Нэг залуу нөгөөгөө нударгалж орхихгүй яав аа

Дөрөвдүгээр сарын 30-ны өдөр буюу Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох Олон улсын өдөрт зориулав
Бамбараа хазсан бар, бэлтрэгээ хэмхэчсэн чоно, үрээ идсэн үнэг гэж сонсоогүй юм байна. Тэд араатан ч тэгэхгүй л дээ. Зүйрлэх зүйл эс олсноос хүн араатан гэсэн юм. Хүүхэд уйлдаггүй, хүчирхийлэл гардаггүй өрх ховордох нь ээ.
Энэ аймшиг биш гэж үү? Хэтэвчнээс нь мөхөөлдөсний мөнгө авсан гээд хүүгээ гурван цаг тарчилгадаг, үгэнд орсонгүй хэмээн заазуурддаг, боорцог далд авсан /тэр хулгайлаагүй, өлссөний эрхэнд идсэн биз/-ы хариуд амбаарт гурван жил хорьдог, агсам тавихдаа эхнэрээ сүхдэж, нярай хүүхдээ хадаастай сандлаар толгойд нь цохидог, тэнэв гэсэн шалтгаар тамхины галаар түлдэг гээд л харгис, хэрцгий хэрэг цуварч байна.
Бид ч цочирдон хүлээж авав. Гэхдээ энэ нь тийм ч шинэ соргог хэрэг бас биш л дээ. Мэдэгдсэн нь энэ болохоос зодуулах нь байтугай амиа алдсан, хоригдох нь бүү хэл хонгилд гавлуулсан хүүхэд олон бий. Олох л хэрэгтэй.
Олны хүч чухал гэсэн үг. Түүнээс биш, хорооны нийгмийн ажилтан, хэсгийн цагдаа хоёрт найдалтгүй. Хорооны нийгмийн ажилтан гэх нөхөр ядуусын нэр гаргах, алдсан бичиг, баримтын цохолт хийх, тусламжийн бараа ядууст тараахаас өөр ажил бараг хийдэггүй юм.
Хэсгийн цагдаа нар хэдэн зартай архичдаа сахина уу гэхээс өөрийг, ээ дээ, мэдэхгүй л байх шүү. Хүчний болоод хүмүүнлэгийн байгууллагуудын хараа, хяналт хүрэхгүй байх шиг. Хүрч чадахгүй ч үгүй болов уу. Иргэдийн дэмжлэг авахгүй л бол болохгүй гэх гээд байна л даа.
Соц үе шиг сайн дурын эргүүл гаргалтай биш. Тэгэхээр яах вэ гэдэг асуудал гарна. Нэг орцонд, хамар хашаанд, бүр зэрэгцэн амьдардаг айлууд бие биенээ таньдаггүй явдлыг хамгийн түрүүнд халъя. Орцоороо бие биенээ таньдаг болъё.
Хэнд нь юу хэрэгтэйг мэддэг, чадлынхаа хэрээр тусалдаг байя. Сууц өмчлөгчдийн холбоо зэрэг сонирхлын зөрчилтэй газартай байснаас “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг”-ийн үлгэрээр “Сайн хөрш”-ийн холбоотой болох нь зөв бодогдоно.
Тэндээс ажлаа эхэлсэн нь дээр санагдана. Тэгээд тэр нийгмийн ажилтан, хэсгийн цагдаатайгаа холбоотой ажиллах ёстой байх. Албан ёсны биш юм гэхэд орц, хөршийнхөнтэйгээ хагас сард ядаж нэг удаа гадаалж, сайн, муугаа ярьдаг байя л даа.
Тэгээд хамтарсан хүчээр хүн араатнуудтай тэмцье. Хууль, хяналтынхан ч тэдэнд хөнгөн, хуумгай хандахаа болих хэрэгтэй. Анхных гээд толгойг нь илдгээ орхиё.
Хэрцгий авир гаргасан л бол ямар нэг шийтгэлтэй байг. Болдогсон бол бүр хатуу шийтгэхсэн. Насанд хүрсэн хоёр эр зодолдох, нялх балчир үрсээ нүдэх нь тэмээ ямаа шиг, тэнгэр газар мэт ялгаатай нь мэдээж.
Ардын багш хүн айлын өнчин хүүг амбаартаа гурван жил хорино гэхээр санаанд даанч багтахгүй байна. Үнэнийг хэлэхэд үзэж, сонсмооргүй жигшүүртэй юм. Түүний оронд нэг залуу нөгөөгөө тэрий хадтал нударгалж орхихгүй яав аа.
Н.Умард
СЭТГЭГДЭЛ БИЧИХ