АНУ шинэ дайн хийнэ

Ерөнхийлөгч Барак Обама Лхагва гарагт Конгрессоос Исламын улсын эсрэг цэргийн ажиллагаа явуулах эрхийг албан ёсоор хүслээ. Тэрээр “Энэ хэдий хэцүү даалгавар боловч бидэнд алдах эрх байхгүй. Олон улсын эвсэл одоогоор цохилт өгч байна. Харин хэт даврагчид хамгаалалтын байдалтай байгаа. Бид Исламын улсыг ялах болно” гэж мэдэгджээ.
Довтолгооны төлөвлөгөө нь системтэйгээр агаарын цохилт өгөхөд төвлөрч байгаа ба газраар зөвхөн дайтаж байгаа армид сургалт, дэмжлэг үзүүлэх, мөн хүмүүнлэгийн арга хэмжээнүүд байх гэнэ.
"Манай улс Ойрхи Дорнодод дахин газрын дайн хийх хэрэггүй гэдэгт би итгэлтэй байна. Ингэх нь манай үндэсний аюулгүй байдлын сонирхолд нийцэхгүй. Бас Исламын улсыг ялахад ингэх хэрэгцээ байхгүй юм" гэж Обама онцоллоо.
Мөн хуулийн төсөлд Исламын улс бүлэглэлийнхний гарт амиа алдсан Америк иргэд Жэймс Фолей, Стивен Сотлофф, Абдул Рахман Питер Кассиг, Кайла Мюллер нарын нэрийг дурдсан байгаа гэнэ.
АНУ тэргүүтэй олон улсын эвсэл өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн хэт даврагчдын байршилд цохилт өгч байгаа билээ. 2002 онд Жорж Буш Иракт цөмрөн орсноос хойш АНУ-ын Ерөнхийлөгч шинээр цэргийн ажиллагаа эхлүүлэх хүсэлтийг тавьж байгаагүй юм.
Тус санал дэд Ерөнхийлөгч Жо Байден болон Төрийн нарийн бичгийн дарга, Батлан хамгаалахын сайд нарт хүргэгджээ. Конгрессын зарим гишүүд энэхүү цэргийн ажиллагаа явуулах саналыг дэмжиж байгаа аж. Хэрэв Конгресс үүнийг дэмжвэл АНУ онцгой нөхцөлдхуурай замаар цэрэг оруулан дайны үйл ажиллагаанд оролцох боломжтой болно.
Саяхан Исламын улсын хэт даврагчдын барьцаанд байсан АНУ-ын иргэн Каила Мюллерийг амиа алдсан болох нь батлагдсан юм. Хэт даврагчид Каила Мюллерийг Иорданы явуулж буй бөмбөгдөлтийн үеэр амиа алдсан гэж мэдэгдсэн бол Иорданы тал үүнийг үгүйсгэж байгаа аж. Вашингтон ч АНУ-аар удирдуулсан эвслийн хүчин энгийн иргэдийн байршилд агаарын цохилт өгсөн гэх баталгаа байхгүй гэж мэдэгдсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ