Эхнэрээ тамлаж алсан эрийн ял олон нийтийг бухимдуулж байна

Англид 2010 онд цагаачлан очсон 37 настай Кувэйт эр Тахи Манаа өнгөрсөн гуравдугаар сард нэг эхнэрээ хэрцгийгээр тамлан хөнөөсөн ноцтой хэрэг үйлдсэн юм. Тэрээр шашныхаа уламжлалын дагуу дөрвөн эхнэртэй бөгөөд эхнэрүүдээ өөрт нь хүлцэнгүй байх ёстой гэсэн итгэл үнэмшилтэй нэгэн гэнэ. Түүний энэ үзэл нь олон нийтийн бухимдлыг багагүй төрүүлсэн юм.
Тухайн хэрэг гарсан үед хэргийн газарт очиход эхнэрийнх нь нүдэнд халив зоолттой байсан гэдгийг өмгөөлөгчид нь онцолж байжээ. Харин түүнд шүүхээс 23 жилийн ял оноосон нь олон нийтийн бухимдлыг улам дэврээгээд байгаа аж. Энэ талаар“Dailymail.co.uk” мэдээлсэн бөгөөд Шэффельд хотын шүүх хэрэгтнийг сэтгэл мэдрэлийн өвчтэй хэмээн үзсэн учраас ийм ял оноосон гэжээ.
Гэмт этгээд Тахи Манаа 28 настай байсан кувэйт эхнэр Сара Шоурефиг хоёр цагийн турш төмөр саваа, халив, өрөмдлөгийн машинаар тамласны улмаас эмэгтэй амиа алдсан байна. Тэрээр дөрвөн хүүхэдтэй байж. Хохирогчийн ар гэрийнхэн дээрх шүүхийн шийдвэрийг эрс эсэргүүцэж байгаа юм. Тэд гэмт этгээдийг хэрэг хийснийхээ дараа зугтахыг завдан аялал жуулчлалын компани руу холбогдсон гэдгийг хэлж, ийм хүн сэтгэцийн өвчтэй байх учиргүй хэмээн үзэж байгаа гэлээ.
Хохирогч эмэгтэйн биенд нийт 270 гаруй шарх байсан нь түүнийг олон жилийн турш гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсныг нотолж байгаа юм.
Г.Уянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ