Буудай, бууз, гурил гурвын үлгэр

Сар шинэ дөхөж л байтал буудай, бууз, гурил гурвын хэрүүл зодоон намжихгүй шинжтэй. Буудай ихэмсгээр хэлж байна гэнэ. Буудай надаар монгол гурил хийх л болно, урссан ч урсаагүй чби заавал гурил болох ёстой гэнэ. Тэгтэл гурил, чи бол чанаргүй эд би өөрийгөө чамаар хийх нь хийнэ гэхдээ өөр газар ургасан чанартай буудайг чамтай хольж л хийнэ хэмээн шазуур зууна. Дунд нь бууз: урссан муу гуриланд боосон намайг бөгсгүй, ёроолгүй хэмээн хүн бүхэн ад үзэж байна, та хоёрын хэрүүлээс би л хохирч байна хэмээн үглэнэ.
Үлгэрлэвээс яг л ийм байдал манай улсад үүсчихээд буудай ч гурил ч тэр аль аль нь өөрийн хүссэнээр бүхнийг шийдэх гэж улайрцгаах аж.
Баяраар түүхий буузтай байх вий гэсэн болгоомжлол сар шинэ дөхөх бүрт монголчуудад төрдөг.Учир нь дотоодын үйлдвэрүүдийн гурил чанар муутай байгаа тухай тогоо шанага нийлүүлдэг хэн бүхэн гомдоллох болсоор удаж буй. Зориг гарган хэрэглэгчдээсээ бүтээгдэхүүнээ татаж, захирал нь өөрийн биеэр уучлалт гуйх нэг компани байхад бусад нь ч худлаа хэлж хулгай хийхнээс наахнуур борлуулж л байвал гэсэн бодолтой нөхөд олон.
Эцсийн нөхцөл байдлыг гурил үйлдвэрлэгчид улаан буудайн чанар муутай холбон тайлбарлаж буй. Энэ нь ч үнэн. Уг шалтгаанаас болоод монголчуудын хувьд Цагаан сараар бууз, боовоо хийх гурилд сонголт бараг үлдсэнгүй. Адаглаад л орос гурил авъя гэхээр хэтэрхий өртөг өндөр.
Өөрөөр хэлбэл, нэг өрх 25 кг гурилаар бууз, боовоо хийдэг гэж тооцвол чамгүй мөнгө зөвхөн үүнд зарцуулна гэсэн үг. Үүн дээр мэдээж шар тос, ургамлын тос, мах, ногоо гээд шаардлагатай төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүний үнийг нэмбэл дунджаар нэг өрх 650 мянган төгрөгийг идэх зүйлд зарцуулах шаардлагатай гэсэн тооцоо ч бий. Ингээд үзвэл бидэнд үндэсний үйлдвэрийн гурил заавал худалдаж авахаас өөр гарцгүй.
Иймээс иргэд дотоодын үйлдвэрийн хямд гурил авч, улмаар чанаргүй хэмээн цоллосоор байгаа нь аргагүй юм.
Стандарт ёсоор бол дээд гурилд 28, нэгдүгээр зэргийн гурилд 30, хоёрдугаар зэргийн гурилд 25 хувийн цавуулаг агуулагддаг. Гэтэл өнгөрсөн арав, арваннэгдүгээр сард үйлдвэрлэсэн гурилын цавуулгийн хэмжээ 26 хувьтай байгаа юм. Уг нь үндэсний компаниуд ургац хурааж эхлэхэд л чанаргүй гурил гарах нь гэдгийг мэджээ.
Тэгвэл энэ байдлаас гарах арга зам ч тодорхой, гурил үйлдвэрлэгчид болон тариалан эрхлэгчдийн талцаж хэрэлдээд байгаа асуудлыг шийдэх шийдэл нь ч ойлгомжтой болгон төрөөс зохицуулалт хийж өгөөд байхад...
Монголчуудын нэг жилийн гурилын хэрэглээ 350 мянган тонн. Ийм хэмжээний гурилыг хийхэд 450 мянган тонн буудай ордог аж. Өнгөрсөн жил 350 мянгыг нь тариалан эрхлэгчид гурилын үйлдвэрүүдэд тушаачихсан. Үлдсэн 100 мянган тонн буудайг нь ОХУ-аас импортоор оруулж ирэх хүсэлтийг гурил үйлдвэрлэгчид гаргасан боловч үүнийг салбарын сайд 20 мянга болгож 5 дахин багасгасан байна. Энэ тоо ч гурилын үйлдвэрүүдийн хүсээд байгаа чанартай, цавуулаг өндөртэй гурил хийхэд монгол буудайтай холиход яг тохирсон тоо. Ингэснээр төр тариалан эрхлэгчдийн эрх ашгийг ч хөндсөнгүй гаднаас орж ирэх импортыг багасгалаа, гурил үйлдвэрлэгчдийн хүсэлтийг ч биелүүлж хольц болох орос буудайг нь оруулах зөвшөөрлийг нь өглөө.
Ингээд байхад л шунал ихэдвэл шулам болно гэдгийн үлгэрээр нөхөд давраад байгаа юм. Эцсийн дүндээ “бууз” буюу хэрэглэгч олон түмэн л ашиг харж улайрсан цөөн хэдэн нөхдөөс болж хохирч үлдэх нь харамсалтай.
М.Сонор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ