Бельгид хоёр террористыг устгажээ

{!!!right!!!}Францад лалын тулгар үзэлтнүүд алан хядах ажиллагаа явуулсны улмаас 17 хүний аминд хүрсэн билээ. Энэ харамсалтай үйл явдал намжиж амжаагүй байтал өчигдөр Бельгийн цагдаа нар тусгай ажиллагаа явуулж хоёр сэжигтнийг устгасан байна.
Тэдгээр сэжигтнүүд нь Парист халдлага үйлдсэн жихадистуудын хамсаатнууд байсныг тогтоогоод байна. Тэд Бельгийн нийслэлд мөн л алан хядах үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн байсныг ийнхүү амжилттай зогсоож чаджээ.
Бельгийн тагнуул, цэргийн тусгай ажилтнууд улсынхаа нийслэл Брюссель болон түүний ойр орчмын газар нутгуудаар шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулсны эцэст 10 гаруй хүмүүсийг баривчилсан байна.
Энэ үеэр гурван сэжигтэн тусгай албаны ажилтнуудтай буудалцаж эсэргүүцэл үзүүлсэн тул тэднийг өчиггүй устгахаас өөр аргагүй болсон байна.
Буудалцаан хагас цаг гаруй үргэлжилснийг гэрчүүд нотолж байгаа юм. Улмаар калашников буугаар зэвсэглэсэн жихадистуудын хоёр нь амиа алдаж, нэг нь хүнд шархдан цагдаа нарын гарт оржээ.
Парисын халдлага болохоос өмнө Бельгид алан хядагчид халдлага үйлдэх магадлалтай хэмээн АНУ-ын ТТГ-аас анхааруулж, улмаар хэвлэлийн хурал хийж байсан юм.
Тэгвэл ажиглагчдын үзэж байгаагаар Парисын халдлага нь Европын орнуудад террорист ажиллагаа эхлэх дохио байсан бололтой.
Харин ч Бельгийн цагдаа нар энгийн иргэдийн амь насыг эрсдэлд оруулалгүй тусгай ажиллагааг эрчимтэй зохион байгуулсны үр дүнд ийнхүү алан хядах ажиллагааг таслаж чадлаа хэмээн хэвлэлүүд бичиж байна.
Тэд Бельгид томоохон террорист халдлага зохион байгуулах гэж байсан тухай Бельгийн Холбооны прокурорын газрын ажилтан Тьерри Вертс Брюссель хотноо яаралтай зарласан хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн юм.
Энэ үеэр тусгай ажиллагаа Брюсселээс 125 км зайтай ихэвчлэн лалын шашинтнууд оршин суудаг Вервелс хэмээх жижигхэн хотод явагдсаныг албаны ажилтан нотлоод энэ үеэр цагдаа болон энгийн иргэд шархдаж бэртээгүйг мэдэгдсэн юм.
Мөн Бельгийн төв телевизээр уг тусгай ажиллагааны буудалцаан, дэлбэлэлт бүхий бичлэгийг дэлгэн үзүүлсэн бөгөөд орон нутгийн оршин суугч нар буун дуу 10 орчим минутын турш сонсогдсон гэжээ.
Бельги улс нь 400 гаруй цэргийн албан хаагчдаа эвслийн бүлэгтэй нэгтгэн Ирак, Сирид "Лалын улс"-ын эсрэг дайнд илгээсэн бөгөөд албан ёсны мэдээгээр тус улсын иргэд жихадист болж байгаа үзүүлэлтээрээ Европт тэргүүлж байгаа гэнэ. Тиймээс тус улсад халдлага үйлдэх санаархал ч өндөр байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ