дахин нэгээр нэмэгдэх магадлал маш өндөр болоод байна. Хэдийгээр “AirAsia” компанийн мэдээлснээр онгоцны ахмад нь 6100 цаг, харин туслах нисгэгч 2275 цагийн нислэгийг аюулгүй үйлдэж байсан туршлагатай нисгэгчид боловч үүсээд буй нөхцөл байдлаас үүдэн яах аргагүй онгоц сүйрсэн нь гарцаагүй болсон хэмээн албаныхан тун удахгүй зарлах бололтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ