Хонхны баяр лонхны болон талбайг даржээ

Жанжны талбай архины лонхонд дарууллаа. Хэлэх ч үг алга. Хэдхэн хоногийн өмнө болсон Олон улсын нэгэн хурлын далимаар “усанд орж, хувцсаа солин” овоо өнгө орсон юмсан. Одоо ч эргэлт, буцалтгүй гундах нь ээ. Жил бүрийн өдийд орон даяар хонхны хэмээх сургууль төгссөний баяр болдог уламжлалтай. Улаанбаатарчуудын хувьд тэр баяраараа хамгийн түрүүнд очдог газар нь Сүхбаатарын талбай юм. Эл баяр өдийд бараг өдөр алгасалгүй тохиох тул талбай “амарна” гэж байхгүй л дээ. Чингисийн болон Сүхийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, патиараа татуулах төгсөгчид маань том, багагүй нэгэн ёслол үйлддэг нь арай зөөлхөн хэлбэл сэржим өргөх билээ. Хатуухан хэлчихвэл, архидалт болой. Эндээс эхтэй архидалт үргэлжилсээр эрүүлжүүлэхээр дуусах нь ч бий. Тэр ч яахав. Гараад явчихдаг л юм байгаа биз. Хамгийн сонирхолгүй зүйл бол төв талбай дааж ядталаа хогт даруулах юм. Хог, хогийн дотор хорлонтой хог бас байх. Тэр бол, тамхины иш, архи, дарсны шил тэргүүтэн. Манай залууст зүрх, сэтгэл гэж үнэндээ алга. Авч яваад хогийн цэгт хаячихад гараас нь уначих юм баймгүй санагдана. Автобусандаа тээж яваад хаа дайралдсан хогийн цэгт орхичихно биз. Гэтэл тэгэхгүй байна. Талбай яг одоо зураг дээр байгаа шиг төрхтэй болжээ. Хэд гурваар нь, хэсэг бусгаар нь хаясан, овоолсон архины шил харагдах нь харуусмаар. Хэсэг оюутанд, “Дүү нар хогоо авч яваад хаячихаач” гэвэл, “Хог түүдэг хүмүүс авчих байлгүй дээ” гэх. Тийм байж болох. Тэгэхэд хүрвэл ядаж эмхэлж тавимаар байна. Тамхины хяналтын хууль ёстой үйлчилдэггүй бололтой. Оюутан охид, хөвгүүд хундага тулгангаа тамхилаад, ишийг нь гишгэж орхих нь даанч хүнийрхүү. Дээрээс нь бас нулимаж орхихыг нь яана. Тамхины иш, архи, дарсны шил дээр шүлсээ нэмдэг нь ч юу билээ. Хотыг ч жинхэнэ бузарлаж байна даа, энэ оюутнууд. Хонхны баяр ийнхүү лонхны болон жанжны талбайг даржээ. Цэвэрлэх гэж ТҮК-ийн гэх, шар, ногоон хувцастангууд үүр цайтал зовох байх даа. “Эх орныхоо зүрх болсон ганц газрыг ингэх ч гэж дээ” гэхээс өөрийг төсөөлж үл чадав.
Г.Насан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ