Ноён уул харийнханыг өршөөхгүй

Нэр нь хүртэл сүрлэг бахдам догшин хайрхнуудын нэг болсон Ноён уул нэгэн цагт битүү ойтой, морьтой хүн давахад бэрх байсан цаг өнгөрчээ. Өтгөн шуугисан ой модыг хүнд техникийн хүчээр хядаж зам тавьснаас байгаль эх уйлан гасалж байна уу гэмээр төрх тэнд биднийг угтана.

Хэвлийдээ алт эрдэнэс агуулан буй уул хайрхан, газар шороо маань хүн амьтныг өвөртөө дулаацуулж, шимт шүүсээрээ тэтгэж байсан цаг нэгэнт өнгөрсөн мэт. Энд харь хэлтнүүд эзэн сууж хүннү, сүннүгийн үеэс ч ийм том эзэмшил газартай ван гүн байгаагүй байх гэмээр их газар нутгийг хашаалан, буутай сумтай этгээдүүдээр мануулжээ.

Тэгвэл энэ газар тэр чигээ­рээ ойн бүс билээ. Монгол Ул­сын нийт ойн нөөц маш бага. Ердөө л наймхан хувь. Сүүлийн 10 жилд зур­гаан хувь болж багассан. Тий­мээс энэ л ойг бая­лаг­тай нь хамгаалах гэж “урт” нэртэй хууль гар­цаагүй гарсан юм.

Үүнийг л хамгаалах гэж нэг хүн өнөөдөр шоронд сууж байгаа. Тиймээс одоо УИХ-аар “урт” нэртэй хуу­лийг хэлэлцээд“Сентерра гоулд”-д зөвшөөрөл өгч алт ухуулчихвал энд, Монгол улсад эзэн байхгүй юм байна хэмээн гадныхан зарлах бизээ. Харамсалтай нь үүнийг ший­дэх чадвар өнөөдрийн төрд алга.

2200 жилийн түүхтэй Монгол төрийн их хаад хатдын булш, бунхныг залсан эртний тахилга сүлдэт Ноён уул маань одоохондоо УИХ-аас 2009 онд баталсан Урт нэртэй хууль буюу “Гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан, усны сав бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар бүрэн хамгаалагдсан байгаа.

Бидний хэн ч атугай бүгдээрээ хуулиндаа захирагдаж амьдрах үүрэгтэй. Төр засгийн одоогийн эрх баригчиддээрх хуулийг зөрчин стратегийн ордод хамруулаад төр засаг оролцон хамтран ашиглана ч гэх шиг хүүхэд чихрээр хуурч байгаа юм шиг зүйл ярьдаг.

Ноён уул нь хуучин цагийн Өргөө буюу өнөөгийн Улаанбаатараар дайран Хиагтаас Цагаан хэрмийн Чуулалт хаалга орох худалдааны их замын хаяанд байсан тул 18-р зууны сүүл 19-р зууны эхэн үед түүгээр явж өнгөрсөн, Хаант Оросын болоод Баруун Европын жуулчин, элчин нар энэ уулыг, ан аваар элбэг, үзэмжтэй сайхан, нутгийн хүмүүс нь үүнийг ихэд хайрлан хамгаалдаг хэмээн замын тэмдэглэлдээ бичсэн нь бий. Өнөөгөөс 200 илүү жилийн өмнө уг уулыг мөн л Ноён уул хэмээн хүндэтгэн нэрлэж дархлан хамгаалж байсан нь нутгийн монголчууд тэнд эртний хаад язгууртны булш оршуулга байсныг лавтай мэддэг, тэдгээрийг дээдсийнхээ дурсгал хэмээн үзэж хөндөн сандаахыг цээрлэж байсны гэрч болно.

Ноён уулыг байгаль-түүхийн дархан газар болгохын учир

Дээр дурдсан бүхэн Ноён уул бол төрийн хамгаалалд байх учиртайг дахин давтан сануулж буй боловч харамсалтай нь өнөөгийн улс төр, нийгмийн нөхцөл байдал үүний эсрэг байна. Сүүлийн 20-иод жилийн хугацаанд, Монгол улсын нутаг дахь соёлын өв дурсгал асар ихээр сүйдэн устах буюу сэвтэн гэмтэж байгаа нь хэний ч нүдний өмнөх илхэн зүйл болоод байна.
Монголын, одоогоор мэдэгдэж буй анхны төрт улсын хаад ихсийн онгон дархан уул болох Ноён уулыг ч цагийн ороо бусгаа байдлыг далимдуулан гагцхүү эд ашгийн үүднээс ухаж сүйтгэсэн нь зөвхөн өнөөдрийн хэрэг биш билээ.
Эдийн засгийн хямрал бэрхшээл хэзээ ч болж болох боловч түүгээр далимдуулан хаа дуртай газраа ямар ч баялгийг ухаж эрх хүслээ хангана гэдэг бол “боохой борооноор” гэдэг үгийг санагдуулж байна. Аливаа хямрал доройтол хэзээ болох нь болзоогүй, тэгээд ч “хямрал”-ын үед дан ганц уул уурхайн олборлолтыг нэмэгдүүлснээр сайжралыг олохгүй бөгөөд харин ч улсын эдийн засгийг аль болох төрөлжүүлж аж ахуйн олон зүйлийг салбарлуулбал “хямрал”-ыг давна, цаашилбал улсаа улсын дайтай хөгжүүлж болно гэдгийг дотоод, гадаадын судлаачид, зөвлөх мэргэжилтнүүд хэлсээр байна.
Үнэхээр их баялаг байгаад түүний хуваарилалт шударга бус бол нийт ард түмэнд ямар ч унац ашиг байдаггүй бөгөөд байгаль дэлхий, өв соёлоо сүйтгүүлэн сүйтгүүлэн ядуураад байх ямар ч шаардлага алга гэдгийг манай туршлага хангалттай харуулсан биш үү?
Үүнийгээ эрх мэдэлтнүүд, тухайн орон нутаг болоод нийт улс орны аж амьдралыг дээшлүүлэхээр хийж байна гэх боловч бодот хэрэг дээрээ эсрэгээр болдгийг бид харсаар, энэ үйлийн үрийг бие сэтгэлээрээ мэдэрсээр байна. Хэрэв уул уурхай үнэхээр хөгжлийн ганц гарц юм бол өнөөдрийнх шиг улсын өр таазандаа тулж ардын амьжиргаа шалнаас доош орохгүй байхсан. Нийт улс оронд ийм байдаг байж, ядаж анх алтны олборлолт эрхэлсэн орон нутагт нь өөр байдаг байлгүй гэтэл санаснаас хол доор байдалтай болчихоод байгааг аймгуудаас Баянхонгор, Төв, сумуудаас Заамар, Хонгор, Шарынгол, Борнуурын жишээ бидэнд тун тодорхой харуулж байна. Гэтэл одоо, ашиг нэр хөөсөн этгээдүүд цаг зуурын энэ бэрхшээлийг завшаан болгож зөвхөн олз хөөж улсын эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн яг тэр аргаараа буцаан босгоно гэж Ноён уул мэтийн усны ундарга, дурсгалын охийг агуулсан газар руу улайран дайрч байна.
Соёлын үл хөдлөх өвийг тойруулан бүс татан хашаалж хажууд нь бичигтэй самбар зоогоод улсын болон орон нутгийн хамгаалалтад авсан нэр зүүдэг байсныг орчин үеийн олон улсын жишигтэй зүйрлэвэл газар гэрийг орд харш гэсэнтэй агаар нэг юм.
Соёлын өвийг онгон тансаг байгаль орчинтой нь, цогцоор нь, өргөн талбайгаар дархалдаг ёс олон улс дахинаа хэдийнээ хэвшсэнийг хаа холын хөгжингүй орнууд гэлгүй хажуугийн Казахстанаар жишээлэн харж болно. Тэнд байгалийн баялаг их, түүнийгээ бас гадныхантай хамтран олборлодог, хүн ам харьцангуй цөөн, газар нутаг уудам гээд манайхтай ижил олон зүйл бийг бүгд мэднэ.
Гэтэл Казахстанаас наанадаж 70-аад жилийн өмнө тусгаар улс болсон, төрийн 2200 илүү жилийн түүхэн уламжлалтай гэх манай улсад ёс юм шиг аль баян тансаг уул устай, өвөг дээдсийн өв дурсгалтай газарт нь хүнд техник, өрөм, шанага зоолттой, өдөр шөнөгүй ухаж тэсэлж байдаг шүү дээ.
Соёлын өв дурсгалдаа ингэж ханддаг орон энэ дэлхийд байх нь ч байна. Арваад жилийн өмнө талибууд Афганистаны засгийн эрхэнд байхдаа Бамианы хадан уулан дахь, манай Ноён уулын хаадын булштай насаар бараг чацуу Бурхан багшийн хөрөг дүрийг буудаж дэлбэлснийг дэлхий нийтээр мэдэх билээ. Гэвч талибуудад өөрсдийгөө зөвтгөх шалтгаан бий. Наад зах нь тэд бол мусульман, чулуун хөрөг бол Бурханы шашных, тэдний өвөг дээдэс тэр дурсгалыг бүтээгээгүй. Тэгээд ч тэд үзэл суртлын зорилгоор үүнийг хийсэн.

Харин бид юуны төлөө Ноён уулыг ухаж (ухуулж) байна вэ?

Хэрэв бид өнөөдөр “супер нинжа” нар (тэд өөрсдийгөө ингэж нэрлэж байхыг зохиогч сонсож билээ)-ын даварсан үйлдлийг дэмжих буюу дуугүй өнгөрөөвөл маргааш тэд бас өөр нэгэн “хямрал” гэгчээр далимдуулан “Бурхан Халдун уулын доор 50 мянган тонн алт байна. Гэхдээ энэ нь уулын ар тал юм аа. Уулын өврийг ерөөсөө хөндөхгүй. Үүнийг л гаргаад ирвэл бид хөгжлийн манлайд хүрнэ” гээд даян дэлхийн эсгий туургатны шүтээн уулын талыг тасдаж тэгшлэхээр улайран зүтгэх болно.
Цаг зуурын бэрхшээлээр түрий барин үеэс үед дээдлэн шүтсэн газрыг ашгийн төлөө уудлан самарч өвөг дээдсийн ясыг өндөлзүүлвээс өв уламжлалаа дэвслэн эд ашгийн төлөө хомхойрохыг үр хойчдоо биеэр үлгэрлэх, эртний уг язгуураа доромжлон гутааж тэртээ тэргүй Хүннү дээдсийг “булаацалдан” буй олон улсад нэрээ барахын үүд нээгдэнэ.
Тиймээс байгаль түүхийн дархан газар гэдгийг байгуулахын гол зорилго бол хэдхэн хүний хангалуун амьдралын төлөө чирч ирсэн тэдгээр өрөм, шанага, хүрз, зээтүү, хүнд машиныг хаад ихсийн онгоноос “долоон уулын цаагуур” далд оруулан холдуулж өвөг дээдсийнхээ өвийг орчин үеийн түвшинд хадгалан хамгаалах, судлан шинжлэх, ард иргэддээ сурталчлан таниулах амар тайван, ариун цэвэр орчныг бий болгох явдал юм.
Эс тэгвэл буурал дээдсийн мөнх хүүрийг агуулсан, эх түүхийг маань сануулах энхжингийн ариун орны дэргэд арван алд там, алив хор хог зэрэгцсээр, тэдгээр нь ард иргэдийн амар тайван, эрүүл энх, тэгш дүүрэн амьдралын үндэс болсон цэнгэг ус, цэвэр агаар, ариун шороо, атар хөрсийг бузарласаар байх болно.

Н.Умард

СЭТГЭГДЭЛ БИЧИХ