Дронууд зөөгч хийж байна

Нисгэгчгүй нисдэг төхөөрөмжийг олон янзаар бүтээж, өөрсдийн ажил, амьдралдаа ашиглаж байна. Энэ нь нэг талаараа хүний ажлыг хөнгөвчлөх зэрэг олон талын ашигтай ч нөгөө талаар хүмүүсийн ажлын байрыг булааж магадгүй болжээ.
Сингапурт дронууд зөөгч хийж эхэлжээ. Зөөгч-дрон 2,5 кг жин бүхий ачааг зөөвөрлөх чадалтай. Одоогоор хоёр тооны үйлчлүүлэгчид пицца, шар айргийг төвөггүйхэн хүргэж үйлчилдэг юм байна. Үүнийг сэдсэн рестораны эзэн удахгүй үүнийгээ дроны флот болгох санаатай байгаа аж. Тэд зөөхөөс гадна цэнэг нь дуусах гэх мэт ямар нэгэн саатлын үед хүмүүсийг онохгүй байхаар бүтээгджээ. Энэхүү дрон нь Инфиниум хэмээх дрон үйлдвэрлэгч компанийн бүтээл гэнэ. Зөөгч-дрон захиалга авч чаддаггүй тул тэндэхийн ажилчид ямартай ч ажилгүй болох тал дээр ойрын хугацаанд санаа зоволтгүй юм байна.
Дашрамд сонирхуулахад, хамгийн жижиг дрон нь ердөө 20-хон грамм буюу дөрвөн ширхэг бичгийн цаастай дүйцэхүйц хэмжээтэй. Энэ төхөөрөмж нь спортын торгон агшин, тоглолтын мартагдашгүй хэсэг бүрийг нарийвчлан бичих чадвартай аж. Хамгийн том давуу тал нь гэвэл хэдийгээр жижиг ч гэсэн гурван хэмжээстэй, мөн маш өндөр нягтралтай дүрсийг бичих бүрэн боломжтой гэнэ. Энэхүү бүтээлийг Голландын эрдэмтэд бүтээжээ.
Г.Уянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ