Уитни Хьюстоны охины амьсгалын аппаратыг өнөөдөр салгана

Алдарт дуучин агсан Уитни Хьюстон яг одоогоос гурван жилийн өмнө энэ өдөр буюу хоёрдугаар сарын 11-ний өдөр 48 настайдаа хорвоогоос хальсан билээ.
{!!!right!!!}Түүнийг Лос Анжелос дахь зочид буудалд кокаин хэрэглэсний дараа санамсаргүй ваннтай усанд живсэн, үүнд мөн зүрхний өвчин нөлөөлсөн хэмээн дүгнэлт үйлдсэн байдаг.
Харин түүний ганц охин болох өдгөө дөнгөж 21 настай Бобби Кристина Брауныг мөн угаалгын өрөөндөө дүүрэн устай ванн дотор ухаангүй байдалтай байхад нь олсон юм. Цагдаагийн албаныхан бүсгүйг эмнэлэгт эмчлүүлж байгаа тухай мэдэгдээд ээжийнхээ үхлийн шалтгаантай төстэй байдлаар эмнэлэгт хүргэгдсэн хэмээн мэдээлсэн.
Бүсгүйн үеэл ах Жерод Браун Кристинаг ухаангүй байгаа гэх мэдээлийг үгүйсгэж тун сайн байгаа хэмээн хэлж байлаа. Гэвч эмнэлгийнхний хийсэн мэдээллээр тэрээр ухаангүй байгаа бөгөөд үхэл амьдралын заагт байгаа юм.
Түүнд эргэн сэргэх найдлага маш бага үлдсэн тул түүнийг хэр удаан амьд байлгах сонголтыг гэр бүлд нь үлдээсэн байна. Ойрын эх сурвалжийнх нь “People” сэтгүүлд ярьснаар гэр бүл болон найз нөхөд нь эмнэлэгт ирж түүнтэй салах ёс гүйцэтгэж байгаа бөгөөд Кристинагийн эцэг Бобби өдөржин шөнөжин уйлж суугаа ажээ.
Охиныг удаан зовоохгүйн тулд ээжийнх нь таалал төгссөн энэ өдөр буюу хоёрдугаар сарын 11-нд амьсгалын аппаратыг салгахаар болсон хэмээн “New York Post” мэдээлэв. Ээж, охин хоёр ингээд үүрд мөнх хамтдаа байх болно гэж төрөл төрөгсөд нь хэлж байна. Хамгийн гол нь тэд охиныг удаан зовоохыг хүсээгүй тул ийм шийдвэрт хүрчээ. Харин цагдаа нар энэ шийдвэрийг эсэргүүцэж магадгүй юм. Учир нь Кристинаг нөхөр Ник Гордон нь алахыг завдсан байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа аж.
Уитни Хьюстоны охин Кристина өсвөр наснаасаа архи, хориотой эм тариа хэрэглэж байсан бөгөөд эхийнхээ үхлийг маш хүндээр хүлээн авч, хоёр ч удаа эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн билээ. Иймээс төрөл садан нь түүнийг эхийнхээ хувь заяаг давтах вий хэмээн ихэд эмээж байсан гэнэ. Кристинагийн ухаан алдсан шалтгаан одоогоор тодорхойгүй, эхний нэгжлэгээр гэрээс нь ямар нэгэн мансууруулах бодис олдоогүй ч хоёр дахь удаагийн нэгжлэгээр зориулалт нь тодорхой бус эмнүүд олдсон гэдгийг эх сурвалжууд мэдээлж байгаа юм.
Г.Уянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ