М.Шагдарсүрэн: Гурван сая хүн бүгд элэгний вирустай байсан ч устгах боломж бий

Элэгний хорт хавдар сүйрлийн харанга дэлдэж байна. Тодруулбал, манай улсад өнгөрсөн жил 16 мянга гаруй хүн хорвоог орхисноос 10 гаруй хувь нь элэгний хорт хавдраар бурхан болжээ.

Тиймээс төр засаг, олон нийтээр энэ аймшигт өвчинтэй дорвитой тэмцэхгүй бол олон мянган монгол хүний алтан амь үрэгдсээр байх нь ээ.Бид “Тэргүүн ярилцлага” буландаа Монгол Улсын гавьяат эмч, академич, доктор, профессор М.Шагдарсүрэнг урилаа. Түүнийг “элэгний” гэдгээр нь монголчууд сайн мэднэ. Тэрбээр элэгний өвчинтэй тэмцэх үйлсэд бүхий л амьдрал, мэдлэг оюунаа зориулж яваа эрдэмтэн юм. -Монголчуудыг хамгийн их айлгаж байгаа зүйл бол элэгний өвчлөл. Жил бүр олон зуун хүн энэ өвчнөөр хорвоог орхиж байна. Социализмын үед элэгний өвчлөл гайгүй байсан уу, ер нь хэдий үеэс Монголд өргөн тархсан бэ? -Социализмын үед бага, одоо их болсон гэж ярих нь хаашаа юм. Урьд ч одоо ч элбэг л байна. 1950-аас 1960-аад оны үед монголчуудад элэгний өвчин маш их тархсан. Энэ нь учир шалтгаантай. Тухайн үед Монголд арьс өнгөний өвчин их байсан байна. Үүнийг устгахын тулд хуучин ЗХУ-аас тусламжийн багууд ирсэн.Тэд Монголын бүх аймаг, сумаар явж арьс өнгөний өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх кампанит ажлууд шуурхай явуулсан. Сайн тал нь арьс өнгөний өвчинг устгасан боловч хамгийн харамсалтай нь тариурын шар тархсан байдаг.Тухайн үед зүү, тариурын хүрэлцээ муу тул буцалгаж ариутгасан болоод дахин хэрэглэж байжээ. Бараг нэг баг, суманд ганц, хоёрхон тариур байсан юм уу даа. Тэгж ярьдаг юм. Ингээд тариурын шар гэх өвчин улс орон даяар тархсан байна. Энэ бол маш аюултай.Элгийг өвчлүүлдэг долоон төрлийн вирус байна. Монголд үүнээс дөрвөөс илүү нь бий. Үүн дотор В, С вирус хамгийн их тархсан. Энэ нь тариурыг усанд буцалгахаар устчихдаг вирус биш. Элэгний өвчлөлийг багасгахын тулд манай улс чамгүй тэмцжээ. Засгийн газар, Эрүүлийг хамгаалах яамнаас тэмцээд хүрээг нь тодорхой хэмжээгээр багасгасан ч вирусыг устгаж чадаагүй. Тухайн үед вирусыг устгах эм тариа гараагүй байсан. Одоо л гарч байна шүү дээ. Вирусийг эмчлэхгүй болохоор 10-15 жилийн дараа ч юм уу тодорхой хугацааны дараа элэгний хатуурал болно. Дараа нь хатуурлын суурин дээр элэгний хорт хавдар үүсдэг. Сүүлийн жилүүдэд шар өвчний гаралт их байна.Нөгөө олон төрлийн вирус улам тархаж байна. Заримдаа вирус ахуйн нөхцөлөөр тархана. Өөрөөр хэлбэл, гэмтсэн арьс, салст бүрхэвчээр дамжиж халддаг нь тодорхой болсон. Жишээ нь, шүд авхуулах, тариа хийлгэх, дусал залгуулах зэрэгт халдвар дамжих бололцоотой. Мөн хатуу үстэй сойзоор шүдээ угаахад буйлнаас цус гардаг шүү дээ. Энэ нь салст бүрхэвч гэмтэж байна гэсэн үг. Үүгээр дамжиж халдаж болно. Сахал хусах үед арьс гэмтвэл мөн дамжиж халдах боломжтой. Түүнчлэн, бэлгийн замаар дамжиж халдана. Энэ мэтээр вирус олон замаар дамжиж халддаг. -Элэг хэр эмзэг эрхтэн бэ, арьсанд тос түрхэхэд хүртэл элгэнд нөлөөлдөг гэсэн? -Элэг бол маш эмзэг эрхтэн. Бие мах бодийн хамгийн том эрхтэн бөгөөд идэж уусан бүхнийг шүүгээд зогсохгүй, амьсгалсан агаар, биед түрхсэн тос хүртэл цусаар дамжаад элгэнд шүүгддэг. Нэг үгээр хэлбэл, элэг бол биед, цусанд орсон бүхнийг шүүдэг лаборатори юм. Мөн элэг энерги нөөцөлдөг. Тухайлбал,уушиг, зүрх, дотоод шүүрлийн булчирхай, хоол боловсруулах бүх эрхтэний үйл ажиллагаа элэгний гаргаж байгаа энергийн оролцоотойгоор явагддаг гэж үздэг. Элэгний хамгийн гол хоёр үүрэг бол энэ юм. Ер нь элэгний үүрэг хэдэн зуугаар тоологдоно. -Агаарын болон орчны бохирдол элгэнд нөлөөлөх нь ээ? -Тийм ээ. Агаарын бохирдол, тоос шороогоор амьсгалах, хортой нөхцөлд ажиллах зэрэгт элэг амархан мууддаг шүү дээ. Гоо сайхны бараанууд хүртэл нөлөөлнө. Тэнд янз бүрийн химийн бодисууд агуулагддаг.Мөнгөн ус, цайр зэрэг төрөл бүрийн бодис бий. Зарим тохиолдолд тураах эмчилгээнүүд, янз бүрийн сүлжээний эмнүүд сөргөөр нөлөөлж байгааг дэлхийн олон орны эрдэмтэд анхааруулж байна. -Таныг элэгний Шагдарсүрэн гэдгээр хүмүүс сайн мэднэ. Тиймээс элэг нь өвчилсөн бараг бүх хүн таниас зөвлөгөө авч, эмчилгээ хийлгэхийг хүсдэг. Ер нь монголчууд өвчнөө эрт үед нь оношлуулж чадаж байна уу? -Манайхан эрүүл мэнддээ анхаарал тавих тал дээр их дутагдалтай. Яагаад гэвэл элэгний өвчин өвдөж зовоон, орь дуу тавих нь ховор байдаг. Хүнд ажиглагдахаар шинж тэмдэгүүд гарна. Тухайлбал, амархан ядрах, царай зүс бордуу болох, хүрэнтэж, харлаж эхэлдэг. Нүдний салст шарлана. Алга улайж, ам цангах шинж тэмдэг илрэнэ. Гэтэл энэ бүхнийг анзаарахгүйгээр хамар, амнаас цус гарах, элэг өвдөх, хавагнасан хойно нь ирж байна.Ерөнхийдөө өвчлөгсөдийн 70-80 хувь нь оройтож ирдэг. Оройтоогүй үед нь элэгний хүнд өвчин, хорт хавдрыг эмчлэх орчин үеийн аргууд гарсан байна. -Монголчууд хүндэрсэн тохиолдолд гадагшаа явж эмчлүүлэх эцсийн найдвар тээдэг. Ихэвчлэн хаашаа явж эмчлүүлж байна вэ, зардал мөнгө хэр өндөр гарч байна, эдгэрэх найдлага ямар байдаг вэ? -Хүндэрчихсэн үед гадагшаа явах их хэцүү дээ. Хохирч үлдэж байгаа хүн маш олон бий.Яагаад гэвэл, өвчний эхний эсвэл, дунд үед нь явалгүй туйлдаа хүрсний дараа явахад зардал мөнгө их гарч байна. Зарим үед үр дүн ч тааруу байх нь элбэг.Тухайлбал, манайхан Өмнөд Солонгос руу их явж эмчлүүлж байна. Энэ улсад хөдөлбөл хөлс гэдэг шиг маш их мөнгө авдаг. Эмнэлэгт хэвтэхэд хоолны үнэ, шинжилгээний мөнгүүд нь тус тусдаа байх жишээтэй. Элэг шилжүүлж суулгах мэс заслын зардал 300-400 сая төгрөгөөр тоологдоно. Үүнээс ч их гарах тохиолдол бий. Эмнэлгүүдээсээ шалтгаалаад тэрбум гаруй төгрөг гардаг гэсэн. Тэгвэл ийм их мөнгөтэй хүн Монголд цөөхөн байгаа биз. Их баяжсан хүмүүс санаа нь зовдоггүй байх. Гэтэл элэг солиулах гэж яваа ихэнх хүн ах дүүсээсээ дэмжлэг аваад нэмээд орон байр, машин тэрэг, эрхэлж байсан бизнес гээд зарж болох бүх юмаа борлуулаад үр дүнгүй ирэх тохиолдол олон байна. Үнэхээр харамсалтай. -Жирийн нэг иргэн хүний элэг өвчилсөн тохиолдолд тэр их зардал мөнгийг гаргах ямар ч бололцоогүй байна. Улс орон маань тэгтлээ хөгжиж, ихэнх иргэн маань хөрөнгөжөөгүй байна шүү дээ? -Хямдхан эм тариа хийлгээд эдгэчихгүй шүү дээ. Өвчин хэчнээн хүнд байна. Төдий чинээ нарийн оншилгоо шаардана.Вирусыг тоолох, элэгний үйл ажиллагааг үзэх, компьютер томо графикийн соронзон долгионд зүсэж харах зэргээр орчин үеийн багажуудаар шинжилэхэд их хэмжээний мөнгө орно. Хаана ч гэсэн. Социализмын үе шиг үнэгүй оношлуулж, эмчлүүлнэ гэвэл үүн шиг худал зүйл байхгүй. Хөрөнгө зарж, олон жил судалж үнэтэй гаргаж авсан эмийг өндөр үнээр нь худалдан авч эмчлүүлэх шаардлага гарна.Тиймээс энэ бүхнийг дааж, давж гарахын тулд ард түмэн тодорхой хэмжээний санхүүгийн чадвартай амьдрах хэрэгтэй байгаа юм. -Олон улсад вирусыг устгах, элгийг эмчлэх чиглэлээр туршилт, судалгааны ажил хэр амжилттай явагдаж байна вэ? -Элэгний өвчнүүдийг эмчлэх судалгаа, шинжилгээ орон бүрт өдөр болгон явагдаж байна. Өндөр хөгжилтэй орнуудад нэлээд ололт амжилт гарч байгаа. Элэгний вирусыг эмчилдэг шинэ эмнүүд гарч байна.Дээхэн үед интер-ферон гэж үнэтэй эм байсан. Эдгээр эм нь 100 хувийн үр дүн өгч чадахгүй, 60 орчим хувьтай. Дээрээс нь гаж нөлөө ихтэй. Тухайлбал, цусны эд эсүүдэд өөрчлөлт оруулдаг. Үс унадаг, амархан ядардаг, бусад эрхтэнүүдийг үрэвсүүлдэг зэрэг гаж нөлөө өгөх нь их байлаа. Сүүлийн үед олон хөрөнгөтөн орны томоохон эрдэм шинжилгээний хүрээлэн, лабораторид элэгний аймшигтай вирусыг устгах эмнүүд гаргалаа. Одоо Монголд оруулна, оруулахгүй гэх зэргээр сайд дарга нар нь маргаан дэгдээгээд байна. Ер нь яаралтай оруулж ирэх нь зөв юм. Энэ эмнүүд их үнэтэй. Тэрийг арай хямдралтайгаар оруулж ирэх арга сүвэгчилж байна. Ойрын үед орж ирэх байлгүй дээ. -Мэдээж өвчлөхөөс өмнө урьдчилан сэргийлэх нь чухал. Та элгээ хамгаалах энгийн зөвлөгөөнүүд хэлж өгөхгүй юу? -Элэг гэмтээж байгаа гол гурван зүйл бий. Нэгдүгээрт, вирусын халдвар байна. Хоёрдугаарт, архи тамхины зохисгүй хэрэглээ. Мөн эмийн бодисыг зохисгүй хэрэглэх явдал юм. Тэгэхлээр вирусаас өөрийгөө хамгаалахын тулд амьдралын хэвшилдээ анхаарах хэрэгтэй.Тухайлбал, бохир гараар дамждаг нэг хэсэг вирус байна. Ариун цэврийн өрөөнд орсны дараа гараа угаадаггүй, автобусанд суух, мөнгө тоолсны дараа гараа угаалгүй хоол идэх зэрэгт халдвар дамжих боломжтой. Дээр хэллээ, арьс салст бүрхэвч гэмтсэний дараа халдаж болно. Иймээс аль болох шивээс хийлгэх, сойз, сахал хусах хэрэгсэлүүдийг солихгүй байх, онцын шаардлагагүй бол эм тариа, дусал хийлгэхгүй байх хэрэгтэй. Мөн болгоомжгүй бэлгийн хавьтал зэргээс халдвар авч болно. Мэдээж эмчлэхээс илүү урьдчилан сэргийлэх нь чухал байна шүү дээ. Түүнчлэн, архи дарсыг хэтрүүлэн хэрэглэх нь элгэнд маш муугаар нөлөөлдөг. Мөн тостой хурц хоол, давс зэргийг өргөн хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Янз бүрийн лаазалсан хүнс, хиам байна. Муутгахгүй гээд нитрат зэрэг янз бүрийн бодис хийдэг юм байна. Мөн утаж, шарсан хоолнууд сайнгүй. Амархан шингэдэг, витаминтай, ногоо цагаа элбэг хоолнууд хэрэглэж байх хэрэгтэй. -Зарим хүн гахайн түүхий элэг сайн гээд хэрэглэх юм. Мөн сүүлийн үед гишүү гэх ургамал сайн гэж ярих боллоо. Энэ нь хэр бодитой зүйл вэ? -Монголчууд худлаа цуурхал баахан тараадаг. Эмнэлгийн ямар ч мэдлэггүй байж гахай, элээ, ямаа, тарваганы элэг идвэл эдгэнэ гэж ярьдаг. Зүгээр болдог бол яахав.Гэтэл үнэн худал нь мэдэгдэхгүй зүйлийн төлөө олон амьтны амь хөнөөнө гэдэг яав ч зөв зүйл биш. Шинжлэх ухаанаар дээрх зүйлс нь сайн гэж баттай батлагдсан зүйл алга. Аюулт өвчнийг анагаахын тулд олон зуун сая доллар зарцуулж, олон эрдэмтний хүч хөдөлмөр, цаг хугацааг үрэн байж судалгаа шинжилгээ, туршилт хийж байна. Тиймээс шинжлэх ухаанд суурилсан эмнэлэгт найдсан нь зөв гэж хэлэх байна. -Элэгний өвчин хазааргүй морь шиг дийлдэхээ больчихсон зүйл үү.Та энэ салбарт олон жил ажиллаж байгаагийн хувьд төрөөс хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалахад хэрхэн ажиллаж байна гэж дүгнэдэг вэ? -Энэ талаар туйлын анхааралгүй, сул байна гэж хэлье. Өөдтэйхөн төр бол гуравхан сая хүн амд ганц том хэмжээний эмнэлэг бариад онош, эмчилгээнүүдийг цогцоор нь маш сайн явуулах юмсан. Гурван сая хүн бүгд вирустай байсан ч устгах чадал байна шүү дээ. Үүнд олигтой анхаарал тавихгүй туйлын сул байгаа нь харамсалтай. Зөвхөн өөрсдийн эрх ашгийг бодсон, ард түмнээ хайхардаггүй хүн улс төрд олон байна уу гэх халаглал төрөх юм. Төрөөс анхаарвал дэлхийн стандартад нийцсэн их сургууль, лаборатори байгуулаад, түүнд нь тохирох багаж тоног төхөөрөмжүүдийг тавиад эзэмших мэргэжилтэнг нь богино хугацаанд эрчимтэй бэлдээд, хүн ардаа оношлоод, мөн тэртээ тэргүй дэлхий дахинд баталгаажсан тохирох эмүүдийг нь оруулж ирээд хүн ардаа ангаавал ядах зүйл юу байна аа. Хэн ч чадах асуудал шүү дээ. Зөвхөн улс төрийн зорилгоор өдий төдий олон тэрбум төгрөг зарлаа. Жишээ нь өнгөрсөн зун олон сумын ой тохиож 90 гаруй тэрбум төгрөг зарлаа гэж ярих юм. Энэ бол Монгол Улсын хэмжээнд их сургууль, эмнэлэг байгуулах, тоног төхөөрөмж худалдан авах, мэргэжилтэн бэлтгэх хэмжээний том мөнгө шүү дээ. Гарынхаа салаагаар урсгаж байхын оронд арай ухаантайхан зарцуулсан бол гэж харамсаж сууна. Одоо ард түмнийхээ эрүүл мэнд, боловсролыг бодохгүй бол болохгүй боллоо. Боловсрол их чухал шүү.Түүнээс биш аманд нь эм хийгээд, тариа тариад хүн ардын эрүүл мэндийн асуудлыг шийдчихгүй. Хортой зуршлаас зайлсхийх, биеэ чийрэгжүүлэх гэх зэргээр эрүүл мэндийнхээ төлөө тэмцэхэд тодорхой хэмжээний мэдлэг боловсрол шаардаж байна. Төрөөс боловсрол, эрүүл мэндийн төлөө томоохон цогц арга хэмжээ аваасай гэж хүсч байна. Тэгэхгүй бол болохоо байлаа шүү гэдгийг энэ салбарт олон жил ажилласан хүний хувьд, хүний эрүүл энхийн төлөө бага ч болов чадах зүйлээ хийж яваагийн хувьд, эрдмийн цол зэрэг хамгаалсны хувьд хэлэх ёстой гэж бодож байна. Төрийн машинууд улс монголынхоо эрүүл мэндийн төлөө зөв чиглэлд эргэвэл энэ өвчнийг эмчилж авах бүрэн бололцоотой юм. -Та хүн ардын эрүүл энхийн төлөө зүтгэхийн сацуу хэдэн арван зохиол бүтээл туурвиж, харь хэлнээс олон сайхан бүтээлийг эх хэлнээ орчуулсан хүн. Тиймээс асуултаа таны хамгийн сүүлд туурвиж байгаа зохиол бүтээлээр өндөрлөе? -Би энэ оны хавар Казахстаны шинэ нийслэл Астана хотод Европийн эрдэмтэдийн их чуулганд оролцоод ирсэн.Нурсултан Назарбаев хэмээх их удирдагч, арваадхан жил болсон тэр улс орныг яаж хөгжүүлсэн, целино град хэмээх эзгүй цөлд Дубай шиг нийслэл хэрхэн цогцлоон бүтээснийг нүдээр үзэж, гайхан биширлээ. Тэгээд баярлан Нурсултан Назарбаев нэг боть ном. Казакийн ард түмний оюун санааны лидер Абай Кунанбаевын “Слова Назидания” гэсэн хоёр номыг орчуулж дуусгалаа. Одоо жаахан зүлгэж засах ажил үлдсэн. Г.БатзоригNational times news

СЭТГЭГДЭЛ БИЧИХ