Аль Каида хүртэл "Исламын улс"-тай дайтна

Өнгөрсөн оноос эхлэн аюулын харанга дэлдэж эхэлсэн "Исламын улс" бүлэглэл харгис хэрцгий, хүний ёсноос гажууд аргаар тэмцэл хийж байгаа нь хэрээс хэтэрч байгаа тухай хэвлэлүүд зогсоо зайгүй бичиж байна.

Оны эхээр японы барьцаалагдсан хоёр иргэний дуулиан эмгэнэлтэйгээр төгсөж, араас нь Йорданы нисгэгчийг хэрцгийгээр хөнөөгөөд байгаа.

Тэгвэл Йорданы засгийн газар "Исламын улс" бүлэглэлийг даран сөнөөх ажилд гол үүрэг гүйцэтгэх болно гэдгээ зарлаад байна. Үүнийгээ ч ажил хэрэг болгож Ирак дахь "Исламын улс"-ын хяналтад байгаа газар нутагт агаарын цохилт хийх тоо, хэмжээг өсгөөд байгаа.

Йорданы армийн Ф16 сөнөөгч онгоцууд Иракийн хил даван агаарын цохилт хийх тоог өсгөхийн зэрэгцээ уржигдар хийсэн нэгэн үйлдэл хэвлэлийнхний анхаарлыг татаад байгаа юм. Учир юун гэвэл Йорданы байлдааны онгоцууд Сирийн Ракка хотод агаарын цохилт хийгээд буцахдаа хэт даврагсдад хөнөөгдсөн нисгэгч Касасбехийнхээ төрөлх тосгоны дээгүүр нисэж хүндэтгэл үзүүлсэн юм. Йорданы нисэх хүчинд найман жил алба хаасан Муаз Касасбехийн өшөөг авахын төлөө жихадистуудын төв цэг болоод байгаа Ракка хотыг газартай тэгшилнэ гэдгээ Йорданы арми мэдэгдсэн.

Тиймээс ч Ракка хотод хийж буй агаарын цохилтоо Йорданы тал улам хүчтэй хийж байгаа юм. Мөн Йорданы ван өөрийн биеэр Касасбехийн төрсөн тосгонд очиж төрөл төрөгсөдтэй нь уулзаж эмгэнэл илэрхийлсэн байна.

Ийнхүү Йордан улс идэвхжиж эхэлсэн нь "Исламын улс"-ын эсрэг тэмцэж буй Ирак, Сирийн засгийн газар болон автономит Курдын засгийн газрын цэргүүдэд давуу байдал үүсэж байгаа юм. "Исламын улс"-д агаарын цохилт хийж байгаа АНУ тэргүүтэй эвсэлд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират, Йордан зэрэг Ойрхи Дорнодын өндөр хөгжилтэй орнууд нэгдэн ороод байгаа. Учир нь "Исламын улс" бүлэглэл христийн шашинтнуудад төдийгүй хөрш зэргэлдээх баян тансаг Арабын орнуудад ч хүчтэй аюул занал учруулсаар байгаа юм.

Мөн ойрын хугацаанд болж буй бас нэгэн сонирхол татсан явдал болсон нь Йемен дэх Аль Каидагийн тэргүүн Абу Рахин аль Азизийн мэдэгдэл юм.

Энэ тухай “www.dailymail.co.uk” мэдээлсэн бөгөөдЙорданы нисгэгч Муаз аль Касабехийг амьдаар нь шатаагаад зогсохгүй шарил дээр нь чулуу овоолон дээгүүр нь дэвсэлж хүний ёсноос гажууд хэрцгий байдал үзүүлсэн нь түүний дургүйцлийг ихээр төрүүлсэн аж.

Тэрээр “Исламын улс бүлэглэл Йорданы нисгэгчийг амьдаар нь шатаасан. Хүнийг амьдаар нь шатаах нь исламын шашинд хориотой байдаг. Та бүхний энэ үйлдэл ад чөтгөрийн үйлдэл. Исламын шашныг гутаан доромжлохгүй байхыг сануулж байна, эс тэгвээс Аль Каида зэвсгийн амаа та нарын зүг эргүүлэхээс аргагүйд хүрнэ” хэмээсэн байна.

Улмаар Америкийн сайн дурын хүмүүнлэгийн ажилтан сэтгүүлч эмэгтэй Сирид амь насаа алдсан тухай мэдээлэл олон улсын хэвлэлүүдээр шуугиж эхэллээ.

Каила Мюллер хэмээх америк бүсгүй олон жил дэлхийн халуун цэгүүдэд хүмүүнлэгийн ажил хийж явсан бөгөөд Сирид болж буй иргэний дайнд өртсөн хүүхэд эмэгтэйчүүдэд туслах, шархтнуудыг асран хамгаалах үйлсэд нэгдэхээр Сирид хэдэн жилийн өмнө очсон бөгөөд 2013 оноос эхлэн сураггүй болсонд тооцогдож байсан юм.

Тэгвэл Каила Мюллерийг барьцаалагдсан эсэх нь батлагдаагүй, амьд байгаа эсэхийг нь мэдэх ажиллагаа ч мухардаад байсан үед "Исламын улс" нэгэн мэдээлэл гаргаад байгаа нь түүнтэй холбогджээ.

Каила Мюллерийг барьцаанд байсан бөгөөд агаарын цохилтод өртөж амь насаа алдсан хэмээн тэд мэдэгдсэн байна. Энэ талаар Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч мэдээлэл хийж одоогоор шалгаж байгаа амиа алдсан гэгдэж байгаа олзны эмэгтэйг Каила Мюллерийг мөн эсэхийг эцсийн байдлаар батлаагүй байгаа хэмээсэн байна.

"Исламын улс"-ынхны хэлж буйгаар бол Йорданы агаарын хүчний цохилтод өртсөн нэгэн байшинд Каила Мюллерийг хорьж байсан бөгөөд цаазлагдахаа хүлээж байсан эмэгтэйг бурхан өршөөлөө гэсэн байна. Каилаг алга болсон 2013 онд Сирийн засгийн газрын тусламжтайгаар америкийн тусгай албаныхан эрэл хайгуул явуулсан боловч сургийг нь гаргаж чадаагүй аж. Тиймээс амь үрэгдсэн эсхүл барьцаалагдсан талаар ямар ч таамаг дэвшүүлж чадаагүй өдийг хүрсэн байжээ.

Ийнхүү олон улсын анхаарлын төвд байгаа "Исламын улс" бүлэглэлийг тойрсон үйл явдлууд үргэлжилсээр байна.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ