Холын Давосын ойрын сураг

Жил бүр Швейцарийн Альпийн нуруунд Давос хэмээх жижигхэн сууринд манай гаригийн хамгийн өндөр түвшний шийдвэр гаргагчид цугладаг.

Тэд хүн төрөлхтөний ойрын болоод холын ирээдүйтэй холбон дэлхийн эдийн засгийн төлөв байдлыг хэлэлцээд зогсохгүй олон улсад тулгамдсан асуудлуудыг нэлээд олноор нь шийдэж чаддаг. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага болон саад бэрхшээл юу байна гэдгийг чуулан ярилцагчдын нэг болсоор уджээ. Анх монголчууд Давосын чуулга уулзалтад Ерөнхий сайдын түвшинд оролцож эхэлсэн бол 2009 оноос Ерөнхийлөгчийн түвшинд тогтмол оролцсоор ирэв.

Цэнхэр гариг дээр минь улам бүр өсөн нэмэгдсээр байгаа сөргөлдөөн, ажилгүйдэл, байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах асуудал Давосын гол хэлэлцэх сэдэв. Хамгийн ойрын жишээгээр үзэхэд ундны усны хомсдол ихэсч, кибер халдлага хүн төрөлхтөний дунд аюулын харанга дэлдэх гол асуудал болоод байгаа гэнэ. Яг одоо биечлэн тулгараад буй нефтийн үнийн уналт, Оросын эдийн засгийн хямрал, хориг арга хэмжээ тэргүүтнүүд энэ удаагийн Давосын хэлэлцэх гол асуудал аж.

Тэгвэл Монгол Улсын хувьд тус байгууллагатай хамтран хуралдаан, хэлэлцүүлэг зэрэг арга хэмжээг Улаанбаатарт зохион байгуулж, хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлсээр байгаа. Түүнээс гадна манай улс Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаас санаачилсан Авлигын эсрэг түншлэлийн санаачилгад нэгдэн орсон. Өнгөрсөн жилийн чуулга уулзалтаар Монгол Улсын 2040 он хүртлэх хөгжлийн боломжит хувилбарыг тодорхойлсон. “Монгол Улсын хөгжлийн стратегийн хувилбарууд” судалгааны төслийн тайлан илтгэлийг танилцуулах тусгай хуралдааныг 2014 онд зохион байгуулсныг санаж байгаа байх.

Монгол Улс энэ уулзалтад оролцох бүртээ нөлөөгөө тэлж, асуудлуудаа тавьж байна. “Монголын үдэш” арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулдаг боллоо. Монголын түүх, соёл, өв уламжлал, орчин үеийг сурталчилдаг уламжлал тогтоод байна. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ уулзалтын үеэр Монголын ардчиллын 25 жилийн ойн мэндчилгээг хүргэх нь талын монголчуудын зүгээс тавьж буй гол сюрприз.

Монгол Улс 2016 онд улс төрөөр бол “олимп” гэж ойлгож болох АСЕМ-ийн уулзалтыг эх орондоо хийхээр болсон. Давост очих Европ, Азийн тэргүүнүүдтэй АСЕМ дээр хэрхэн хамтарч ажиллах талаар Монгол Улсын Ерөнхийлөгч яриа, хэлэлцээ хийнэ.

Чухамдаа Улаанбаатарт болох АСЕМ-ын чуулга уулзалтын оршил өнөөдөр Давост өрнөх нь.

Энэ жилийн уулзалтаар хэлэлцэх ерөнхий сэдвийн талаар дахин дурдая. Ундны усны хомсдол арван жилийн дотор гурав дахин буюу 13,4 - 40,3% хүртэл нэмэгджээ. Дэлхийн банкны судалгаагаар хөдөө аж ахуйд бүх хэрэглээний усны 70 орчим хувь шаардлагатай бөгөөд 2030 он гэхэд хүнсний үйлдвэрлэлийг 50 хувиар нэмэгдүүлэх хэрэгтэй болно. Хүн амын өсөлт, хоолны зуршил өөрчлөгдөж байгаагаас усны хэрэглээ нэмэгдэнэ. Үүний зэрэгцээ Эрчим хүчний олон улсын агентлаг 2035 он гэхэд эрчим хүчний үйлдвэрлэлд усны нөөц 85 хувиас илүү хэрэгтэйг хэлж байна. Дэлхийн эдийн засгийн чуулганы өнгөрсөн оны илтгэлд ч усны хямралыг хэлэлцсэн юм.

Европт ажилгүйдлийн хувь өндөр байна. Ойрын 18 сард Европын ажилгүйдлийн хувь 33,5, дараагийн арван жилд нь 21% болох магадлал их байгаа аж.

Ажилгүйдэл нь нийгмийн тэгш бус байдал, шахалт дарамтыг үүсгэж байна. Эдийн засгийн бага өсөлт, технологийн хөгжил нь ажилгүй хүмүүсийн эгнээг нэмэгдүүлж байна. Иймэрхүү тулгар асуудлуудыг шийдэхээрМонгол улс дэлхий дахинтай мөр зэрэгцэн сууж байна.

Б.Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ