Жэймс Бонд ба СМЕРШ-ийн хоёр дахь амьдрал

- Зохиолч Ян Флеминг яагаад туршуул 007-г аль эрт байхгүй болсон байгууллагын эсрэг тэмцэхэд хүргэсэн вэ? -
Нэг жилийн дараа буюу 2015 оны намар супер туршуул 007-гийн тухай өгүүлсэн 24 дэх кино дэлгэцэнд гарах билээ. Британийн зохиолч Ян Флеминг өөрийн зохиолуудыг дэлгэцийн бүтээл болгох эрхийг худалдсан бөгөөд сонгодог “Бондиана”-гийн дөнгөж эхний хоёр ангийг үзэж амжсан юм. Тэрбээр гурав дахь анги нь олны хүртээл болохоос нэг сарын өмнө өөд болсон аж. Ямар ч байсан түүний зохиолоор хийгдсэн кинонууд зохиолчид таалагдаагүй гэдэг.
Киноноос ялгаатай нь Бондын тухай өгүүлсэн зохиолууд олон сонирхолтой зүйлийг агуулдаг билээ. Тэдгээрийн тусламжтайгаар зохиолч ЗХУ дахь амьдралыг тэр чигээр нь өгүүлдэг юм. Тэдгээр хүүрнэлүүдийн зарим нь үнэхээр бодитой байдаг. Учир нь, Дэлхийн хоёрдугаар дайны өмнө Флеминг Москва хотод ажиллаж байсан бөгөөд дайны жилүүдэд Британийн тагнуулын албанд алба хаахаа үргэлжлүүлжээ.
Харин зарим хэсгүүд нь уран зөгнөлт талдаа, тэр үеийн Зөвлөлт орны бодит байдлаас тэс өөр байсан юм. Зохиолч Флемингийн уран сайхны хэтрүүлгийн нэг нь СМЕРШ гэдэг байгууллагатай холбоотой билээ. Тэгвэл энэ байгууллагын 70 жилийн ойг өнгөрсөн жил тэмдэглэн өнгөрүүлжээ.
Зөвлөлтийн туршуул яагаад Бондыг өршөөв
СМЕРШ гэдэг байгууллага Их Британийн тэтгэвэрт гарсан тагнуулын ажилтны 1953 онд хэвлүүлсэн “Casino Royale” гэдэг нэртэй анхны номонд дурдагддаг билээ. Уншигчдад энэхүү романд өрнөдөг гол үйл явдлыг товчхон сануулах хэрэгтэй байх гэж үзлээ. Сөрөг талын гол баатар бол Ле.Шифр гэдэг нэгэн этгээд. Энэ хүн Зөвлөлтийн тагнуулын албанаас Францын үйлдвэрчний эвлэлийг тэтгэх зорилгоор нууцаар санхүүжүүлсэн хөрөнгийг захиран зарцуулж байсан нэгэн. Тэрбээр 50 сая франкийг энэ зорилгод цацжээ. Яг үнэндээ бол 1946 оны эхээр мань хүн энэ их мөнгийг сүлжээ янхны газруудыг байгуулахад зарцуулсан бөгөөд Францын төр, засаг тэдгээрийг нь хааж орхисон аж. Дэндүү том шаталт амссан тэрбээр алдсан мөнгөө мөрийтэй тоглоом болох хөзрөөр азаа үзэн эргүүлж авахыг оролддог. Тэр үлдсэн бүх мөнгөө мөрийтэй тоглоомд зориулна. Нөгөө талаас Британийн тагнуулын албаны шилдэг тоглоомчин Жэймс Бонд тэр этгээдэд энэ боломжийг олгохгүй гэж үзэлцэнэ.
Эл романы үйл явдал 1951 онд өрнөх аж. СМЕРШ гэдэг үг Жэймс Бонд энэ байгууллагын тухай мэдээллийг унших үед анх тааралдана. Тэгэхээр туршуул 007 болон Хатан хааны нууц алба Зөвлөлтийн тагнуул болон сөрөх тагнуулын албаны бүтцийн талаар маш муу мэдээлэлтэй байсан болж таарна. Тэрхүү мэдээлэлд СМЕРШ-ийг аймшигтай алан хядах байгууллага мэтээр дүрсэлнэ. Тэр үед энэ байгууллага МИ-6 тагнуулын байгууллагын бодлоор маш өндөр хэмжээнд бэлтгэгдсэн хэдэн зуун туршуулуудаас бүрдэж байсан гэнэ. Тэдгээр нь Зөвлөлтийн тагнуулын албаны дотоод аюулгүй байдлын албаны үүргийг гүйцэтгэж байв. Тэд шууд Берия даргад захирагдаж байсан бөгөөд СМЕРШ нь өөрөө Дотоод хэргийн яамны бүтцэд багтдаг байжээ.
Зохиолч Флемингийн өгүүлсэн СМЕРШ байгууллага бодит байдал дээрээ огт өөр байсан юм. Зохиолч үүнийг мэдээгүй хэрэг үү? Үгүй л болов уу. Харин “Смерть шпионам” гэдэг уран сайхны гоёмсог нэртэй байгууллага Флемингийг уран зөгнөлт зохиол бичихэд нь нөлөөлсөн болов уу. Зохиолч өөрийн хүүрнэлийг түүхийн бодит үнэнтэй харьцуулахыг бодоогүй бололтой. СМЕРШ байгууллагыг бий болгох тушаалыг их удирдагч Сталин 1943 оны дөрөвдүгээр сард гаргажээ. Тэгэхээр энэ байгууллагын ажилтнууд яаж ч бодсон 1940 онд Троцкийн аллагыг зохион байгуулах боломжгүй байсан юм. Мөн энэ байгууллагыг 1946 оны тавдугаар сард татан буулгажээ. Тэгэхээр эрэлхэг туршуул Бонд түүнтэй байлдаж байсан 1951 онд энэ байгууллага түүхийн хуудсанд л бичигдэж үлдсэн байв.
Тэгээд ч СМЕРШ-ийг Берия бус харин огт өөр хүмүүс удирдаж байсан аж. СМЕРШ үндсэндээ гурван байгууллагаас бүрдэж байв. Нэг нь, Абакумовын удирддаг цэргийн сөрөх тагнуулын алба. Нөгөө нь Улсын аюулгүй байдлын комиссар, хожим нь эргийн албаны хошууч генерал болсон Гладковын удирдах тэнгисийн цэргийн сөрөх тагнуулын алба. Үлдсэн нь Дотоод хэргийн Ардын комиссариатын дэргэдэх СМЕРШ хэлтэс. Түүнийг Улсыг аюулаас хамгаалах комиссар Юхимович тэргүүлж байсан юм.
Жэймс Бонд энэ байгууллагад таван хэлтэс байдаг гэж бодож байжээ. Тэгвэл бодит амьдрал дээр тус байгууллагад гурав дахин их хэлтэс байсан аж. Түүний мэдээлэлд өгүүлснээр бол тус байгууллагад маш өндөр мэдлэг, чадвартай, хайр найргүй хүмүүс ажиллаж байсан гэнэ. Тэднээс англичууд төдийгүй бусад улс, орнуудын тагнуулчид ч үнхэлцгээ хагартал айдаг байжээ. Эргээд “Casino Royale” романд анхаарлаа хандуулъя. Зохиолын төгсгөлд хожил байгуулсан ч олзлогдсон Жэймс Бондыг муу санаат Ле.Шифр тамлан зовоодог билээ. Мань хүн ширээн дээрээс тонгорог аваад далайтал гэнэт хаанаас ч юм гар буу барьсан хүн гарч ирээд “Ноён Бонд, та түүнтэй салах ёс гүйцэтгээд ямар нэг зүйлийг хэлэхсэн болов уу?” гэж хэлнэ. Дараа нь тэр хүн “СМЕРШ” гэдэг үгийг чанга дуудна. Эцэст нь тарчлаан зовоогчийг алж орхино. Улмаар Жэймс Бонд дээр очоод “Чамд аз дайрлаа. Надад чамайг устгах тушаал өгөөгүй. Гэхдээ чи өөрийнхөн дээрээ очоод СМЕРШ зөвхөн тохиолдлоор юм уу андуураад хэн нэгнийг амьд үлдээдэг юм гэж хэлээрэй” хэмээн өгүүлдэг. Дараа нь тэр туршуул Бондын гаран дээр “Ш” буюу “шпион” гэдэг үгийн эхний үсгийг сийлж орхино. Мэдээж хэрэг, энэ нь супер туршуулд таалагдахгүй учраас номын төгсгөлд тэрбээр СМЕРШ-ийн эсрэг үхтлээ тэмцэх болно гэж андгайлдаг билээ. Тэр үед буюу 1951 онд СМЕРШ гэдэг байгууллага түүх болон хоцорсон ч зохиолч Ян Флемингийн хувьд оршсоор л байсан юм. СМЕРШ түүнийг сэдэлжүүлсэн хэвээр л байлаа.
СМЕРШ-ийн хар арьст туршуулууд
Зохиолч Флеминг өөрийн хоёр дахь бүтээлд ч Жэймс Бондыг алан хядлага болон хүчирхийллийг дэврээгч айхтар байгууллагатай тулгаруулна. “Live and let die” нэртэй романы үйл явдал дийлэнхдээ АНУ-д өрнөдөг. Тэнд гол дүрийн эсрэг дүр нь вуду урсгалын төлөөлөгч бөгөөд мафийн ирээдүйн босс байна. Тэр хар арьст эрийг Mr.Big гэнэ. Бондын бодлоор мань хүн СМЕРШ байгууллагын туршуултай тун төстэй байв. Тэрбээр чанга хатуу бэлтгэлжилтийг давж, жинхэнэ аллага, хүчирхийллийн зэвсэг болсон гэлтэй. СМЕРШ-ийн туршуул Бондын айдсыг төрүүлж байлаа.
Гэвч үлэмж биетэй хар арьст залуу оросоор нэг ч үг мэдэхгүй атлаа хаана ийм айхтар бэлтгэл, сургуулилтад орсон байх вэ? Флеминг түүнийг Ленинград хотод байрладаг тусгай сургууль руу суралцуулахаар “илгээжээ”. 1940-өөд оны сүүлээр Зөвлөлтийн хойд нийслэлийн гудамжаар эрх дураараа алхах үлэмж биетэй хар арьстан хүнийг хүмүүс бараг олж хараагүй болов уу. Тэр үед ЗХУ-д байнгын оршин суух эрхтэй үлдсэн цөөн тооны хар арьстанууд л байсан гэлцдэг. Тэдгээр америкчууд Фордын лицензээр машин үйлдвэрлэх үйлдвэрийг Горький хотноо барьж байгуулжээ. АНУ-ын мафийн босс болон Зөвлөлтийн тусгай албадын харилцаа холбооны талаар өгүүлсэн өөр зүйл энэ романд байхгүй. Дандаа уран зөгнөлт зүйлс хөвөрнө.
Дараа нь бичигдсэн “Moonraker” болон “Diamonds are forever” номуудад мөн л Зөвлөлтийн “андууд”-ын тухай өгүүлсэн бөгөөд нэг зохиолд нь тэд балмад этгээдүүдэд Лондон хотыг цөмийн бөмбөгөөр дэлбэлэхийг оролдоход нь тусладаг. Нөгөө зохиолд яаж ч яваад юм алмаазан эдлэлүүдийг хууль бусаар дамлан худалдах ажиллагаатай холбогддог билээ. Энэ хоёр бүтээлд СМЕРШ байгууллагын талаар дурсдаггүй. Гэвч 1957 онд энэ байгууллагын нэр Бондын тухай өгүүлэх цуврал бүтээлд эргэн ирнэ.
Дэндүү гутаагдсан Орос орон
Бондын тухай өгүүлэх “From Russia, with love” нэртэй дөрөв дэх номонд Сталины дараахь үед Зөвлөлтийн тусгай албад хэрхэн ажиллаж байсныг бид уншиж мэдэх боломжтой. Бондын үзэж байснаар 1955 онд ЗХУ-д тагнуулын хэд хэдэн байгууллага байжээ. Зэвсэгт хүчний ерөнхий штабын тагнуулын төв газар, Гадаад явдлын яамны тагнуулын газар, Улсыг аюулаас хамгаалах яамны тагнуулын хэлтэс, дээрнь СМЕРШ. Тав дахь нь Иван Серовын тэргүүлсэн Улсыг аюулаас хамгаалах хороо байсан аж. Түүхэн талаас нь авч үзвэл энэ нь томоохон эндүүрэл юм. Улсыг аюулаас хамгаалах яамыг Сталиныг өөд болсон өдөр буюу 1953 оны гуравдугаар сарын 05-ны өдөр татан буулгажээ.
Гадаад явдлын яаманд тагнуулын хэлтэс огт байгаагүй бөгөөд харин Мэдээллийн товчоо гэдэг алба байв. Улсыг аюулаас хамгаалах хороо ажилласан хэвээр байсан ч СМЕРШ байгууллага аль эрт татан буугдсан байлаа. Гэсэн хэдий ч Флеминг тус байгууллагыг тэр үеийн ЗХУ-ын албан ёсны гол алан хядах байгууллагаар нэрлэжээ. Тэрбээр зохиолдоо “1955 онд 40 мянган эрэгтэй, эмэгтэй хүмүүс энэ байгууллагын ажилтан байв. СМЕРШ гэдэг нь “Смерть шпионам” гэдэг үгийн товчлол билээ. Энэ нэрийг зөвхөн тус байгууллага дотор өндөр тушаалын түшмэлүүд л ашигладаг. Эрүүл саруул бодолтой Зөвлөлтийн нэг ч иргэн энэ үгийг чангаар хэлэх эрхгүй” хэмээн бичжээ. Сонирхолтой нь, зохиолчийн өгүүлснээр бол дөрөвхөн жилийн дотор СМЕРШ байгууллагын ажилтнуудын тоо хэдэн зуугаас 40 мянга болтлоо нэмэгдсэн аж.
Флеминг яг ийм маягаар Зөвлөлтийн тухайн үеийн бодит байдлыг гуйвуулжээ. Түүний Зөвлөлтийн барилга, байшингуудад өгч байгаа тодорхойлолтууд инээд хүргэм. Жишээ нь, Крымд байрлах нэгэн эдлэн газрыг ингэж дүрсэлнэ. Тэнд өөрийн болчимгүй ажлыг хийх бэлтгэлийг Бондын сөргөлдөгч Донован Грант буюу нөхөр Красногранитский хангадаг. “Эдлэн газар нэн орчин үеийн атлаа жаахан тиймэрхүү байлаа. Намхавтар урт барилга ямар нэгэн гоёл чимэглэл үгүй. Ер нь энэ барилга архитекторч хүний нүдийг баясгахгүй. Төмөр хүрээтэй дөрвөн цонх, шиллэсэн хаалга зэрэг нь цэцэрлэг рүү харна. Хаалганы гадна цайвар ногоон өнгийн плитагаар өрсөн довжоо байна. Шороон зам руу харсан эдлэн газрын хэсэг илүү муухай харагдах болно. Цонхнууд нь төмөр сараалжаар хаагдсан бөгөөд үлэмж том царсан хаалга дүнхийнэ. Харшийн дээд давхарт адил хэмжээтэй хоёр жижигхэн унтлагын өрөө байх агаад доод давхарт нь зочны өрөө болон гал тогоо бий. Гал тогооны дэргэд бие засах өрөө байрлана. Эдлэн дотор угаалгын өрөө байсангүй” гэж дүрсэлжээ.
Ер нь бол Флеминг энэ зохиолдоо угаалгын өрөө огт байхгүй талаар үе үе дурсдаг. Угаалгын өрөөнд зөвхөн тусгай албадын дарга нар л орох эрхтэй мэтээр өгүүлнэ. Мань хүн Москва хотод эмэгтэй тагнуулчдад зориулсан дотуур байрыг “бий болгодог” бөгөөд тэнд зөвхөн өндөр албан тушаалын хүмүүс л угаалгын өрөөтэй байх жишээтэй. Флемингийн бодлоор бол тэнд бүх эмэгтэй тагнуулчид түрүүчээсээ авахуулаад хурандаа цолтноо хүртэл амьдардаг байв. Зохиолын гол баатар болох түрүүч Татьяна Романова хоёр давхарт жижигхэн өрөөтэй байжээ. Энэ талаар зохиолч “Түүний өрөө энэ орчин үеийн үлэмж хэмжээтэй байшин дотор байрлах олон зуун өрөөнүүдийн нэг нь байсан юм. Энд эмэгтэй тагнуулчдын дотуур байр байрлаж байлаа. Уг барилгыг 1939 онд ялтнууд барьсан бөгөөд нийтдээ 2000 өрөө байв” гэж дүрслэв. Түүнийхээр бол энэ найман давхар барилгад 2000 өрөө байсан болж таарч байна. Мөн энэ номонд Зөвлөлтийн тагнуулын албаны төв байрны тухай дурсдаг. “СМЕРШ байгууллагын төв байр Сретенка гудамжин дахь томоо гэгчийн дүнсгэр байшин дотор байрлана. Дэргэдүүр нь явж өнгөрөгсөд гартаа автомат буу барьсан хоёр харуулынх нь өмнүүр нүдээ дальдчин яаравчлан явж өнгөрдөг” гэж бичжээ.
Байшин дотор, тодруулбал СМЕРШ байгууллагын даргын өрөөний ханыг хар ногоон өнгийн тосон будгаар будсан байх бөгөөд тэнд Сталин, Ленин, Булганин, Серов нарын жаазтай хөрөг зургуудыг өлгөсөн байх аж. Хамгийн сонирхолтой нь, тэр үед ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга байсан Хрущёвын хөрөг зураг тэнд яагаад ч юм байхгүй. Энд мөн янз бүрийн хэтрүүлэг дүрслэлүүдийг өгүүлнэ. Бас нэг сонирхолтой зүйл энэ номонд бий. СМЕРШ байгууллагын Төлөвлөлтийн хэлтсийн дарга нь Кронштейн гэгч нэгэн шатарчин байдаг юм. Тэрбээр Москва хотын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтод 5000 үзэгчийн өмнө өрөг нүүдэг билээ.
Oh, those Russians!
Зохиолч Ян Флемингийн номнуудыг унших юм бол Зөвлөлтийн ард иргэд ер нь их сонин янзын байдалтай мэт санагдана. Улсыг аюулаас хамгаалах байгууллагын ажилтан үзэсгэлэнт түрүүч бүсгүй Татьяна Романова сарын 1200 рублийн цалин авдаг нэгэн бөгөөд сонин янзын үйлдлүүд олныг хийнэ. Энэ бүсгүй хий юм хардаг нэгэн бололтой. Зохиолд энэ талаар “Бүсгүй буцлам халуун шөлийг чарганы ардаас элдэн хөөх чононууд дүрслэгдсэн тавганд хийгээд тийшээ талх үйрүүлж орхив. Улмаар гоёмсог гялтганах халбагаар хоолоо аажмаар идэж эхлэв. Энэ халбагыг тэр хэдэн долоо хоногийн өмнө “Москва” зоогийн газар нэгэн хөгжилтэй бүлэг хүмүүстэй хамт оройн зоог барихдаа сэмхэн цүнхэлж орхисон билээ” гэж бичсэн аж.
Хоёрдугаар хэлтсийн дарга Роза Клебб гэхэд л тарчлаан зовоогч, салан задгай нэгэн төдийгүй ижил хүйстнээ сонирхогч байдаг юм. Татьяна Романова түүний өрөө рүү орж ирэхэд тэнд байх үнэр танар түүнийг давхийлгэнэ. “Зуны аагим халуун өдөр метрон дотор байдаг шиг бүгчим орчин. Хямд үнэртэй ус. Түүгээр хөлс болон усанд ороогүй биеийнхээ үнэрийг дарах гэж оролддог юм. Оросууд элдэв үнэртэй ус, сүрчигийг хайр найргүй хэрэглэнэ. Тэд биеэ угаасан эсэхээс үл хамаарч түүнийг биедээ шавшина. Ихэвчлэн биеэ угаагаагүй үедээ хэрэглэнэ. Харин эрүүл саруул, ариун цэвэрт дуртай хүүхнүүд ажлаа тараад гэртээ явганаар харихыг илүүд үзнэ. Тэд бүгчим халуун болон энэ эхүүн үнэрээс зайлсхийх гэж тэгдэг юм” гэж оросуудыг доош хийжээ.
Роза Клебб Таняг франц оргилуун дарсаар угжиж, Швейцарь чихрээр дайлна. Дараа нь ёсзүйн зарчмуудыг умартан Жэймс Бондыг өвөртөө оруул хэмээн шаардана. Энэ талаар зохиолд “Та тэр эрэгтэйтэй уулзаад түүнийг урхиндаа оруулах ёстой. Та ичиж зовно гэдгээ мартвал зохино. Таны бие цогцос улсын мэдэлд байна. Төрсөн цагаас чинь авахуулаад улс таныг хооллож, хүмүүжүүлсэн. Тэгэхээр одоо таны бие улсын төлөө зүтгэх ёстой” гэж өгүүлэв. Дараа нь хурандаа Клебб нөгөө өрөө рүү ороод ягаан өнгийн унтлагын цамцтай эргэж ирэн гурван ширхэг бохир дэрэнцэртэй буйдан дээр суугаад өөрийн ажилтанд гэрэл унтраан “дотно танилцах”-ыг санал болгоно. Цаадахь нь айсандаа зугтааж одно...
Бонд болон түүнийг урхидагч бүсгүйн дотно уулзалт Туркийн нэгэн зочид буудалд болдог. Сонирхолтой нь, түрүүч Романова түүний өрөө рүү сэмхэн гэтэж ороод оронд нь чармай нүцгэн хэвтэж байдаг билээ. Туршуул 007 түүнд “Таны хувцас хаана байна вэ? Та энэ чигээрээ ийшээ нэвтэрч орж ирсэн хэрэг үү?” гэх сонин янзын асуултыг тавьдаг. “Үгүй дээ. Тэгж болохгүй биз дээ. Хувцас маань орон доогуур байгаа” гэж Татьяна хариулаад Бондыг Америкийн кино жүжигчинтэй нүгэлтэй адилхан хэмээн хошгируулна. Бонд хариуд нь ярвайсныг хараад бүсгүй ярианы сэдвийг маш хурдан өөрчлөөд түүнийг их зохиолч Лермонтовын нэгэн зохиолын гол баатартай тун төстэй юм гэж өгүүлнэ.
Тагнуулын албаны ажилтан эмэгтэй ийм тэнэг алдаа хийж болно гэж үү? Бонд хэн нэг жүжигчинтэй адилхан байж болно. Харин үүнийг түрүүч Романова мэдэхгүй байсан нь ойлгомжтой юм. Зохиолч Флеминг тухайн үеийн Зөвлөлт орны бодит байдлын талаар мэдэж байсан биз. Гэхдээ л тэр бодит байдлыг мушгин гуйвуулж, хэтэрхий уран зөгнөлд автжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ