Игуаладаг улбар шар манан бүрхжээ

Испанийн Барселон хотын ойролцоох Игуалада хотын химийн аж үйлдвэрийн цогцолборт дэлбэрэлт болж, хотод онц байдал зарлаад байна. Дэлбэрэлтийн улмаас агаарт их хэмжээний химийн бодис тархаж, улбар шар өнгө бүхий нунтаг хотыг нилэнхүйд нь бүрхжээ. Одоогийн байдлаар уг хорт бодисонд гурван хүн хордсон гэдгийг нутгийн эрх баригчид мэдэгдээд байгаа юм. Тиймээс үйлдвэрийн ойролцоох хэд хэдэн замыг хааж, оршин суугчдыг цонхоо хаахыг анхааруулж, өндөр настан болон хүүхдүүдийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ.

Салхи багатай байгаа болохоор хорт бодистой үүлний тархалт удаан байгаа аж. Орон нутгийн “Ла Вангуардиа” сонинд бичсэнээр үйлдвэр өчигдөр 09:00 цагийн үед дэлбэрсэн бөгөөд идэмхий, хорт азотын хүчлийн нэгдэл агаарт тархсаныг мэргэжилтнүүд тайлбарласан байна. Харин ослын шалтгаан нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд ачааны машин химийн бодис буулгах үед уг осол гарсан байх магадлалтай гэнэ.

Г.Уянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ